| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2021/0064/З |
| Дугаар | 221/МА2026/0573 |
| Огноо | 2026-08-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0573
Х НҮТББ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0540 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Х НҮТББ
Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн сайд
Гуравдагч этгээд: Т ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, М.Н
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2021/0064/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0540 дүгээр шийдвэрээр “... Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.2, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х НҮТББ-аас Эдийн засаг, хөгжлийн сайдад холбогдуулан гаргасан Үндэсний хөгжлийн газар болон Т ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Төслийн нөлөөлөлд өртсөний улмаас байгалийн нөөц бүхий газар болон түүхэн дурсгалт газарт байрлах түүх соёлын үнэт зүйлс, соёлын өвд учирсан хохиролд 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөг гаргуулах, Төсөл хэрэгжих явцад тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд хохирол учруулсанд 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгчээс маргаан бүхий концессын гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан шинжийг хангасан илт хууль бус гэрээ гэж маргахдаа концессын гэрээг байгуулахдаа Концессын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчиж гэрээ байгуулсан, концессын гэрээ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Авто замын тухай хууль, Газрын тухай хуулиудыг зөрчсөн гэж үзэн тус илт хууль бус гэрээний улмаас нийтийн эрх ашиг зөрчигдөж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Дээрх үндэслэлүүдээс хамгийн гол үндэслэл болох концессын гэрээг байгуулахдаа анхнаасаа хууль зөрчиж байгуулсан буюу Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйл болон 17 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэсэн үндэслэлийг анхан шатны шүүхээс "шууд гэрээ байгуулах эсхүл уралдаант сонгон шалгаруулалт дахин зарлах" шийдвэр нь эрх бүхий этгээдийн сонгох боломжийн хүрээнд байх тул шууд гэрээ байгуулах аргаар гэрээ байгуулсныг буруутгахгүй" гэх үндэслэлээр хүлээж аваагүй. Захиргааны байгууллагын "сонгох боломж”-ын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д "Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана" гэж заасны дагуу шүүхээс тухайн захиргааны байгууллага нь хуулиар өөрт олгогдсон сонгох боломжийг хэрэглэхдээ "хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар хэрэглэсэн" эсэхийг шалгах үүрэгтэй байна.
Энэ маргааны тухайд Концессын тухай хуульд зааснаар концесс олгох төрөл нь "төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт" болон "шууд гэрээ байгуулах" гэсэн хоёр төрөл байх ба мөн хуулийн 17 дугаар зүйлд зааснаас бусад бүх тохиолдолд 11 дүгээр зүйлд заасны дагуу "төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт"- аар концесс олгохоор хууль тогтоогчоос хуульчилсан байна. Анхан шатны шүүхээс энэ маргааныг Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан "уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн" гэсэнд хамааруулан шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, таамаг бүхий шийдвэр гэж үзэхээр байна.
Маргаан бүхий концессын гэрээ байгуулах үед Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан аль ч тохиолдол бүрдээгүй. Тодруулбал, хуульд заасан сонгох боломжийг хэрэглэх урьдчилсан нөхцөл болох уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй эсхүл шалгаруулалт зарласан ч шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн талаарх хэрэгт ямар ч баримт байхгүй байтал анхан шатны шүүхээс захиргааны байгууллагын хууль бус үйлдлийг "сонгох боломж"-ийн хүрээнд байна хэмээн зөвтгөн тайлбарлаж буйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, энэ маргааны тохиолдолд уралдаант шалгаруулалт явуулахгүй байх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй, захиргааны байгууллагаас сонгох боломжийг хууль зөрчиж буруу хэрэглэсэн. Түүнчлэн анхан шатны шүүхээс Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан "эрх бүхий этгээд" гэдэгт хэнийг хамруулж тухайн этгээдийн ямар шийдвэрийг үндэслэн ийнхүү дүгнэсэн нь тодорхойгүй байна. Иймд хариуцагч нь гуравдагч этгээдтэй маргаан бүхий концессын гэрээг байгуулахдаа Концессын тухай хуулийн дээрх зохицуулалтыг илэрхий зөрчсөн байх тул анхнаасаа хууль зөрчиж гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн үндэслэлийн тухайд анхан шатны шүүхээс "...концессын гэрээ байгуулж авто зам барих асуудлаар холбогдох иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлсэн... үнэлгээний асуудал нь концессын гэрээ байгуулагдсаны дараа төсөл хэрэгжүүлэх шатанд хийгдэх ажиллагаа" гэж үзэж хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ. Маргаан бүхий концессын гэрээгээр баригдах авто зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 баг, Өмнөговь аймгийн Манлай сумын * баг, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын * баг нийт 8 багийн нутаг дэвсгэрийг хамран дайран өнгөрч байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаар зарим багийн Иргэдийн Нийтийн Хурлаар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн төслийг хэлэлцүүлсэн гэх боловч багийн иргэд, малчид зам тавих асуудлыг огт мэдээгүй, цөөн хэсэг нь эрс эсэргүүцсэн, мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Б*****, С***** багийн иргэдийн нийтийн хурлаас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн баримтуудаар байгаль орчны үнэлгээг огт хэлэлцүүлээгүй талаар тодорхой дурдсан байхад анхан шатны шүүхээс хэргийн баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна. Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т байгаль орчны ерөнхий үнэлгээг төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийх, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8-т төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл, ирцийн бүртгэлийг үнэлгээний тайланд тусгах хуулийн шаардлагыг зөрчсөн нь илэрхий байтал анхан шатны шүүхээс эдгээр асуудлыг "төсөл хэрэгжүүлэх шатны асуудал" хэмээн өнгөц дүгнэсэн нь үндэслэлгүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Авто замын тухай хуулийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн үндэслэлд анхан шатны шүүхээс " ...байгалийн унаган төрх өөрчлөгдсөн талаар ямар нэгэн дүгнэлт байхгүй... иргэдийн санал хүсэлтийг харгалзсан... байгалийн нөөц газарт баримтлах дэглэмийг зөрчсөн, замын байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэхээргүй" байна гэх дүгнэлтийг өгсөн байна. Хэрэгт авагдсан авто зам барьж буй газрын үзлэг болон авто зам барих ажлын нөлөөлөлд өртөж буй багийн иргэдээс авсан гэрчийн мэдүүлэг, гуравдагч этгээдийн хийлгэсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан зэрэгт Концессын гэрээний дагуу баригдаж буй авто зам нь хүрээлэн буй орчин, ан амьтан, ойр орчмын иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх талаар дурдсан, гуравдагч этгээдээс ч энэ талаар хүлээн зөвшөөрч сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах талаар арга хэмжээ авч байгаа талаар тайлбарласан байхад шүүхээс маргаан бүхий концессын гэрээний улмаас байгаль орчинд сөрөг нөлөө учрахгүй мэтээр дүгнэсэн. Түүнчлэн, нэхэмжлэгчийн маргаж буй хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөхгүйгээр хэт ерөнхий байдлаар дүгнэсэнд гомдолтой байна.
Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны тухайд нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий концессын гэрээг байгуулахаас өмнө гэрээний улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй, нөлөөлөлд өртөх нутгийн иргэдэд мэдэгдээгүй, бодит нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй талаар дурдаж мэтгэлцсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс "авто зам барих төсөл 2010 онд батлагдсан цаг хугацаанд Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй байсан" гэсэн хууль дээдлэх зарчимд үл нийцэх огт үндэслэлгүй дүгнэлт хийсэнд одоог хүртэл гайхаж байна. Тавантолгойн нүүрсний ордны авто зам барих төслийн бодлого холбогдох шийдвэр нь 2010 оноос эхлэлтэй байж болох ч маргаан бүхий гэрээ нь 2019 онд буюу Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед байгуулагдсан гэрээ болно. Иймд захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндсэн болон тусгай зарчим болох "хууль дээдлэх, хуульд үндэслэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчмуудыг баримтлах ёстой атал хариуцагчийн Захиргааны ерөнхий хуулийг баримтлахгүй гэх дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байгаа юм.
Нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх асуудлаар анхан шатны шүүхээс маргаан бүхий гэрээг хуульд нийцсэн гэсэн тул дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан илт хууль бус гэрээнд хамаарна гэж үзэж байгаа ба энэхүү гэрээний улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тэр дундаа хүрээлэн буй орчин, нэн ховордож буй ан амьтан, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа юм. Тодруулбал, концессын гэрээг анхнаасаа хууль бусаар байгуулж шаардлага хангахгүй этгээдтэй байгуулсны улмаас гэрээ хууль ёсны дагуу хэрэгжээгүй, авто замын нөлөөлөлд өртсөн айл өрх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн хэвээр байгаа, байгаль орчны тэнцэл алдагдаж Улаан номд орсон хулан, хар сүүлт зэрэг ховор ан амьтан, ургамал устаж үгүй болох тусгай хамгаалалттай газар, археологийн түүхэн олдворууд сүйдэх зэрэг нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргийг концессын гэрээний улмаас үүсэж буй нөлөөлөл учир гуравдагч этгээдтэй байгуулсан "Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу учирсан хохирлоо шаардах эрхтэй гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Гуравдагч этгээд "Т” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны үед "...зам дайран өнгөрч буй нөлөөлөлд өртсөн айлуудтай гэрээ байгуулж тухайн сумын удирдлагаар дамжуулан нийт 3,5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлсөн...” гэж тайлбарлаж хэрэгт Өмнөговь аймгийн Ц*** сумын засаг даргатай байгуулсан гурвалсан "Хамтын ажиллагааны гэрээ"-г гаргаж өгсөн байх боловч тус гэрээгээр авто замын нөлөөлөлд өртсөн энгийн иргэн хохирлоо нэхэмжлэх боломжгүйг анхаарч үзээгүй.
