Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 41

 

                                        Ш.Ч холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Билэгсайхан

Яллагдагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал

Яллагдагч Ш.Ч

           Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЗ/240 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Билэгсайханы бичсэн эсэргүүцлээр Ш.Ч холбогдох эрүүгийн 1714001810258 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Монгол Улсын иргэн,  Ш.Ч, 1963 оны 8 дугаар сарын 11-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Олон улсын бага сургуулийн захирал ажилтай, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаар зарлигаар Монгол улсын гавъяат багш цол тэмдэгээр, 2009 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй,

Ш.Ч нь нийтийн албан тушаалд буюу Баянхонгор аймгийн мэргэлжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр багш, ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах тухай 51 тоот тушаал гаргаж, 25 багш, ажилтанд 8.750.000 төгрөгийн цалин олгож, улмаар багш ажилтнуудаас буцаан хураан авч

2016 оны 02 дугаар сарын 15-ны үед дотуур байранд амьдардаг суралцагчдын 2 дугаар сарын хоолны мөнгөнөөс 7.433.500 төгрөг бэлнээр авч

Хөдөлмөрийн яамнаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон 50.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд хуурамч гэрээ байгуулан нэр бүхий 9 компани, 3 иргэний данс руу шилжүүлж, улмаар уг мөнгийг буцаан хураан авч ашигласан.

Мобиком компаниас хувьдаа худалдаж авсан гар утасны болон өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын хэрэглээний төлбөрт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 030037009 дугаар данснаас 2.159.900 төгрөгийг төсвийн хөрөнгөөр төлүүлж, төсөвт их хэмжээний буюу нийт 68.343.400 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Ш.Ч нь нийтийн албан тушаалд буюу Баянхонгор аймгийн мэргэлжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр багш, ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах тухай 51 тоот тушаал гаргаж 25 багш, ажилтанд 8.750.000 төгрөгийн цалин олгож улмаар багш ажилтнуудаас буцаан хураан авч

2016 оны 02 дугаар сарын 15-ны үед дотуур байранд амьдардаг суралцагчдын 2 дугаар сарын хоолны мөнгөнөөс 7.433.500 төгрөг бэлнээр авч

Мобиком компаниас хувьдаа худалдаж авсан гар утасны болон өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын хэрэглээний төлбөрт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 030037009 дугаар данснаас 2.159.900 төгрөгийг төсвийн хөрөнгөөр төлүүлж

Хөдөлмөрийн яамнаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон 50.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд хуурамч гэрээ байгуулан нэр бүхий 9 компани, 3 иргэний данс руу шилжүүлж, улмаар уг мөнгийг буцаан хураан авч тус тус завшсаны улмаас төсөвт их хэмжээний буюу 68.343.400 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

              Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ш.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Ш.Ч холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан ажиллагаануудыг хийгээгүй гэж үзэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов.

Үүнд: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №50 дугаар магадлалаар яллагдагч Ш.Ч холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Уг магадлалд Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №26 тоот дүгнэлтийг.... захирал Ш.Чгийн хувийн харилцах дансанд шилжүүлсэн 52.535.000 төгрөг ...бүхэлд нь баримтлаагүй, түүнчлэн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш болсон нэмэлт болон дахин шинжээч томилох, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй талаар тусгагдсан байна.

Шүүхийн Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №213 дугаар шинжээчийн дүгнэлтэд...

4 дэх хариултанд.... Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хяналт- шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2017/07, 2017/08, 2017/09, 2017/10, 2017/13 дугаартай актууд нь үндэслэлтэй байна. Шинжилгээнд Баянхонгор аймаг дахь Политехникийн коллежийн 2015-2016 оны төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шалгалтаар захирлаар ажиллаж байсан Ш.Ч холбогдох нийт 122.778.400 төгрөгийг зөрчил дутагдал гаргасан байна. Үүнээс Ш.Чсээс гар утасны төлбөр болох 2.159.900 төгрөгийг санхүүгийн баримтаас хасч , 120.618.500 төгрөгийн үлэгдэл дутагдлыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Учир нь актаар тавигдсан орлогуудыг хэрхэн, юунд зарцуулсан талаар нягтлан бодох бүртгэлд тусгаагүй, бодит хохирлыг нотлох санхүүгийн анхан шатны баримт бүрэн биш, шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь шинжилгээний объектын шаардлага хангахгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна...

