Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2020/02586/И |
Дугаар | 001/ХТ2022/01244 |
Огноо | 2022-12-08 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2022/01244
Ж гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03156 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00122 дугаар магадлалтай, Ж гийн нэхэмжлэлтэй Б д холбогдох Үндэслэлгүй хөрөнгөжсөн 33,485,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хэрлэнчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг, Г.Баяржаргал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Б д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 33,485,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03156 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б гаас 16,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж д олгож, үлдэх 17,485,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 237,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00122 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03156 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч Б д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс 33,485,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ж гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн 00122 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.21-ний өдрийн 102/ШШ2020/03156 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан. Харин давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалд хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ж нь хэдийгээр 2015.11.06-ны өдөр А гаас 36 сая төгрөгийн зээл авсан мэтээр Зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч бодит байдал дээр Ж нь тухайн өдөр зээл огт аваагүй, харин 2015 оны 8 дугаар сард 30 сая төгрөгийг эхнэр, нөхөр А , Б нараас авсан. Өөрөөр хэлбэл, эхнэр, нөхөр хоёулаа Зээлийн гэрээний оролцогч, тэр тусам 30 сая төгрөг нь эхнэр Б гийн мөнгө учир төлбөрийг зөвхөн түүний данс руу л хийх ёстой гэх ойлголтыг Ж д өгсөн. Тийм ч учраас нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг зөвхөн хариуцагч Б гийн дансанд шилжүүлж, түүнтэй харилцаж байсан гэх үндэслэл бүхий үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх нь “ ... нэхэмжлэгч нь А н зөвшөөрлөөр ... 41,200,000 төгрөгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх “... Б гийн дансанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг А н зөвшөөрлөөр хийгдсэн үүргийн гүйцэтгэл мөн гэж зөв дүгнэсэн” хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Энэ нь нэхэмжлэгч Ж нь хариуцагч Б г үүрэг хүлээн авах эрхтэй этгээд гэж үзэж төлбөр шилжүүлснээс бус А н зөвшөөрлөөр эрхгүй этгээдэд үүрэг гүйцэтгэсэн зүйл биш юм. Түүнчлэн А нь нэхэмжлэгч Ж гаас эхнэр Б руу шилжүүлсэн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна өөрт ашиг олсон гэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Б нь Ж гаас хүлээн авсан зээлийн төлбөрийг А д шилжүүлээгүй нь Иргэний хуулийн 211.2-т зааснаар “үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцох” нөхцөл тогтоогдоогүй байхад А нь эхнэр Б г зээлдэгч Ж гаас зээлийн төлбөрийн үүрэг хүлээн авч байсныг мэдээгүй, энэхүү үүргийн гүйцэтгэлээс ашиг олоогүй гэдэг нь түүний Эвлэрүүлэн зуучлалд хандан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хүү, алданги, үндсэн төлбөр нийт 94,640,000 төгрөг, үүнийг 50 сая төгрөг болгон эвлэрэх хүсэлт гаргаснаас харж болно. Тодруулбал, А нь Эвлэрүүлэн зуучлалд хандахдаа, зээлдэгч Ж г зээлийн төлбөрөө огт биелүүлэхгүй байгаа буюу хугацаанд нь биелүүлэхгүй талаарх утга агуулга бүхий өргөдөл гаргасан нь тус иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нөгөөтээгүүр А нь түүний эхнэр Б д зээлийн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн талаар мэдээгүй, зөвшөөрөөгүй учраас Эвлэрүүлэн зуучлалд хандахдаа, Ж гаас эхнэр Б гийн данс уруу шилжүүлсэн зээлийн төлбөрийн талаар огт дурдаагүй, зөвхөн эвлэрлийн гэрээгээр 30 сая төгрөгийн зээлийн гэрээний маргааныг шийдвэрлүүлэхийг хүссэн, мөн шүүгчийн захирамжийг биелүүлэх талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр авагч А нь нэхэмжлэгч Ж гаас хариуцагч Б руу гүйцэтгэсэн үүргийг тооцохгүй, хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэл бүхий үйл баримт хэрэгт авагдсан байхад төлбөр авагч А нь дээрх 54,950,000 төгрөгөөс 21,465,000 төгрөгийг төлбөрт авч буйгаа зөвшөөрсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа мөн хэмжээгээр багасгасан. Харин шүүх “...Ж гаас 6,750,000 шилжүүлснийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгө гэж үзэх үндэслэлгүй. ... Хаан банк дахь 5022610175 дугаар данс нь ... гэрч Д ын эзэмшлийн данс ... нэхэмжлэгч нь гэрчээр дамжуулж хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна” гэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Гэтэл анхан болон давах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас дээрх 6,750,000 төгрөгийн асуудал нь одоо Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Г ийн нэхэмжлэлтэй, Ж д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,000,000 төгрөг, алданги 1,880,000 төгрөг нийт 8,880,000 төгрөг гаргуулах тухай шаардлагад шууд хамааралтай, Ж нь энэ зээлийн гэрээний төлбөрт 4,300,000 төгрөг төлж үүрэг гүйцэтгэсэн талаар тайлбарыг гаргасан. Мөн тэр байтугай гэрч Д нь нэхэмжлэгч Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, 6,750,000 төгрөг нь Ж д хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрч мэдүүлсээр байхад, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 заалтыг хэрэглээгүй, нэхэмжлэгч талын болон гэрчийн мэдүүлгийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэнгүй. Түүнчлэн үүгээр шүүх Г ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хожим Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах үндэслэл бий болохоор байхад нэхэмжлэгч Ж нь хариуцагч Б г зээлийн гэрээний оролцогч биш этгээд буюу тэдгээрийн хооронд төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэдгийг хожим мэдсэн, түүнчлэн түүний гүйцэтгэсэн үүргийг төлбөр авагч А хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Б д гүйцэтгэсэн зээлийн төлбөрийн талаар мэдээгүй, үүнээс ашиг олоогүй гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө өөрт олж авсан этгээд болох хариуцагч Б , үүрэг гүйцэтгэгч нэхэмжлэгч Ж нарын хооронд анхнаасаа үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 33,485,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байхад анхан болон давах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, дээрх байдлуудаас үзвэл, эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн зүйл нь Ж , Б нарын хооронд үүссэн маргаанаас тусад нь ялгаж салгаж авч үзвэл зохих маргаан байхад анхан болон давах шатны шүүх нь хариуцагч Б г төлбөр авагч А н эхнэр гэх үүднээс асуудалд хандаж энэхүү иргэний хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.21-ний өдрийн 102/ШШ2020/03156 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн 00122 дугаар магадлалыг хүчингүй болгох байдлаар хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: 5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. 6. Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Б д холбогдуулан 54,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ 33,485,000 төгрөг болгон багасгажээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ “....анх 2015 оны 7 дугаар сард А гаас 30,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд 2015.11.01-ний өдөр хүү алданги тооцоод 36,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, уг зээлийг төлөх талаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг А д төлөхөөр болсон, уг мөнгийг эхнэр Б гийн данс руу шилжүүлээрэй гэсэн тул төлбөрийг түүний дансанд хийж байсан, нийт 54,950,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад 21,465,000 төгрөгийг төлсөн, миний тэтгэврийн данснаас 2,000,000 төгрөгийг суутгаж авсан, шүүхийн шийдвэрт заасан 50,125,000 төгрөгөөс хасвал 33,485,000 төгрөгийн хэмжээнд хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ, Ү тай гэрээ байгуулаагүй, түүнд үндэслэлгүй мөнгө шилжүүлсэн...” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй, 21,465,000 төгрөгийг төлсөн байгаа, шүүхээр шийдүүлсэн асуудлаар нэхэмжлэл гаргасан байна, нэхэмжлэгчийн төлж байсан мөнгө нь Батманлайд өгөх төлбөр юм, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн байна. 7. Анхан шатны шүүх хариуцагчаас 16,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч нь 50,000,000 төгрөг төлөх үүргийг А н өмнө хүлээсэн, гэтэл 16,000,000 төгрөгийг үүрэг бүхий этгээдэд бус Б д шилжүүлснийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ...” гэсэн дүгнэлтийг хийжээ. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийг хэрэглэж, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу А хүлээн зөвшөөрч, төлбөрөөсөө хасч тооцсон байхад хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэсэн дүгнэлтийг хийж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. 8. Хэрэгт байгаа баримтын хүрээнд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.25-ны өдрийн 101/ШЗ2017/15947 дугаар шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулсан байх ба 2019.02.04-ний өдрийн 195 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Ж гаас 50,000,000 төгрөг гаргуулан А д олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, нэхэмжлэгч нь 21,465,000 төгрөгийг төлсөн, үүнээс 16,000,000 төгрөгийг хариуцагч Б гийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх бөгөөд мөн зүйлийн 211.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч нь А тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2015.08.02-2018.11.01-ний өдрийн хооронд нийт 48,200,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс 41,200,000 төгрөгийг хариуцагч Б хүлээн авсанд А маргаагүй, үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн байх тул үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр /шүүгчийн захирамж/ гарснаас хойш нэхэмжлэгчээс хариуцагчийн данс руу шилжүүлсэн 16,000,000 төгрөг нь А д төлөх 50,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд тооцогдсон болох нь иргэн А н Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан тайлбараар тогтоогдсон, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Энэ талаар буюу шүүх нотлох баримтыг хуульд зааснаар дүгнэж чадаагүй, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв. 9. Дээрх баримтаар нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэл бүхий болсон, зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00122 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 2. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2021/02155 дугаар шүүгчийн захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА Б.МӨНХТУЯА Д.ЦОЛМОН Х.ЭРДЭНЭСУВД
|