| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/05700/И |
| Дугаар | 101/ШШ2021/00422 |
| Огноо | 2021-02-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2021/00422
2021 02 02 101/ШШ2021/00422
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “С К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.О-т холбогдох
317,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулга, хариуцагч Н.О-, нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Норовсамбуугийн Оюунболор нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 90736 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг Скаймедиа корпорацитай байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Н.О- нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний дагуу 5 дугаар зүйлийн 5.1.,5.2, 5.5.1,5.5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-д заасны дагуу 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тасалбар болгон “С К” ХХК--иас зогсоосон. Гэтэл хэдий ч 2019 оны 5 дугаар сар, 6 дугаар сарын үйлчилгээний төлбөр болох 118,110 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл болох 195,000 төгрөг, нийт 313,110 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Н.О-оос үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт нийт 313,110 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 317,110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хариу тайлбартаа: 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “С К” ХХК--тай гурвалсан гэрээ байгуулсан. Би 2019 оны 5, 6 дугаар сарын хэрэглээний мөнгийг хүлээн зөвшөөрнө. Төхөөрөмж эвдрэлтэй байсан тул олон удаа дуудлага өгч байж 5 дугаар сардаа тус компанийн инженер гэрт ирж шалгаад эвдрэлтэй байх тул та оффис дээр очиж төхөөрөмж солиулаарай гэж хэлсэн. Тэр үед би хагалгаанд ороод өвчтэй ганцаар байсан тул очоогүй. Удалгүй юнивишн тавиулсан болохоор дахиж хэрэглээгүй. Би хэрэглээний төлбөр 118,110 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төхөөрөмж эвдрэлтэй байсан тул 195,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С К” ХХК- нь хариуцагч Н.О-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 313,110 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг нийт 317,110 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Н.О- 2019 оны 5, 6 дугаар сарын хэрэглээний төлбөр 118,110 төгрөгийн хүлээн зөвшөөрч, төхөөрөмжийн үнэ 195,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Хариуцагч Н.О- 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “С К” ХХК -д хүсэлтийг гаргаснаар Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Нарт 94 Г байр 36 тоот хаягт тус компанийн Ай пи телевиз, суурин интернет,ай пи 76 утас бүхий гурвалсан үйлчилгээний хэрэглэгч болохоор сарын 48000 төгрөгийн суурь хураамжтай багцыг худалдан авахаар зохигчдын хооронд 90736 дугаартай “Үйлчилгээний гэрээ” байгуулжээ./хх-ийн 5 дугаар тал/
Дээрх гэрээг талуудын хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ”,189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн хуулийн зүйл, заалтуудтай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгөө хүлээн авах нөхцөлийн гэрээгээр тодорхойлно.” 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж зааснаар хариуцагч Н.О- нь нэхэмжлэгч “С К” ХХК -иас гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хүлээн авсан хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хоорондын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6-д “хэрэглэгчийн төхөөрөмж ажиллахгүй болсон тохиолдолд үйлчилгээний төвд ирж тоног төхөөрөмжийн ажиллахгүй болсон шалтгааныг тогтоолгох эрхтэй” гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д "Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй" гэж зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан эвдрэлтэй төхөөрөмжийг нэхэмжлэгч сольж өгөх саналыг хариуцагчид гаргасан гэж үзнэ.
Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт “…би тус компанид дуудлага зөндөө өгснөөр инженер ирж төхөөрөмжийг шалгаад эвдрэлтэй байна, та төв дээр очиж солиулах хэрэгтэй гэж хэлсэн. Тухайн үед нь өвчтэй байсан болохоор очоогүй, 6 дугаар сард Юнивишн тавиулаад дахиж төхөөрөмж ашиглаагүй.” гэж тайлбарлсан.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн, буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол энэ хуулийн 255.1-д заанаар “худалдан авагч гомдлын шаардлага гаргах эрхээ алдана.” гэж зааснаар хариуцагч Н.О-т нэхэмжлэгч “С К” ХХК- нь төхөөрөмжийг төв дээр очиж солиулах зааварчлагааг өгсөөр байтал өөрөө очоогүй буруутай эс үйлдэл тогтоогдсон гэж үзэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар хариуцагч Н.О-оос Ай пи телевиз, суурин интернет, ай пи 76 утас бүхий гурвалсан “Үйлчилгээний гэрээ”-ний дагуу 2019 оны 5, 6 дугаар сарын төлбөр 118,110 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 195,000 төгрөг нийт 313,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С К” ХХК--д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагчаас шүүхэд материал бүрдүүлэх нотариатын зардал 4,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан атлаа тухайн шаардлагаа баримтаар нотлооогүй болно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй тул тухайн шаардлагад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.-д заасныг баримтлан Н.О-оос 313,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С К” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 10,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