| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 119/2026/0035/З |
| Дугаар | 221/МА2026/0601 |
| Огноо | 2026-08-20 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2026/0601
О ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 119/ШШ2026/0048 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: О ХХК
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тус газрын тендерийн үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: А ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.Б
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Т
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 119/2026/0035/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 119/ШШ2026/0048 дугаар шийдвэрээр “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж, А ХХК-ийн тендерийг хянан үзэж, үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр, А ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлага болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ДБ-112-12/813 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/12315 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоотын дагуу О ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Шүүхийн шийдвэрийн дүгнэх хэсгийн 3.35-д “Үнэлгээний хороо А ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т "Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1. энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2. санал болгосон бараа, ажил, үйлчилгээ тендер тодорхойлолтод нийцсэн байх” гэж заасныг зөрчиж, тендер шалгаруулалтын баримт бичгийн тодорхойлолтод заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэхдээ зөвхөн харьцуулсан хүснэгтээр шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ. Мөн 3.45-д “Иймд зөвхөн “дүйцүүлэх бараа” санал болгосон бол нотлох баримт ирүүлнэ гэж тайлбарлаж байгаа нь тендерийн шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичигт захиалагчийн шаардсан бараа эсхүл дүйцүүлэх бараа аль алийг нь санал болгож байгаа нөхцөлд тухайн тендерт оролцогч өөрийн санал болгож буй барааны техникийн үзүүлэлтийг нотлох баримтыг ирүүлэхийг шаардсан байгааг тендер шалгаруулалтын баримт бичигт тодорхой заасан байгааг анхаарах нь зүйтэй” гэжээ.
2.2. Шүүх “Үнэлгээний хороо харьцуулсан хүснэгтэд үндэслэн А ХХК-ийн санал болгосон барааг техникийн шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендер шалгаруулалтын баримт бичгийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна. Тендер шалгаруулалтын баримт бичиг (ТШББ)-ийн 17.3-т “Оролцогчийн санал болгож буй бараа нь ІІІ бүлэгт заасан техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримтыг өгөгдлийн хүснэгтэд зааснаар тендерт ирүүлнэ” гэж, ТШББ-ийн Өгөгдлийн хүснэгт (ӨХ), ТШЗ 17.5.1-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл техникийн тодорхойлолтод бүрэн нийцсэн бараа санал болгосон оролцогч нь зөвхөн техникийн үзүүлэлтийн харьцуулсан хүснэгт ирүүлэх шаардлага тавьжээ. Харин ӨХ-ийн 17.5.2-т “Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна” гэж тусгайлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл нэмэлт нотлох баримтыг бүх оролцогчоос шаардаагүй, зөвхөн техникийн үзүүлэлтээс зөрүүтэй, эсхүл техникийн тодорхойлолтоос өөр (“эсхүл түүнтэй дүйцэх”) бараа санал болгосон тохиолдолд хавсаргахыг тусгайлан шаардсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.5 дахь хэсгийн зохицуулалттай нийцэж байгаа бөгөөд уг заалтаар зөвхөн “эсхүл түүнтэй дүйцэх” бараа санал болгосон оролцогч тухайн бараа нь техникийн тодорхойлолттой дүйцэх болохыг нотлох үүрэгтэй байна. А ХХК нь тендерийн баримт бичиг (ТББ)-ийн 12-22 дугаар хуудсанд захиалагчийн техникийн тодорхойлолтод бүрэн нийцсэн барааг санал болгож, техникийн үзүүлэлт бүрийг хүснэгтийн дагуу харьцуулсан нь ТШББ-ийн 17.3, ӨХ-ийн 17.5.1-д нийцэж байгаа болно. (ТББ нь CD хэлбэрээр хэргийн материалд хавсаргагдсан.)
2.3. Гэтэл анхан шатны шүүх ТШББ-т урьдчилан тогтоогоогүй шаардлагыг тендерт оролцогчоос шаардсан нь ТШББ-т шинэ шаардлага нэмсэнтэй адил үр дагавар үүсгэж, зөвхөн ТШББ-т заасан шалгуур, нөхцөлийн хүрээнд үнэлэх төрийн худалдан авах ажиллагааны үндсэн зарчимтай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн А ХХК-ийн тендерийг хянан үзэж, үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр, “А" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоосон хэсгийг хүчингүй болгож, тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1.Нэхэмжлэгч О ХХК-иас анх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тус газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “...А ХХК-ийн тендерийг хянан үзсэн, тус тендерийг үнэлсэн захиалагчийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/813 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас А ХХК-д Гэрээ байгуулах санал хүргүүлсэн шийдвэр-ийг тус тус хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/12315 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоотын дагуу О ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны актууд нэгэнт хэрэгжиж, гэрээний дагуу бараа нийлүүлэгдсэн учир дээрх актуудыг “хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн маргажээ.
