| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2017/0067/э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-03-24 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Амарсайхан |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 19
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч Г.Амарсайхан,
Шүүгдэгч Э.Мягмардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Э.Мягмардоржид холбогдох 201717000034 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн харьяат, 1992 оны 01 дүгээр сарын 14-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, Дөрвөлж ОНӨҮГ-н Дулааны станцад түлш дамжуулах тасагт мастер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008.01.18-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилээр хойшлуулсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ЛЮ92011416 регистртэй, Дамдинжав овгийн Энхжаргалын Мягмардорж
Холбогдсон хэргийн талаар/яллагдагчаар татах тогтоолоор/:
Шүүгдэгч Э.Мягмардорж нь 2017 оны 01 сарын 29-ний өдөр Баруун-Урт сумын 9-р багийн иргэн Ш.Эрдэнэхуягийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Э.Мягмардорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 сарын 29-ний өдөр амралтын өдөр байсан. Би ажил дээрээ очсон. Эрдэнэхуягийн хувьд бутлах төхөөрөмжийн машинистаар ажилладаг. Бутлах машин нь станцын нүүрсийг буталж бэлтгэдэг юм. Тэр өдөр дэвшин дээрх нүүрс нь дуусаагүй байхад өөрөө бууж ирээд надаас цалингаа асуусан. 01 сарын цалин бага орсон байна гэж хэлсэн. 01 сардаа тэдний ээлж 12 цагт ажлаас буух ёстой байсан боловч 1 цагийн өмнө ажлаас буугаад архи уусан байсан. Бутлах төхөөрөмжинд согтуу хүн гарах ёсгүй. Ажлаа 1 цагийн өмнө зогсоогоод бүгдээрээ архи уусан согтуу байсан. Тэгээд би 1 сарын цалингийн 10 хувиар торгох арга хэмжээ авсан. Эрдэнэхуяг ерөнхий нягтлангийн дүү нь юм. Тэгээд над руу салаавч өгөөд, цалингаас болж маргалдсан. Ер нь өмнө нь цалингийн маргаан байнга хийдэг байсан. Тэгээд ийм зүйл болсон. Би ажилчдынхаа цалинг боддог. Эрдэнэхуяг манай гэрээт ажилтан юм. Би Эрдэнэхуягт сахилгын шийтгэл авагдсаныг танилцуулаад цалинг нь хассан. Би Эрдэнэхуягт эмнэлгийн зардал, хот руу явсан зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 2.000.000 төгрөг өгсөн. Одоо Эрдэнэхуяг хохирол нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Одоо бид энгийн харилцаатай болсон. Бид эвлэрсэн ... гэв.
- Хохирогч Ш.Эрдэнэхуяг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2017.01.29-ний өдөр би ажил дээрээ очсон юм. Ажилчид гадаа байхад хүмүүс энэ сарын цалингаа ярьж байсан. Гэтэл манай ээлж бусдаасаа их ажил хийдэг хэрнээ бусдаасаа бага цалин авсан байна гэхээр нь би Мягмардоржтой цалингаасаа болж маргасан. Учир нь Мягмардорж бидний цалинг хэдэн төгрөг болсны бичдэг юм. Тэгээд Мягмардоржтой маргалдаж байтал чиний амьдрал миний гарт шүү гэхээр нь би өөдөөс нь салаавч гаргасан чинь гадуур хувцасаа тайлж ирээд намайг заамдаж миний баруун нүд рүү гараараа цохисон. Тэгээд би нүдээ дараад тонгойж байтал дахиад зүүн нүд рүү цохисон. Тухайн үед би юм харахгүй болсон. Тэгтэл гэнэт хүүр лүү өшиглөсөн. Би Мягмардоржид нэг ч удаа гар хүрээгүй. Шүүх эмнэлгийн шинжээч эмч 2017.01.31-ний өдөр намайг эмнэлэгт хэвтэж байхад үзсэн. Харин мэс заслын эмч Бямбаа чиний зүүн нүдний ухархайн яс гэмтэлтэй байх шиг байна Улаанбаатар хот явж үзүүл гэж байсан... гэх мэдүүлэг. /хх-07/
- Гэрч Э.Доржготов хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... Би уг өдөр ажил дээрээ ажилтай байсан. Нэг харсан чинь Мягмардорж, Эрдэнэхуяг хоёр цалин дээрээсээ болоод хоорондоо маргалдаад, бие биенээ заамдалцаад зогсож байсан. Тухайн үед Мягмардорж, Эрдэнэхуяг хоёр бие биеэ хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан. Гэтэл гэнэт хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд би Батсайхан ахтай очиж тэд нарыг салгасан. Тэр үе Эрдэнэхуягийн нүд нь хавдчихсан, хамраас нь цус гарсан байсан. Мягмардорж нь бидний хийсэн ажлын үр дүнг тооцож цалинг бодоод Энхжаргал инженерт өгдөг. Тэгээд бид нар цалингаа авдаг юм. Тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан гэх мэдүүлэг. /хх-08/
- Гэрч М.Батсайхан хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Уг өдөр би Дулааны станц дээр ковш бариад бутлуурын нүүрс хийж байсан юм. Тухайн үед Мягмардорж, Эрдэнэхуяг нар хоорондоо юм яриад зогсож байсан. Гэтэл тэр хоёр зодолдсон. Би машинаасаа буугаад тэр хоёрыг салгахад Эрдэнэхуягийн нүд нь хөхөрсөн, хаанаас нь цус гарсныг хараагүй, ямар ч байсан цус гарсан байсан. Э.Мягмардорж ямар нэг зүйл бариагүй. Хоорондоо зодолдоод байх шиг харагдсан. Ажил дээр байсан болохоор хэн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... гэх мэдүүлэг. /хх- 09/
- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017.02.01-ний өдрийн 43 тоот шинжээчийн дүгнэлтэнд: 1.Ш.Эрдэнэхуягийн биед тархи доргилт зүүн нүдний алимны цусан хураа, баруун зүүн нүдний эргэн тойронд цус хуралт нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд, зүүн хацарт зулгаралт дээд уруул дотор талын язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ. /хх- 11-12/
- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017.02.10-ны өдрийн 43 тоот шинжээчийн дүгнэлт /нэмэлт/: 1.Ш.Эрдэнэхуягийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ. /хх- 16/
- Э.Мягмардоржийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-25 /
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт. /хх-33 /
- Э.Мягмардоржийн иргэний үнэмлэхний хуулбар. /хх-34/
- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008.01.18-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар. /хх-27-30/
- Сүхбаатар аймгийн Дөрвөлж ОНӨҮГ-ын тодорхойлолтууд /хх-32, 35/
- Ш.Эрдэнэхуягийн өвчний түүх /хх-38-45/
- Эвлэрсэн тухай гэрээ /2017.03.06/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Мягмардорж 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Дөрвөлж ОНӨҮГ-ын Дулаан станцын ажлын талбайд иргэн Ш.Эрдэнэхуягтай маргалдаж, нүд рүү нь гараараа 1 удаа цохиж, нүүр лүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөн зодож бие махбодид нь “тархи доргилт, зүүн нүдний алимны цусан хураа, баруун зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд, зүүн хацарт зулгаралт, дээд уруул дотор талын язарсан шарх, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал “ бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Мягмардоржийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Эрдэнэхуяг, гэрч М.Батсайхан, Э.Доржготов нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 43 тоот/ нэмэлт/ дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн байдлыг тодруулбал, шүүгдэгч хохирогч Ш.Эрдэнэхуяг нь өөрийн ажлыг ахалж ажилладаг шүүгдэгч Э.Мягмардоржтой цалин бууруулсан асуудлаас болж маргаан эхлүүлж, үг хэлээр дайралцан, заамдалцаж, улмаар Э.Мягмардорж нь түүний зүүн нүдэнд цохиж хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд тэрээр тухайн гэмт хэргийг хувийн сэдэлтээр буюу хохирогч Ш.Эрдэнэхуягын эхлүүлсэн тодорхой маргааны улмаас, гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Мягмардоржид холбогдох хэрэгт бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Харин энэ хэргийн хохирогч Ш.Эрдэнэхуяг нь шүүгдэгч Э.Мягмардоржтой сайн дураараа эвлэрсэн нь тэдгээрийн шүүхэд ирүүлсэн “Ш.Эрдэнэхуяг миний бие нь Э.Мягмардоржтой ажлын шалтгааны улмаас хоорондоо маргалдаж зодолдсон. Уг хэргийн улмаас Ш.Эрдэнэхуяг миний биед хөнгөн гэмтэл учирсан. Э.Мягмардорж нь миний бие болон сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөгийг төлж бид хоорондоо эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх эвлэрлийн гэрээгээр нотлогдох бөгөөд Э.Мягмардорж нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Э.Мягмардорж нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3-т зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан бөгөөд тэрээр хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дээрх хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, түүнд холбогдох хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялгүйд тооцох хугацаа дууссан болох нь хэрэгт авагдсан Э.Мягмардоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 18 дугаартай шийтгэх тогтоол зэргээр нотлогдоно. Иймд түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Э.Мягмардорж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Эрдэнэхуяг түүнтэй сайн дураараа эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дамдиндорж овгийн Энхжаргалын Мягмардоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан шүүгдэгч Э.Мягмардоржийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Э.Мягмардоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Э.Мягмардорж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Эрдэнэхуяг түүнтэй сайн дураараа эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Мягмардоржид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН