Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 134/ШШ2021/00043

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион Оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6, ******* цамхагт байрлах, ******* ХХК-ийг төлөөлж, Хэнтий салбарын /РД: 2693321, утас: 99088632/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1978 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Төмөр замын хувь байр, 2а тоотод оршин суух, Сад овогт С-ийн О /РД: , утас:/-т холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 23,619,393.34 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхцэцэг, хариуцагч*******, нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлж, Хэнтий салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн*******, М.Гантулга нар нь *******ны Хэнтий салбарын Өмнөдэлгэр тооцооны төвөөс 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ201542396639 тоот зээлийн гэрээ байгуулан 28,700,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, шинээр 6 нэрийн дэлгүүр нээх /Бизнесээ өргөтгөх/ дотоод заслаа хийх, лангуу худалдан авах зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд зайрмагны хөлдөөгч 1ш, хөлдөөгч 1 ш, том хөргүүр 1 ш, Шарп маркийн угаалгын машин 1 ш, шарах шүүгээ /цагаан/ 1 ш, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт байрлах 84 м.кв талбайтай, үйлчилгээ, агуулахын зориулалттай улсын бүртгэлийн Ү-1808000047 дугаартай, 000087762 гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт байрлах, 375 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-1808000012 дугаартай, 221500881 нэгж талбарын дугаартай, 000131205 гэрчилгээний дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн Төвийн Айраг 9 дүгээр гудамжны 04 тоотод байрлах, 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1808000174, 000393317 гэрчилгээний дугаартай, хувийн сууц, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн Төвийн Айраг 9 дүгээр гудамж, 04 тоотод байрлах, 1929 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-1808000403 дугаартай, 2314001701 нэгж талбарын дугаартай, 000332338 гэрчилгээний дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар тус тус барьцаалсан.

Зээлдэгч*******, М.Гантулга нар нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 19,958,864.2 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,900,529.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,226.94 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 1585 хоногоор хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7.1 дэх заалтыг үндэслэн зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлүүлэх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүний төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч М.Гантулга нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нд нас барсан. Зээлийн төлбөр 2020 оны 12 дугаар сарын 31-нээс хойш төлөгдөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2016 оны 01 дүгээр сараас эхэлж зөрчигдсөн. Бид 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэл өгч, хүүгийн төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс тооцоогүй зогсоосон.

Иймд банкны гэрээний 7.1 дэх хэсгийг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ201542396639 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөрт 8,741,135.8 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,514,162.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 758,895.42 төгрөг, нийт 23,014,193.34 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох М.Гантулгын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-180800174 дугаарт бүртгэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Төвийн Айраг 9 дүгээр гудамж, 04 тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн М.Гантулгын өмчлөлийн нэгж талбарын 2314001701 дугаартай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Төвийн Айраг 9 гудамжны 04 тоотод байрлах 1929 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Г-1808000403 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2015 оны 11 дүгээр сарын 19-нд 28,700,000 төгрөгийг *******наас зээлж авсан. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар миний биеийг 24,262,420 төгрөг төлсөн гэсэн атлаа одоо нэхэмжилж байгаа зээл, зээлийн хүү нийт 23,262,420 төгрөгийг нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна.

Тухайн үед ээжийн бие муудаж, удахгүй нөхөр маань нас барсан тул бизнессээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ингээд зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт байрлах, Улсын бүртгэлийн Ү-1808000047 дугаартай, 84 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий дэлгүүрийн байрыг 2019 оны хавар Хэнтий аймгийн *******ны салбарын зээлийн эдийн засгийн мэргэжилтэн Л.Эрдэнэтуяад зах зээлийн үнээр худалдан борлуулах итгэмжлэл олгосон байхад *******ны салбар нь барьцааны үнэ болох 12,000,000 төгрөгөөр борлуулсан нь үндэслэлгүй юм. Би одоогоор ажилгүй байгаа. Тухайн үед би 500,000-600,000 төгрөгөөр сардаа төлөлт хийгээд явъя гэхэд ******* ХХК-ийн Хэнтий салбарын н.Бат-Эрдэнэ зөвшөөрөөгүй ба 4,000,000-5,000,000 төгрөгөөр төлөлтөө хий гэж хэлсэн. Би тийм их хэмжээгээр төлөлт хийх боломжгүй. Одоо барьцаа хөрөнгөө борлуулъя гэхээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын *******ны эрхлэгч нь хүн авах гээд сонирхоод очиход нь хураагдахаар нь ав гэдэг. Одоо тэгэхээр намайг барьцаа хөрөнгөө борлуулахад битгий саад болооч, миний байшин 20,000,000 төгрөгийн үнэтэй биш. Би өөрөө эд хөрөнгөө борлуулаад зээлээ хурдан хаамаар байна гэж хэлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлж, Хэнтий салбар нь хариуцагч*******т холбогдуулан ЗГ201542396639 тоот Барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 23,619,393.34 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох М.Гантулга /агсан/-ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-180800174 дугаарт бүртгэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Төвийн айраг 9 дүгээр гудамж, 04 тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 2314001701 дугаартай, 1929 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1808000403 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь тухайн үед бизнессээ үргэлжлүүлэх боломжгүй болсоноос зээлээ төлөөгүй, одоо барьцаа хөрөнгөө худалдан борлуулж зээлийг төлж барагдуулна гэж тайлбарлаж байна.