Нэхэмжлэгчийн гаргасан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн боловч түүнтэй холбоотой нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй, мөн гуравдагч этгээдээс авто замын нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэдэд нөхөн төлбөрийг хэрхэн яаж хуваарилсан, гуравдагч этгээдээс олгосон гээд буй нөхөн төлбөрүүд бодит байдал дээр сум, багийн удирдлагуудад эсхүл иргэдэд олгогдсон эсэх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч түүнтэй холбоотой баримтууд хэрэгт хангалттай цуглараагүй, энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж дүгнээгүй, хэргийн бодит байдал холбогдох хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэх талаар бүрэн дүүрэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэт өнгөц, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл бүрт эрх зүйн дүгнэлт өгөөгүй /Газрын тухай хууль зөрчсөнтэй холбоотой нэг ч дүгнэлт хийгээгүй/, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргаад байна. Нэхэмжлэгч нь хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр 20 гаран жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын хувьд өөрийн дүрэм, үйл ажиллагааны зорилго, чиглэлийн хүрээнд төрийн захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан хуульд заасан үндэслэлээр маргаж, тэдгээрийг хууль бус болохыг тогтоолгох зорилгоор энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийт зургаан жилийн турш тууштай оролцож байна.
Нэхэмжлэгчийн энэхүү үйл ажиллагааны зорилго нь аливаа этгээдийг шантаажлах, дарамт шахалт үзүүлэх, эсхүл тодорхой төсөл, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулахад бус, харин Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор иргэн, төрийн бус байгууллагад олгосон эрхийн хүрээнд төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны хууль ёсны байдлыг шүүхээр хянуулж, хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох, улмаар төрийн байгууллагууд шийдвэр, үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү маргааныг бүх талаас нь хянан үзэж, Концессын гэрээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснээр цаашид төрийн байгууллагууд ижил төрлийн шийдвэр гаргахдаа хууль тогтоомжийн шаардлагыг чанд мөрдөх, захиргааны үйл ажиллагааны хууль ёсны байдал хангагдах нөхцөл бүрдэхээс гадна тухайн концессын гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдүүд өөрсдийн эрхээ хуульд заасан журмын дагуу хамгаалуулж, учирсан хохирлоо нэхэмжлэх эрх зүйн боломж бүрдэх ач холбогдолтой болохыг дахин тэмдэглэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0540 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчээс маргаан бүхий концессын гэрээг байгуулахдаа Концессын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчиж гэрээ байгуулсан, сонсох ажиллагааг хийгээгүй, концессын гэрээ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Авто замын тухай хууль, Газрын тухай хуулиудыг зөрчсөн гэж үзэн Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан шинжийг хангасан илт хууль бус гэрээ бөгөөд тус илт хууль бус гэрээний улмаас нийтийн эрх ашиг зөрчигдөж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 болон 34.2-т заасны дагуу “хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь” үнэлж дүгнээгүй байна. Тухайлбал, Концесс олгох журмыг зөрчсөн тухай, анхан шатны шүүхээс концесс олгохтой холбоотой асуудлыг дүгнэхдээ “... Концессын тухай хуулийн 17.1.3-т заасан "уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн” гэдэг нь эрх бүхий этгээдээс уралдаант шалгаруулалтад оролцох санал ирэх магадлалыг хэрхэн тооцоолохоос хамаарч “уралдаант сонгон шалгаруулалт дахин зарлах эсхүл шууд гэрээ байгуулах шийдвэрийн аль нэгийг гаргах эрх юм” гэж шууд гэрээ байгуулах аргаар гэрээ байгуулсныг буруутгах үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтын урьдчилсан нөхцөл нь "уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй" байх юм. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-д "2011 онд уралдаант шалгаруулалт явуулснаар "... "Н" ХХК-ийн түншлэл шалгарч, тус компанид концессын гэрээ байгуулах эрх олгожээ", мөн 6-д Н ХХК нь Засгийн газраас баталгаа шаардсаны улмаас гэрээ байгуулагдахгүй удааширсан бөгөөд Н ХХК-тай концессын гэрээний хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтээр түншлэлийн гишүүдийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, энэ талаар эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй..." гэж дурдсан байна. Эндээс харахад 2011 онд уралдаант шалгаруулалт зарлахад Н ХХК шалгарсан боловч бусад шалтгааны улмаас гэрээ байгуулах ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Энэхүү нөхцөл байдал нь Концессын тухай хуулийн 17.1.3-т заасан “уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй" гэх урьдчилсан нөхцөлд хамаарахгүй тул "Т" ХХК-тай шууд гэрээ байгуулах хуулийн нөхцөл бүрдээгүй байсан байна.
Цаашлаад концессын гэрээ шууд байгуулах нөхцөл үүссэн тохиолдолд Концессын тухай хуулийн 17.2-т заасны дагуу шууд гэрээ байгуулах дүгнэлтийг гаргаж Засгийн газарт хүргүүлж, Засгийн газраас тус хуулийн 19.1-т заасны дагуу гэрээ байгуулах зөвшөөрлийг олгох журамтай. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12-т "... "Т" ХХК-д шууд гэрээ байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 238 тогтоолоор олгосон буюу Засгийн газраас Т ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж, эрх олгосон" гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх бүхий этгээдийн шууд гэрээ байгуулах дүгнэлт гараагүй байхад Засгийн газрын 2019 оны 238-р тогтоол гарсан байгаа нь Концессын тухай хуулийн 6.1.2, 17.2, 19.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мөн хэргийн үйл баримтыг харвал 2018 оны 06 сарын 29-ний өдөр УИХ-ын 73 дугаартай “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" тогтоол гарсан байх бөгөөд уг тогтоолын 2 дахь хэсэгт “... Тавантолгой-чиглэлийн тусгай зориулалтын авто зам төслийг эхлүүлэх талаар Оюутолгой-Ханги шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх” тухай заасан байдаг. Гэтэл Үндэсний хөгжлийн газрын даргын 2019 оны 02 сарын 04-ний өдрийн А-18 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай" тушаалд "Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт, ... УИХ-ын 73-р тогтоолыг үндэслэж, ... "Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийн ... оролцогчтой концессын шууд гэрээний хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийг ..." байгуулсан байна. УИХ-ын 73-р тогтоолын “шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх" гэх хэсэг нь Концессын тухай хуулийн 17.1.3-т заасанд хамаарахгүй тул шууд гэрээ байгуулах нөхцөл бүрдсэн гэж үзэхгүй.
Түүнчлэн, дээрх ажлын хэсэг нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр санал, дүгнэлт гаргахдаа "Т" ХХК-ийн ирүүлсэн төслийн санал нь Э ХХК-иас ирүүлсэн төслийн саналтай харьцуулахад илүү үндэслэл бүхий тооцоо судалгаа болон мөнгөн урсгалын тооцоололтой, төслийн хөрөнгө оруулагчийн талаарх ирүүлсэн мэдээлэл нь тодорхой бөгөөд санхүүгийн чадавх нь илүү байсан болно гэж дүгнэсэн боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Тухайлбал, шууд гэрээ байгуулах DBOT нөхцөлтэй хүнд даацын тусгай зориулалтын хатуу хучилттай авто замын Концесс эзэмшигч компанид дараах шаардлагуудыг тавьсан байдаг. Үүнд, 1. Компани нь ижил төстэй үйл ажиллагаа явуулж байсан гурван жилийн туршлагатай байх; 2. Компани нь сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт бүрдүүлэх; гэсэн үндсэн шаардлага тавигдсан байна. Гэтэл "Т" ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр РД62846** тоот дугаартай байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2018 оны 03 сарын 12-ны өдөр байгуулагдахдаа "Гадаад худалдаа”, “Ачаа тээвэрлэх" хоёр чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн. Сүүлд Концессын гэрээ байгуулагдсанаас хойш 15 сарын дараа буюу 2021 оны 03 сарын 24-ний өдөр "Хатуу хучилттай зам барих" үйл ажиллагааны чиглэлийг нэмж бүртгүүлсэн байдаг. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0781 дугаартай шийдвэрт "Т" ХХК-ийн хувьд 2018 оны 3 дугаар сард байгуулагдаж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хатуу хучилттай зам тавих зөвшөөрлийг авсан буюу концессын шууд гэрээний урилгын Техникийн болон Санхүүгийн саналд тусгасан шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн байдаг. Иймд концесс эзэмшигчийг шаардлага хангасан гэж үзэж эрх олгосон гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Хоёр. Холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухайд, Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Авто замын тухай хууль зөрчөөгүй талаар дүгнэлт хийсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримт болох хэргийн газрын үзлэг, гэрчийн мэдүүлэг болон бусад хэрэгт ач холбогдолтой баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн дээрх хууль тогтоомжийг зөрчөөгүй талаар дүгнэлт хийхдээ авто зам барьснаас хойших баримт болох Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны 2021 оны 4-р сарын 09-ний өдрийн 61 дүгээр албан бичиг болон "М" ХХК-ийн 2024 оны байгаль орчны төлөвлөгөөт аудитын тайлан зэргийг үндэслэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс төсөл хэрэгжихээс өмнө Байгаль, орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Авто замын тухай хууль болон Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль зэргийг зөрчсөнтэй холбоотой дараах үндэслэлийг гаргаж маргасан байдаг.
Тухайлбал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухайд, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн үндэслэлийн тухайд анхан шатны шүүхээс "...концессын гэрээ байгуулж авто зам барих асуудлаар холбогдох иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлсэн...үнэлгээний асуудал нь концессын гэрээ байгуулагдсаны дараа төсөл хэрэгжүүлэх шатанд хийгдэх ажиллагаа" гэж үзэж хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Б***, С***** багийн иргэдийн нийтийн хурлаас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн баримтуудаар байгаль орчны үнэлгээг огт хэлэлцүүлээгүй талаар тодорхой дурдсан байхад анхан шатны шүүхээс хэргийн баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна. Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т байгаль орчны ерөнхий үнэлгээг төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийх, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8-т төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл үнэлгээнд тусгах хуулийн шаардлагыг зөрчсөн нь илэрхий байтал анхан шатны шүүхээс эдгээр асуудлыг “төсөл хэрэгжүүлэх шатны асуудал” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухайд, анхан шатны шүүхээс ...байгалийн унаган төрх өөрчлөгдсөн талаар ямар нэгэн дүгнэлт байхгүй...иргэдийн санал хүсэлтийг харгалзсан... байгалийн нөөц газарт баримтлах дэглэмийг зөрчсөн, замын байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэхээргүй байна гэх дүгнэсэн байна. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг.
Хуулийн энэхүү зохицуулалтыг зөрчсөн болох нь Шинжлэх Ухааны Академи Археологийн хүрээлэнгийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 01/41 дугаар бүхий Эм си ******* ХХК-д хүргүүлсэн албан бичигт дурдсан байдаг. Үүнд, Өмнөговь аймгийн Ц**** суманд орших Б****** боомт чиглэлийн шинээр тавигдах гэж буй 460 км замын трассын 1 ба 2-р хувилбарын дагуу 2019 оны 09 дүгээр сарын 15-наас 09 сарын 22-ны хооронд археологийн урьдчилсан хайгуулын судалгааны ажлыг хийж, Хайгуул судалгааны ажлын үр дүнд 26 тооны дурсгал илрүүлэн баримтжуулав. Тэдгээрээс хүрэл зэвсгийн үеийн булш оршуулгын дурсгал 16, Түрэгийн үед холбогдох 2 (29), Дундад зууны үед холбогдох булш оршуулга 7, турь-сүм 1 байгааг тодорхойлов. Үүнээс замын трасст өртөж буй нийт 13 дурсгал байна гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Авто замын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухайд, Авто замын тухай хуулийн 19.2-т Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлагыг тусгасан байдаг. Тус хуулийн 19.2.2-т “зорчигчдын эрүүл ахуй, хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчин, түүх, соёлын дурсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байх” гэж заасан бөгөөд энэхүү заалтыг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэг болон гэрчийн мэдүүлгээр давхар тогтоогддог.
Тодруулбал, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хийсэн хэргийн газрын үзлэгээр " "Т" ХХК-ийн техникийн зам болон зам буюу тээвэр хийж буй хүнд даацын машинууд нүүрс тээвэрлэж буй зам 11 метрт шинээр баригдаж буй тус компанийн замын трасс нь 300 метрийн зайтай байх ба тээвэр хийж буй зам болон замын трасс нь Буттайн булгийн урсгалыг тасалж, булаг дээгүүр тавигдсан байдалтай байв. Замын трассын орчим нь шороо овоолж, булгийн усыг урсгах нарийн шуудуй татсан байдалтай байв. Мөн худгаас 880 метрт карьер ухсан ус ширгэсэн байдалтай байв." гэж тогтоосон байна. Мөн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хийсэн хэргийн газрын үзлэгээр “Замын трассын дагуу засмал зам барих бүтээн байгуулалтын ажил, хайргаар хучилт хийсэн зам Манлай сумын Жаргалант баг хүртэл үргэлжилсэн, Өгөөмөр багийн Шар цав хүртэл хөрсний хусалт хийгдсэн байсан. Цогтцэций сумаас 6 км орчим яваад замын трасстай нийлэв. Төмөр замын далантай огтлолцсон хэсгээс эхлэн замын үндсэн трассаар явах боломжгүй үер зайлуулах хоолой болон зарим хэсэгт машин орох хэсгийг хаасан, зарим газраа зам ангийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байв. Цогтцэций сумаас Билгэх багийн төв хүртэл явах замд замын 16 км зайд замын хойд талд 500 метр орчим зайд айлын өвөлжөө байв. Замын 31 км орчимд Цагаан ус гэх булгийг трасс яг урсгалыг нь дайрч өнгөрөн байв. Үзэгдэх байдал нь замынхаа дээд хэсэгт ус нь ширгэсэн байдалтай харин доод талдаа булгийн урсац ширгэсэн байдалтай энд тэнд тогтоол ус тогтсон харагдана. Их шанх уул-Орон нутгийн тусгай хэрэгцээний газар нь замынхаа хойно харагдах бөгөөд зам нь цагаан ус гэх булгийн урсгалыг яг дайран гарсан байх ба замынхаа дээд талдаа булаг ширгэсэн байдалтай доод талдаа тогтоол ус тогтсон байв." гэж тогтоосон байна. Түүнчлэн гэрч Ц.С-ын мэдүүлэгт “Тусгай хамгаалалтад авсан нутагт энэ зам дайран өнгөрч байгаа юу гэж асуухад 2016 онд Их шанхыг уулыг бүтнээр нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Энэ хугацаа нь 5 сард дуусаж дахин авч тусгай хамгаалалтын хугацаа сунгагдсан. Зам тусгай хамгаалалтад авсан уулын дундуур тэр чигээрээ явж байгаа гэв." гэж, гэрч А.Б-ны мэдүүлэгт "Говийн бага дархан газар, Шар цав, Цэцийн шанх, Эргэлийн зоо зэрэг тусгай хамгаалалттай газар нутаг болон Хулангийн бэлчээр нутаг Т ХХК-ийн хэрэгжүүлж буй замын трасстай давхацсанаар ямар сөрөг үр дагавар үүссэн бэ? гэж асуухад Улсын тусгай хамгаалалттай газрыг гурван бүсэд хуваадаг. Хамгаалалтын, Хязгаарлалтын, Орчны бүс гэж. Гэтэл Эргэлийн зоогийн энгэрээр явж байгаа Т ХХК-ийн зам Эргэлийн зоогийн хамгаалалтын бүсээс 1 км-т хүрэхгүй үгүйтэй зайтай өнгөрч байгаа” гэж тус тус мэдүүлсэн байдаг.
Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухайд, Төслийн хүрээнд хамаарах нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхэлж буй 49 айлын 98 өвөлжөө, хаваржаа, Хайлив багийн 6 айлын 12 өвөлжөө хаваржааны газар, Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын багийн 58 айлын өвөлжөө, хаваржааны газар, мөн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөцийн газрын ангилалд багтсан Эргэлийн зоотой зэрэгцэн 50 км замын трасттай давхацсан байна. Энэ нь Газрын тухай хуулийн 31.2-т “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна" гэж, 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг тус тус зөрчсөн байна. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа зөрчсөн асуудлыг зөрчөөгүй гэж үндэслэлгүй дүгнэлт гаргахаас гадна бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд огт эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.
Сонсох ажиллагааны тухайд, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д “Маргаан бүхий концессын гэрээ нь 2019 онд байгуулагдсан боловч тус гэрээгээр зохицуулагдаж буй харилцаа буюу Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто зам барих төсөл нь 2010 онд батлагдсан, тухайн цаг хугацаанд Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй, сонсох мэдэгдэх ажиллагаа хийх хуулийн зохицуулалт байхгүй байсан тул хариуцагчийг сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхээс "Т" ХХК-тай гэрээ байгуулах үе шаттай холбогдолгүй, Н ХХК-тай гэрээ байгуулах үе шат буюу 2010 онд авто замын төсөл батлагдсантай холбогдуулж сонсох ажиллах хийхтэй холбоотой дүгнэлт хийж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнэлт хийгээгүй болох нь харагдаж байна. Учир нь нэхэмжлэгчээс Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний Хөгжлийн Газар болон "Т" ХХК-ийн хооронд 2019 оны 07 сарын 31-ний өдрийн гэрээг байгуулахдаа эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа иргэдээс санал авахтай холбоотой сонсох ажиллагаа хийгээгүй талаар маргасан. Тодруулбал, Концессын тухай хуулийн 29.4-т "Концессыг хэрэгжүүлэхэд гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа газрыг дайран өнгөрөх, эсхүл уг газар дээр байгаа концессын зүйлтэй холбоотой аливаа барилга байгууламж, тоног төхөөрөмжид ажил, засвар, үйлчилгээ хийх шаардлагатай бол концесс олгохоос өмнө эрх бүхий этгээд буюу зохицуулах байгууллага уг асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн байвал зохино." гэж заасан. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан зарчмын нэг нь "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" бөгөөд хувь хүн, хуулийн этгээдээс захиргааны шийдвэр гаргахаас өмнө урьдчилан мэдээлэл авах, саналаа өгөх замаар эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгохоор заасан.