2.3.Анхан шатны шүүх “... О ХХК-ийн санал болгож буй Цахилгаан хаалт 30ч906бр Ду50 хаалтын техникийн үзүүлэлтийн харьцуулсан хүснэгтэд мэдээлэл ирүүлээгүй боловч тухайн барааны катологи, түүний орчуулгад ажлын даралт 16 Мпа гэсэн мэдээлэл байгаа тул тендерт оролцогч нь тендер шалгаруулалтын баримт бичгийн III бүлэг. Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага-д зааснаар өөрийн санал болгож буй барааны үзүүлэлт буюу 16Мпа гэсэн мэдээллийг харьцуулсан хүснэгтэд үнэн зөв бичиж, шаардлагатай тайлбарыг хамт ирүүлэх боломжтой байжээ. Гэтэл харьцуулсан хүснэгтэд Цахилгаан хаалт 30ч906бр Ду50 барааны техникийн үзүүлэлтийн ажлын даралтын мэдээллээ харьцуулсан хүснэгтээр огт ирүүлээгүй, тухайн барааны катологи, түүний орчуулгад ажлын даралт 16 Мпа гэсэн мэдээлэл байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлт, түүний тодруулгад заасан 25 Мпа гэсэн шаардлагад нийцээгүй ... тендер шалгаруулалтын баримт бичгийн Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад ...Захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулахгүй байх..., Зөвхөн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг бичнэ гэсний дагуу харьцуулсан хүснэгтэд өөрийн санал болгож буй барааны мэдээллийг бичиж, тухайн барааны үзүүлэлтийг нотлох баримт бичгийг хавсарган ирүүлэх нь шаардлага хангана. Иймд А ХХК-ийн тендерийг хянан үзэж, үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр, А ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдож байна” гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч болон хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргаагүй.
2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан.
2.5.Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Төрөл бүрийн ган болон ширмэн хаалт ЭҮТӨҮГ/20250102799 дугаартай тендер”-т захиалагчийн байгуулсан үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаар гуравдагч этгээд А ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулж, тус компанитай гэрээ байгуулах эрх олгосон, уг шийдвэрийн дагуу захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Худалдах худалдан авах” 2026/17-Н-189 дугаартай гэрээ байгуулагдаж, улмаар уг гэрээ хэрэгжээд дууссан үйл баримтууд тогтоогдсон.
2.6.Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн “захиргааны акт хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн дараа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А ХХК-ийн тендерийг хянан үзэж, үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр, А ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болжээ.
2.6.Гэвч гуравдагч этгээд А ХХК нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.5-д заасан санал болгож буй бараа тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцсэн болох баримтыг ирүүлээгүй байх бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж тус тус заасанд нийцээгүй, хууль бус шийдвэр болох нь тогтоогдож байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
2.7.Дээрх байдлаар гуравдагч этгээд А ХХК-ийн тендерийг хянан үзэж, үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр, А ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүд нь нэгэнт хууль бус байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасанд нийцсэн байна.
2.8.Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээд нь цаашид энэ төрлийн тендерт оролцох эрхтэй учир үнэлгээний хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянуулж, буруу эсхүл зөв болохыг тогтоолгосноор дараагийн тендер шалгаруулалтын үйл ажиллагаа алдаагүй, зөв хэрэгжих, тендерт оролцогч нарт өрсөлдөх тэгш боломжийг бүрдүүлэх, дахин ийм алдааг гаргахгүй байх үр дагаврыг үүсгэхээр байх бөгөөд энэ утгаараа нэхэмжлэгчид сэргэх ашиг сонирхол байна гэж үзэх үндэслэлтэй байна.
2.9.Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Тендер шалгаруулалтын зааварчилгааг буруу тайлбарласан” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 119/ШШ2026/0048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.ОДМАА