С.Оюунцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* ХХК-тай ЗГ201542396639 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 28,700,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, бизнесийн зээл зориулалтаар зээлж авсан болох нь талуудын тайлбар, Барьцаат зээлийн гэрээ, Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх2-5/

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож хөдлөх хөрөнгүүд болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Байшин хороололд байрлах, Ү-1808000047 дугаарт бүртгэлтэй, 84 м.кв талбайтай, дэлгүүрийн байр, Г-1808000012 дугаартай 375 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Ү-1808000174 тоот бүртгэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Төвийн айраг 9 дүгээр гудамж, 04 тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 2314001701 дугаартай, 1929 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1808000403 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг тус тус барьцаалж, Барьцааны гэрээ байгуулжээ /хх6-7, 12-13/.

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Барьцааны №201542396639 тоот гэрээг талууд бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар хүчин төгөлдөр болжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэсэнтэй нийцсэн.

Барьцаат зээлийн гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгч нь М.Гантулга гэх иргэн байх ба тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 00/000514 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна /хх-10/.

Нэхэмжлэгч нь*******ийг талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс 2016 оны 01 дүгээр сараас зээл хуваарийн дагуу төлөөгүй, зөрчигдсөн гэж тайлбарласныг хариуцагч******* үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч******* нь зээлийн гэрээ байгуулсаны дараа ээжийн бие муудсан, мөн нөхөр нас барсан тул бизнессээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тул зээлийн төлбөрийг төлөхийн тулд барьцаа хөрөнгө болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт байрлах, үйлчилгээ, агуулахын зориулалттай, 84 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 375 м.кв талбайтай, газрыг зах зээлийн үнээр борлуулах тухай итгэмжлэлийг банкны эрх бүхий этгээдэд олгосон /хх42-46/ боловч барьцаалсан дүнгээр худалдсан байгаа нь ойлгомжгүй гэж тайлбарласан. Гэвч тухайн хөрөнгийг зах зээлийн үнээр худалдахаар тохирсон хэлцэл хэрэгт байхгүйгээс гадна итгэмжлэлд энэ талаар дурдагдаагүй, энэ тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Дээрх хөрөнгүүдийг нийт 12,000,000 төгрөгөөр худалдаж, зээлийн үүргийн гүйцэтгэлд 11,760,000 төгрөг төлөгдөж, 340,000 төгрөгийг аж ахуйн нэгжийн татвар, өр төлбөрт суутгагдсан гэж нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Зээлдэгч******* нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үндсэн зээлд 19,958,864.2 төгрөг, хүүд 4,900,529.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,226.94 төгрөг, нийт 24,867,620.25 төгрөг төлсөн байх бөгөөд одоо үндсэн зээлийн үлдэгдэл 8,741,135.8 төгрөг, хүүгийн төлбөрт 13,514,162.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 758,895.42 төгрөгийн үлдэгдэлтэй талаар зохигч маргаагүй болно. /хх14-15/

Хариуцагч******* нь зээлийн эргэн төлөлтийг 2016 оны 01 дүгээр сараас эхлэн зөрчсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг мэдэгдэж байсан болохыг хариуцагч******* үгүйсгээгүй ба шүүх хуралдааны явцад уг нэхэмжлэлийг шүүхэд өгөхийг өөрөө хүссэн гэж тайлбарласан зэргээс үзэхэд зээлдэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний 7.1.1.-т заасан зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-т заасантай нийцэж байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй бөгөөд хуульд зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.

Зохигчийн хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ201542396639 дугаартай Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т зээлийн жилийн хүү 24 хувь байна, жилийг 365 хоногоор төлөөлүүлэн тооцно гэж, 2.1.6-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэжээ. Хэрэгт авагдсан Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь болон Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 01 дүгээр сараас дээрх хуваарь зөрчигдсөн, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс зээлийн хүү тооцогдоогүй байх ба үндсэн зээлийн үлдэгдэл 9,346,336 төгрөг, хуримтлагдсан хүүд 13,514,162.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 758,895.42 төгрөг байх боловч шүүхэд нэхэмжлэл ирсэнээс хойш 605,200 төгрөг төлөгдсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс хасагдаж тооцогдсон байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 8,741,135.8 төгрөг, хүүгийн төлбөрт 13,514,162.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 758,895.42 төгрөг, нийт 23,014,193.34 төгрөг гаргуулж, ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох М.Гантулгын /нас барсан/ өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1808000174 дугаарт бүртгэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Төвийн айраг 9 дүгээр гудамж, 04 тоот хаягт тус тус байрлах, 80 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, Г-1808000403 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 2314001701 дугаартай, 1929 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч******* нь зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч зээлийн үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэлд ногдох 276,047 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад ногдох 70,200 төгрөгийг төлөөгүй байна. Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлсэнийхээ төлөө улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж, орон нутгийн орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 346,247 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 зааснаар хариуцагч*******ээс үндсэн зээлийн үлдэгдэлд 8,741,135.8 төгрөг, хүүгийн төлбөрт 13,514,162.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 758,895.42 төгрөг, нийт 23,014,193.34 /хорин гурван сая арван дөрвөн мянга нэг зуун ерэн гурван төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулж, ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Гантулга /агсан/-ы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1808000174 дугаарт бүртгэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Төвийн айраг 9 дүгээр гудамж, 04 тоотод байрлах, 80 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, Г-1808000403 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 2314001701 дугаартай, 1929 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг эд хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,047 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөг гаргуулж, орон нутгийн орлогод оруулж, хариуцагч*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 346,247 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