Ийнхүү хуульд заасан урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчим нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд Сонсох ажиллагаагаар дамжин хэрэгждэг. Хуульд зааснаар захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох ёстой. Гэтэл хуульд заасны дагуу хариуцагч тал гуравдагч этгээд буюу "Т" ХХК-тай Концессын гэрээг байгуулахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй төслийн замын трассын нөлөөнд өртөж буй иргэдээс тайлбар, саналыг авах ёстой байсан. Эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэдээс хариуцагч талаас сонсох ажиллагаа хийгээгүй байдаг. Энэ нь хэрэгт авагдсан Засаг дарга нараас ирсэн сонсох ажиллагаа хийсэн мэдээлэл байхгүй байна гэсэн албан бичгүүдээр шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоогддог. Дээрхээс дүгнэхэд, шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэснийг зөрчсөн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т "Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ" гэсний дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Х НҮТББ-аас “Үндэсний хөгжлийн газар болон Т ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийг зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх концессын гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, байгалийн нөөц бүхий газар, түүх, соёлын үнэт зүйлд учирсан хохиролд 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөг, тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд учирсан хохиролд 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, үндэслэлээ “...концесс олгох журмыг зөрчиж шууд гэрээ байгуулсан, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэдийг сонсох ажиллагаанд оролцуулаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх, авто замын чиглэл тогтоох, газар ашиглуулахтай холбоотой хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй...” гэж тайлбарлан маргажээ.
4. Концесс олгосон ажиллагааны тухайд, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолын хавсралт ёсоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 49-д “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийг уралдаант шалгаруулалтаар хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүний дагуу 2011 онд зохион байгуулсан уралдаант шалгаруулалтад Н ХХК-ийн түншлэл шалгарч, концессын гэрээ байгуулах эрх авсан боловч гэрээ байгуулагдаагүй байна.
4.1. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 154 дүгээр тогтоолоор Н ХХК-ийн түншлэлтэй концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон боловч Засгийн газраас санхүүгийн баталгаа гаргуулах шаардлага тавьсан, түншлэлийн бүрэлдэхүүн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй өөрчлөгдсөн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалтыг дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн тохиолдолд концессыг шууд гэрээ байгуулах аргаар олгож болохоор зохицуулсан.
4.2. Дээрх заалтад дурдсан “уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй” нөхцөл нь шууд гэрээ байгуулах аргыг сонгох урьдчилсан шаардлага мөн. Тодруулбал, тухайн уралдаант шалгаруулалтад Н ХХК-ийн түншлэл шалгарсан учир шаардлагад нийцсэн санал ирээгүй гэж үзэх боломжгүй төдийгүй шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах ажиллагаа хожим өөр шалтгаанаар үргэлжлээгүй нь өмнөх уралдаант шалгаруулалтаар шаардлага хангасан санал ирсэн үйл баримтыг үгүйсгэхгүй.
4.3. Иймд Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт нь уралдаант шалгаруулалтыг дахин зарлах эсхүл шууд гэрээ байгуулах асуудлыг эрх бүхий этгээдийн сонголтод үлдээсэн зохицуулалт гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.
4.4. Гэвч Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Үндэсний хөгжлийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А-18 дугаар тушаалаар концессын шууд гэрээний хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулсан байна.
4.5. Ажлын хэсэг ирүүлсэн саналуудыг үнэлж улмаар Т ХХК-ийн саналыг сонгосны дараа Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” 238 дугаар тогтоол гарчээ. Энэ тогтоолоор “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийг зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх концессын гэрээг Т ХХК-тай байгуулах зөвшөөрлийг Үндэсний хөгжлийн газрын даргад олгосон байна. Энэ хүрээнд Үндэсний хөгжлийн газар болон Т ХХК 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр маргаан бүхий концессын гэрээг байгуулжээ.
4.6. Нэхэмжлэгч “Х” НҮТББ нь концессын гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг гэрээг байгуулах зөвшөөрөл олгосон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” 238 дугаар тогтоолтой маргаагүй, энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргахыг хориглосон бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж, тэр хүрээнд шүүх шийдвэр гаргана.
4.7. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 238 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа нөхцөлд уг тогтоолоор тусгайлан олгосон зөвшөөрлийн дагуу байгуулсан концессын гэрээг зөвшөөрөл олгосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлд хамаарах зөрчлөөр илт хууль бус гэж тогтоох боломжгүй буюу Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан нөхцөл бүрдсэн эсэх нь юуны өмнө шууд гэрээ байгуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэрийн хууль зүйн үндэслэлтэй холбоотой асуудал юм.
5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13/9105 дугаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гарахаас өмнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1-648, Манлай сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1-243, Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/746, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 05/613 дугаар албан бичгээр холбогдох саналыг хүргүүлсэн. “М” ХХК-ийн боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч 2021 онд баталсан байна.
5.1. Уг үнэлгээг боловсруулах явцад Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2, 3, 5 дугаар баг, Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант, Өгөөмөр баг, Цогтцэций сумын Цагаан-Овоо, Билгэх, Сийрст багийн иргэдийн Нийтийн Хурлаар төслийг хэлэлцсэн талаарх тогтоол, тэмдэглэл зэрэг баримт хэрэгт авагджээ.
