| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0044/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/51 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,
шүүгдэгч В.Н, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д В.Нод холбогдох эрүүгийн 2434000000008 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Өндөрширээт суманд 1984 оны 11 дүгээр сарын 30-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон, Д В.Н.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч В.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч В.Н:
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434000000008 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч В.Нын согтуугаар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Ц гэрт түүнтэй үл ялих зүйлээс болж маргалдаж нүүрэн хэсэгт нь толгойгоороо мөргөж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай ...Ц.Ц биед баруун хөмсөгний зөөлөн эдийн зулгаралт, баруун нүдний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинжээч эмч үзлэг хийсэн тухайн цаг хугацаанаас 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
хохирогч Ц.Ц ...Би 2023 оны 11 дүгээр сарын 27-ний орой 21 цагийн үед өөрийн эзэмшлийн 27-55 ТӨҮ улсын дугаартай Приус 11 маркийн тээврийн хэрэгсэлтэй сумын төв дотор явж байгаад Уранчимэг гэх хүний үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байхад манай сумын хүн болох В.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд надтай мэнд мэндэлж байгаад миний эзэмшлийн машин дотор суугаад гэрт хүргээд өгөөч гэхээр нь би гэрт хүргэж өгөх гээд явж байх үед өөрийн оршин суух гэрийн гадуур явж байхаар нь 2 уулаа манайд ороод гаръя гэж хэлээд хамт хашаа руу орсон чинь В.Н нь хашаан дотор байсан гөлөг өшиглөхөөр нь чи яагаад гөлөг өшиглөж байгаа юм болиоч гэж хэлсэн чинь чамд хамаагүй шүү гэж хэл амаар доромжилж байгаад миний хоолойг дээлийн захаар боож байгаад миний баруун талын нүд хэсэг болон толгой хэсэгт 5-6 удаа толгойгоороо мөргөх үед нь миний хөмсөг хэсгээс цус гарах үед В.Н нь хашаанаас гараад яваад өгөхөөр нь би шууд эмнэлэг орж боолт хийлгэж, цусаа тогтоосон юм. Машин дотор бид 2-р хоорондоо маргалдаж, зодолдсон ямар нэгэн асуудал байхгүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, харин В.Н бол нэлээн согтолтой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Урьд өмнө бол маргалдаж, зодолдож байсан удаа байхгүй. Манай эхнэр Г.Түмэнбаяр байсан. Миний биед учирсан гэмтэл байна, шүүх эмнэлэгт үзүүлнэ... /хх-ийн 9 дүгээр хуудас/
түүний дахин өгсөн ...Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй байна. Надад гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон нэхэмжлэх баримт байхгүй гэхдээ Төв Аймгийн Өндөрширээт сумаас Зуунмод суманд очиж Шүүх эмнэлэгт үзүүлж буцаж Өндөрширээт суманд ирсэн гэх 170.000 төгрөгийн шатахууны зардал авах хүсэлтэй байна. Өөрөөр надад нэхэмжлэх санал хүсэлт, гомдол байхгүй байна... /хх-ийн 10 дугаар хуудас/,
гэрч В.Нын ...Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангид суралцаад сургуулиас гарсан. Би уншиж бичиж чадахгүй. Надад хууль эрх зүйн мэргэжилтэн байлцуулан мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Би эрх үүрэгтэй танилцаж ойлголоо надад асууж тодруулах зүйл байхгүй байна. Би Ц.