5 дахь хариултанд....Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №26 дугаартай эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь тухайн үед шинжилгээнд ирүүлсэн баримтуудаас гадна дахин шинжилгээнд хавтаст хэргүүд нэмэгдсэн... бичигдсэн бөгөөд уг дүгнэлт тусгагдсан шинжилгээний хариу тодорхой биш, хэргийн бодит байдал, бусад нотлох баримтуудтай нийцэхгүй зөрчилдөх, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №26 дугаартай эдийн засгийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, зөв зүйтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байдал байгаа тул дахин шинжээч томилох, мөн гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй талаар тусгагдсан байхад гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй буюу магадлалд заагдсан ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй бөгөөд дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч Ш.Ч холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Билэгсайханы бичсэн 16 дугаар эсэргүүцэлд: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэгээр хянан хэлэлцээд “213 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тодорхой биш, хэргийн бодит байдал, бусад нотлох баримтуудтай нийцэхгүй зөрчилдөх...давж заалдах шатны шүүхийн 50 дугаартай магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийгдээгүй...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

Учир нь Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ДШМ/50 дугаартай магадлалаар “шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ заагаагүй, шинжээчийн дүгнэлт гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй тул шинжээчийн дахин дүгнэлт гаргуулах" үндэслэлээр хэргийг прокурорт буиааж шийдвэрлэсэн бөгөөд магадлалд заасны дагуу Шүүхийн шинжилгзэний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 213 дугаартай дахин дүгнэлт гарсан.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 213 дугаартай шинжээчийн дахин дүгнэлтээр хэрэгт урьд гарсан шинжээчийн 026 дугаартай дүгнэлт бүрэн үндэслэлтэй байна гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн. Учир нь шинжээчийн 026 дугаартай дүгнэлтээр “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2017/10 тоот актыг үндэслэлгүй” гэж үзсэн боловч бүрэлдэхүүнтэй шинжээчийн 213 дахин дугаартай дүгнэлтээр “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2017/10 тоот актыг үндэслэлтэй” гэж үзсэн учраас шинжээчийн 026 дугаартай дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээр байна гэж дүгнэсэн. Шинжээчийн дахин дүгнэлтээр анхдагч дүгнэлтийг өөрчлөх эрх нь нээлттэй билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжпэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус хуульчилсан атал шүүх хуульд заасан энэ үүргээ биелүүлэхгүйгээр дүгнэлтэд тусгагдсаны шинжилгээний хариу тодорхой биш, хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн шүүгчийн захирамжид “шинжээчийн дүгнэлт нь бусад нотлох баримтуудтай нийцээгүй...гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй...” гэж заасан боловч шинжээчийн аль дүгнэлт нь хэрэгт авагдсан ямар ямар нотлох баримттай нийцэхгүй байгаа болох, хэн хэн гэдэг гэрчийн мэдүүлэг хэрхэн зөрчсөн талаар тусгаагүй тул уг ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа юм.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр болжээ.

Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүхийн 50 дугаартай магадлалд шинжээчийн дүгнэлт гэрчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй гэж дүгнэсэн болохоос биш гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй гэж дүгнээгүй атал гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах гэж заасан нь үндэслэлгүй бөгөөд шинжээчийн дахин дүгнэлт гарснаас магадлалд заасан ажиллагааг бүрэн биелүүлсэн гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг заана” гэж хуульчилсаны дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шинжээчийн дүгнэлтийн аль хэсгийг хүлээн зөвшөөрсөн аль хэсгийг зөвшөөрөөгүй талаараа тодорхой дурьдаж өгсөн.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар Ш.Ч нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төвийн суралцагч нараас 2015, 2016 онуудад 52.535.000 төгрөгийг хураан авч, хувьдаа ашигласан, өөртөө давуу байдал бий болгосон гэх үндэслэл тогтоогдоогүй ба Ш.Ч нь суралцагчдаас мөнгө хураах талаар ямар нэгэн шийдвэр гаргаж хэрэгжүүлээгүй, багш нар хамтын шийдвэрийг амаар гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул уг хэргийг прокуророос 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2017/08 тоот актаас 48, 49 дугаартай тушаалаар мөнгө гаргасан гэх асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Ш.Ч нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тушаалууд байсан бөгөөд уг тушаалын дагуу багш, ажилтан нарт олгосон мөнгийг Ш.Ч нь авч ашиглаагүй нь тогтоогдсон тул уг хэргийг прокуророос 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шинжээчийн дахин дүгнэлтээр прокуророос хэрэгсэхгүй болгосон дээрх хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй бөгөөд прокурорын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЗ/240 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Б.Билэгсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжинд зааснаар хийлгэх ажиллагаа нь тодорхой буй байгаа, шинжээчийн дүгнэлтүүдийн аль хэсгүүд хоорондоо зөрүүтэй байгаа нь тодорхойгүй байгаа. Мөн 50.000.000 төгрөгийг гадаад руу өөрийнхөө дансаар шилжүүлсэн байдаг. Хууль дүрмийнхээ дагуу бол тендер зарлах ёстой ажиллагааг зохион байгуулалгүйгээр завшсан үйлдэл байдаг. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 Яллагдагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэрч нарыг дахин асууж, 50 сая төгрөгийг байгууллагад зарцуулахаар шийдвэрлэсэн эсэхийг бүрэн тогтоогоогүй байдаг. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 Прокурор Б.Билэгсайханы давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг хянахад:

Прокуророос Ш.Ч нийтийн албан тушаалд буюу Баянхонгор аймгийн мэргэлжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр багш, ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах тухай 51 тоот тушаал гаргаж, 25 багш, ажилтанд 8.750.000 төгрөгийн цалин олгож, улмаар багш ажилтнуудаас буцаан хураан авч,

2016 оны 02 дугаар сарын 15-ны үед дотуур байранд амьдардаг суралцагчдын 2 дугаар сарын хоолны мөнгөнөөс 7.433.500 төгрөг бэлнээр авч,

Хөдөлмөрийн яамнаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон 50.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд хуурамч гэрээ байгуулан нэр бүхий 9 компани, 3 иргэний данс руу шилжүүлж, улмаар уг мөнгийг буцаан хураан авч ашигласан,

Мобиком компаниас хувьдаа худалдаж авсан гар утасны болон өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын хэрэглээний төлбөрт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 030037009 дугаар данснаас 2.159.900 төгрөгийг төсвийн хөрөнгөөр төлүүлж, төсөвт их хэмжээний буюу нийт 68.343.400 төгрөгийн хохирол учруулсан тус тус үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Мөн Ш.Ч нь нийтийн албан тушаалд буюу Баянхонгор аймгийн мэргэлжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр багш, ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах тухай 51 тоот тушаал гаргаж 25 багш, ажилтанд 8.750.000 төгрөгийн цалин олгож улмаар багш ажилтнуудаас буцаан хураан авч

2016 оны 02 дугаар сарын 15-ны үед дотуур байранд амьдардаг суралцагчдын 2 дугаар сарын хоолны мөнгөнөөс 7.433.500 төгрөг бэлнээр авч

Мобиком компаниас хувьдаа худалдаж авсан гар утасны болон өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын хэрэглээний төлбөрт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 030037009 дугаар данснаас 2.159.900 төгрөгийг төсвийн хөрөнгөөр төлүүлж

Хөдөлмөрийн яамнаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон 50.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд хуурамч гэрээ байгуулан нэр бүхий 9 компани, 3 иргэний данс руу шилжүүлж, улмаар уг мөнгийг буцаан хураан авч тус тус завшсаны улмаас төсөвт их хэмжээний буюу 68.343.400 төгрөгийг хохирол учруулсан тус тус үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус хэрэгт Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ДШМ/50 дугаартай магадлалд заагдсан ажиллагааг бүрэн хийж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 213 дугаар дүгнэлтийг дахин гаргуулсан байна.

Шүүх шаардлагатай гэж үзвэл гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлгийг сонсож, гэрчийн мэдүүлгийг үнэлж байгаа тухайгаа зааж, зөрүүтэй байгаа гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байх бүрэн боломжтой юм.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүгдийг шалган тогтоосон байх тул Ш.Ч холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлуудыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд прокурорын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

                Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

              зүйлийн 1.3-д тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЗ/240 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ш.Ч холбогдох эрүүгийн 1714001810258 дугаар эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар яллагдагч Ш.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

       3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.