| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/05277/И |
| Дугаар | 101/ШШ2021/00431 |
| Огноо | 2021-02-03 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2021/00431
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ш.Х холбогдох
Хөлсөөр ажиллах гэрээний үүргээс учирсан хохирол 16,200, 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.*******э нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах миний автомашины сэлбэг хэрэгслийн дэлгүүрт борлуулагчаар 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл ажилласан болно. Энэ үедээ 4 нэр төрлийн 16,200,000 төгрөгийн үнэ бүхий авто машины сэлбэг хэрэгслийг шамшигдуулж надад хохирол учруулсан. Ш.*******ийн шамшигдуулсан сэлбэг хэрэгслийн жагсаалт Тоёота ланд круйзер 200 авто машины бүтэн биеийн ком /2013 он/ -2,800,000 төгрөг, Тоёота ланд круйзер 200 авто машины үйлдвэрийн обуд /2017 он/-2,200,000 төгрөг, тоёота ланд круйзер 200 авто машины их гэрлийн ком 1 ширхэг /2015 он/-2,200,000 төгрөг, тоёота ланд круйзер 200 авто машины бүтэн биеийн ком 1 ширхэг/2016 он/-9,000,000 төгрөг нийт 16,200,000 төгрөг. Би Ш.*******эд хохирлоо барагдуулах саналыг удаа дараа тавьж байсан боловч өр төлөлтийг хойшлуулж өгөхийг тухай бүрд хүсэж байсныг зөвшөөрсөөр ирсэн тул өнөөдрийг хүртэл эд хөрөнгийн хохиролтой хэвээр байна. Ш.*******э надад 16,200,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулснаас үүдэн манай сэлбэг хэрэгслийн дэлгүүрийн эргэлтийн хөрөнгө тасалдаж улмаар тухайн үеэс өнөөдрийг хүртэл үйл ажиллагааны доголдолд ороод байна. Би өөрийн багын найз болох Ш.Хан-Эрдэнэд итгэж өөрийн дэлгүүрт борлуулагчаар ажиллуулан цалинжуулж байсан бөгөөд ямар нэгэн гэрээ бичгээр үйлдэж байгаагүй, түүнд өглөггүй болно. Миний бие цаашид хүлээх боломжгүй бөгөөд 4 нэр төрлийн сэлбэг хэрэгслийн үнэ болох нийт 16,200,000 төгрөгийг Ш.*******ээс гаргуулан авах хүсэлтэй байх тул шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.*******э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан болно. Ажиллаж буй хугацаанд ажлыг санаачилгатай өөриймсөг хийж гүйцэтгэсэн. Б.*******ын ээжийн бие өвдөж ******* улс руу эмчилгээнд явахдаа дэлгүүрийн эд хөрөнгийг надад үлдээгээд явсан. Б.******* 2018 оны 01 дүгээр сард Монголд ирсэн бөгөөд миний бие түүний эзгүйд өөрийн хэрэгцээндээ 7,000,000-8,000,000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг миний бие байрны түрээсийн төлбөр өр шир гэх мэт зарцуулсан болно. Б.******* тухайн үед болон саяхныг болтол 8,000,000 төгрөг төлөхөөр ярилцаж байсан. Гэвч өнөөдөр гэнэт 4 нэр төрлийн 46,200,000 төгрөгийг нэхэмжилсэн нь баримт нотолгоогүй ор үндэслэлгүй өрийг удаасан гэх үндэслэлээр 16,200,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдоос гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ш.*******эд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 16,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.*******эд холбогдох нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид шуудангаар хүргүүлж, эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, 12 дугаар сарын 11-ний өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлан баримт №4, №5-д гарын үсэг зуруулжээ./хх-ийн 13-16 дугаар тал/
Тус шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09.00 цагт товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч Ш.*******э шүүх хуралдааныг 3 дугаар сар хүртэл хойшлуулах хүсэлтийг шүүгчийн хүсэлт хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2. 16,200,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ш.*******э нар харилцан тохиролцож 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн авто машины сэлбэг хэрэгслийн дэлгүүрт борлуулагчаар ажиллуулахаар тохиролцжээ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиглуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд хөлсөөр гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй.
Талууд хөлсөөр ажиллах гэрээнд заасан цалин хөлсний талаар маргаагүй, харин ажиллагч нь ажиллуулагчаас хүлээн авсан эд хөрөнгийн үнийг буцаан төлөөгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн талаар маргаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч ...манай дэлгүүрт үнийн дүн тодорхой, нэр төрлийн сэлбэг хэрэгсэл байдаг, тэдгээрийг Ш.*******эд итгэлцлийн дагуу хүлээлгэн өгсөн. Данс тооцоо хөтлөөгүй, хариуцагч шүүхэд өгсөн тайлбартаа Б.******* 2018 оны 01 дүгээр сард Монголд ирсэн бөгөөд миний бие түүний эзгүйд 7,000,000-8,000,000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна.Уг мөнгийг миний бие байрны түрээсийн төлбөр, өр шир гэх мэт зарцуулсан болно. Б.******* тухайн үед болон саяхныг болтол 8,000,000 төгрөг төлөхөөр ярилцаж байсан.гэж тус тус тайлбарласан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ш.*******эд хэдэн төрлийн, хэдэн ширхэг, хэдэн төгрөгийн үнэ бүхий сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгсөн талаар баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй, харин Ш.*******э нь Б.*******ын өмнө хүлээсэн үүргийн дагуу худалдан борлуулсан ******* авто машины сэлбэг хэрэгслийн үнийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлоогүй хэдий ч хариуцагч нэхэмжлэгчээс хүлээн авсан ******* авто машины сэлбэг хэрэгслийг худалдан борлуулж 7,000,000-8,000,000 төгрөгийг өөртөө хэрэглэсэн буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 16,200,000 төгрөгийн 50 хувь болох 8,100,000 төгрөгийг гаргуулж олгох зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ш.Хээс 8,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 119,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