Цэрэнсамбуу хэмээх хүнийг танина, манай Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат хүн байна. Сумын сант 4 дүгээр багийн нутаг буюу сумын төв дээр байдаг хүн. Би Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн нутагт байх өөрийн гэрээсээ гараад Урнаагийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байхад Цэрэнсамбуу ах өөрийн эзэмшлийн приус 10 маркийн автомашинтай хүрээд ирэхээр нь “Та намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлээд машинд суусан чинь Цэрэнсамбуу ах манай гэрт ороод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үү архи байгаа гэж хэлэхээр нь” би зөвшөөрөөд хашааны гадаа зогсоод машинаас нь буугаад хашаа руу орсон чинь гөлөг байхаар нь би уг гөлгийг өшиглөсөн чинь Цэрэнсамбуу ах уурлаад чи нохой өшиглөдөг хэн бэ гээд миний хамар хэсэгт нэг удаа гараараа цохих үед нь би дээлийн захаар нь хоолойг нь боож байгаад толгой хэсэгт нь өөрийнхөө толгойгоор 1 удаа мөргөөд бид 2-р ноцолдож байгаад би За Цэрэнсамбуу ахаа одоо болио би явлаа гэж хэлээд гараад явсан. Бид 2-р согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Түмэнбаяр эгч байсан өөр хүн байгаагүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэх хүсэлтгүй байна... /хх-ийн 12 дугаар хуудас/,
гэрч В.Ш ...Ваанчиг овогтой Н гэх хүнийг танина, миний төрсөн дүү байна. В.Н нь сургуульд сурч байгаагүй, одоо эрхэлсэн ямар нэгэн ажил хөдөлмөр байхгүй. Эхээс 5уулаа бөгөөд В.Н нь 4 дэх хүүхэд юм. Архи согтууруулах ундааны зүйл заримдаа ууж хэрэглэдэг. Эмнэлгийн хяналтад байдаг. Унаж татах, тархины харвалт өгдөг өвчинтэй. Төв аймгийн Нэгдсэн эрүүл мэндийн төв дээр хяналтад байдаг. В.Н нь Цэрэнтогтох гэх нэртэй 13 настай эрэгтэй хүүхдийн хамтаар амьдардаг, эхнэр байхгүй. Сайн мэдэхгүй байна... /хх-ийн 14 дүгээр хуудас/,
гэрч Г.Т ...Ц.Цэрэнсамбуу гэх хүн нь миний нөхөр байгаа юм. Харин В.Н гэх хүнийг сайн мэдэхгүй гэхдээ манай Өндөрширээт сумын хүн байгаа юм. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн орчимд гэрийн гаднаас манай нөхөр Цэрэнсамбуу, В.Н нар нь хоорондоо маргалдаж муудалцсан байдалтай гэрт орж ирээд гэрийн баруун талын ор, тавилга хэсэгт хоорондоо ноцолдож, зодолдож эхлэхээр нь би айсандаа гэрээс гарч цагдаа дуудаад гэртээ орохгүй байж байхад цагдаа ирэхээр нь яваад орсон ч энэ хоёр хүн нь байхгүй байсан. В.Н нь Ц.Цэрэнсамбуугийн толгой нүүр хэсэгт мөргөж, цохиод байсан өөрөөр бол сайн хараагүй. Тухайн үед хоёулаа согтуу байсан... /хх-ийн 16 дугаар хуудас/,
гэрч Н.Д ...Би тус хүнийг танина, би нагац эгч нь байгаа юм миний төрсөн эгч Оюунчимэгийн 4 дэх хүүхэд нь байгаа юм. Төв аймгийн Өндөрширээт сумандаа ажиллаж амьдардаг, хааяа Төв аймагт ирэхээрээ манайхаар ирдэг юм. Энэ хүний ээж, аав нь бол нас барчихсан, өөрөө Өндөрширээт сумандаа төрсөн эгч Шүрэнцэцэгийнхээ хаяаг бараадаад хүүтэйгээ хамт амьдардаг. Эхнэр нь хүүхдээ орхиод салаад явчихсан ганц бие, өрх толгойлсон аав байгаа юм. Эрхэлсэн тодорхой ажилгүй байх чих, тархи, толгойны өвчтэй грүппэд байдаг жил болгон грүпп сунгуулна гээд эмнэлэгт үзүүлэхээр манайд ирдэг юм. Манайд ирэхдээ бол архи тамхи хэрэглэж байгаагүй, архи бол хааяа уудаг юм, харин тамхи бол огт татдаггүй хүн байгаа юм. Тийм зүйл ажиглагдаж байгаагүй. Сургуульд ороод 2 дугаар ангиасаа гарсан гэдэг байсан. Ер нь бол бичиг үсэг тааруухан мэдэхгүйтэй адилхан байх... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
гэрч Д.Б ...Би тухайн үед Төв аймаг Өндөр Ширээт сум Эрүүл мэндийн төвийн уламжлалтын их эмчээр ажиллаж байсан. Тухайн Цэрэндаваа овогтой Цэрэнсамбуу гэх хүн намайг эрүүл мэндийн төв дээр байж байх үед буюу 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг 30 минутад Өндөр ширээт сумын эрүүл мэндийн төвд орж ирж эмнэлгийн анхан шатны тусламж эмчилгээ үйлчилгээ авсан. Баруун талын хөмсөгний дээд хэсэг 1 см орчим сэтэрсэн ил харагдах шархтай байсан. Өөр гэмтэл шарх гэхээр зүйл байхгүй байсан. Надад хэлэхдээ өмнөх орой нь хүнд зодуулсан гэж хэлж байсан өөр зүйл хэлээгүй. Би тухайн үед шархийг нь цэвэрлэж боогоод эм бичиж өгсөн... /хх-ийн 22 дугаар хуудас/,