5.2. Концессын гэрээ байгуулах болон уг гэрээгээр тохирсон төслийг хэрэгжүүлэх ажиллагаа нь эрх зүйн үр дагаврын хувьд адилгүй. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ нь төслийг бодитоор хэрэгжүүлэхийн өмнө хийгдэх ажиллагаанд хамаарах тул гэрээ байгуулснаас хойш үнэлгээ хийлгэсэн нөхцөл дангаараа концессын гэрээг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн нөлөөллийн үнэлгээний ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар үүсэх маргаан нь тухайн дүгнэлт, тайлан болон тэдгээрийг үндэслэн гаргасан шийдвэрт хамаарахаас бус концессын гэрээний илт хууль бус шинжийг шууд тогтоохгүй.
6. Авто замын чиглэл, тусгай хамгаалалттай газар нутаг, түүх, соёлын дурсгалтай холбоотой гомдлын тухайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 326 дугаар тушаалаар “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн авто замын чиглэлийг баталсан байна. Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/41 дүгээр албан бичгээр хүргүүлсэн археологийн урьдчилсан хайгуул, судалгааны дүгнэлтэд 26 дурсгал илрүүлснээс 13 дурсгал авто замын чиглэлийн нөлөөлөлд өртөхөөр байгааг тэмдэглэж, тэдгээрийг хамгаалах болон авто замын чиглэлийг өөрчлөх арга хэмжээ авахыг зөвлөжээ. Тухайн баримт нь төслийг хэрэгжүүлэхдээ дурсгалуудыг хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай талаар дурдсан боловч энэ үндэслэлээр концессын гэрээг илт хууль бус гэж үзэх боломжгүй байх бөгөөд хэрэгт авагдсан авто замын чиглэлийн судалгаа, холбогдох байгууллагын лавлагаагаар уг зам Говийн бага дархан цаазат газар болон Эргэлийн зоо байгалийн нөөц газрын хилийн дотор давхацсан нь тогтоогдохгүй байна.
6.1. Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 61 дүгээр албан бичигт Буттайн булгийн урсацыг хаасан түр шороон даланг буулгаж, газрыг нөхөн сэргээсэн болон авто замд ус нэвтрүүлэх гүүр барьсан талаар дурдсан байна. “М” ХХК-ийн 2024 оны байгаль орчны төлөвлөгөөт аудитын тайланд төслийн байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг 78.6 хувь буюу хангалттай гэж үнэлжээ. Эдгээр баримт нь төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчинд нөлөөлсөн нөхцөл болон авсан арга хэмжээнд хамаарна.
Харин тухайн төслийг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил нь холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болж болох боловч уг нөхцөлөөр 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан концессын гэрээг анхнаасаа илт хууль бус гэж тогтоох үндэслэлгүй.
6.2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасанчлан нэхэмжлэгчээс “авто замын чиглэл малчдын өвөлжөө, хаваржааны газартай давхацсан” гэж маргасан боловч тухайн иргэдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, газрын солбицол болон авто замын батлагдсан чиглэлийн давхцалыг нэг бүрчлэн тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна. Төслийн зориулалтаар газар олгосон сумдын Засаг даргын захирамж хуульд нийцсэн эсэх, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцал үүссэн эсэх нь тухайн газар эзэмшүүлэх шийдвэрийн хууль зүйн үндэслэлд хамаарна.
7. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол илт хууль бус байхаар заасан. Энэ үндэслэлээр гэрээг илт хууль бус болохыг тогтоолгохын тулд гэрээний агуулга, түүнийг байгуулах эрх хэмжээ болон гэрээ байгуулахад зайлшгүй мөрдөх журмыг зөрчсөн нөхцөл нь тодорхой, эргэлзээгүй тогтоогдсон байх шаардлагатай. Нэхэмжлэгчийн дурдсан нөхцөлүүдийн зарим нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 238 дугаар тогтоолыг гаргасан ажиллагаанд, үлдэх хэсэг нь концессын гэрээ байгуулснаас хойших төслийн хэрэгжилт, байгаль орчны үнэлгээ, авто замын чиглэл болон газар эзэмшүүлэх шийдвэрт хамаарч байна. Эдгээр нөхцөлөөр маргаан бүхий концессын гэрээ Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан илт хууль бус шинжтэй болох нь тогтоогдохгүй.
7.2. Маргаан бүхий концессын гэрээг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй тул уг гэрээний улмаас байгалийн нөөц бүхий газар, түүх, соёлын үнэт зүйлд 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгийн, тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгийн хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэгч хохирлын төрөл, хэмжээ, түүнийг тооцсон аргачлал, концессын гэрээ болон хохирлын хоорондын шууд шалтгаант холбоог тодорхойлж, нотлоогүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0540 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаашүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.ОДМАА