яллагдагч В.Нын ...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна надад санал хүсэлт байхгүй. Би Цэрэнсамбуу гуайтай хамт гэр рүү орсон юм, намайг орох үед хашаан дотор нь нохойн гөлөг байхаар нь би өшиглөөд гэрт нь ортол Цэрэнсамбуу гуай намайг гэртээ орж ирээд чи миний нохойг өшиглөлөө гэж хэлээд намайг гараараа хамар руу нэг удаа цохьсон юм тэгэхээр нь би архи уучихсан байсан учир уур хүрээд Цэрэнсамбуу гуайг барьж аваад дух руу нэг удаа мөргөсөн чинь хөмсөгнөөс нь цус гараад би гэрээс нь гараад явчихсан юм. Ер нь бол Цэрэнсамбуу гуайд тал шил архи байсан юм түүнийг нь бид хоёр тэдний гэрт орж хувааж уухаар явж байсан юм. Тэдний эхнэр Түмэнбаяр эгч харж байсан. Миний биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гомдол санал байхгүй. Би эцэг эхээс 5 уулаа, аав ээж хоёр маань хоёулаа нас барсан, хамгийн том эгч маань Өндөрширээт суманд цэцэрлэгт тогооч хийдэг, дараагийн ах маань нас барсан, миний дээрх эгч болон доод талын эмэгтэй дүү Сэлэнгэ аймагт ажиллаж амьдарч байгаа, би 2011 онд эхнэр Отгонбаттай танилцаж 2012 онд дундаасаа хүүтэй болж хамт амьдарч байгаад 2013 онд эхнэр маань хүүхдээ хаяад явчихсан одоо би хүүтэйгээ хамт амьдардаг юм, хүү маань одоо 6 дугаар ангид суралцдаг. Би эрхэлсэн ажилгүй хөдөө манай найз дээр цөөхөн хэдэн бог мал байдаг түүгээрээ амьдралын орлого хийж амьдардаг юм.... /хх-ийн 35 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч В.Нын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч В.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч В.Н гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг:
...Шүүгдэгч В.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар:
...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч В.Нын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа сайн дураараа хүлээж хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Гэм буруу дээр маргадаггүй учраас өөр нэмж хэлэх зүйлгүй...гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч В.Н:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч В.Н маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч В.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч В.Н нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч В.Нын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч В.Н нь хохирогч Ц.Ц биед баруун хөмсөгний зөөлөн эдийн зулгаралт, баруун нүдний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгч В.Нод хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун хөмсөгний зөөлөн эдийн зулгаралт, баруун нүдний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч В.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч В.Нын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц биед баруун хөмсөгний зөөлөн эдийн зулгаралт, баруун нүдний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ц.Ц нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 46 дугаар хуудаст авагдсан түүний хүсэлт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч В.Н энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг:
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөдөгч П.Ганбаатар:
...Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Гэм буруу дээр маргадаггүй. Өөр нэмж хэлэх саналгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч В.Н:
...Хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч В.Ныг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч В.Н торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2434000000008 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч В.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д В.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д В.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д В.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д В.Нод шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2434000000008 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч В.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д В.Нод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д В.Нод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН