| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0051/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/56 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэрэнтогтох |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Б.Цэрэнтогтох,
шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х О.Нт холбогдох эрүүгийн 2334002990440 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 2000 оны 06 дугаар сарын 24-нд өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 266 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нийт 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, Х О.Н.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч О.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч О.Н:
...Манай хамаатны дүү согтуу хэдэн хүмүүс намайг зодчихлоо гэж дуудсан. Би хөдөөгөөс орж ирсэн байж таарсан. Явж очиход дээл хувцас нь урагдсан байсан. Ямар хүмүүс байсан гээд гэрт нь очоод яасан юм бол гэж асуухад чи юу нь юм бэ гээд маргалдсан. Гаднаас нэг залуу орж ирээд зодоон эхэлсэн. 4,5 уулаа согтуу байсан. Жижигхэн залуу гүйж гараад нэгийгээ дуудсан. Чи буудлын цонх нүдээд байсан уу гээд орж ирээд цохисон. Би ямар буудал яриад байгааг ч мэдээгүй. Нэг амбаарт байсан. Тэндээс гарах гэж байхад нэг залуу нь эвэртэй алх, том сүх барьчхаад алаад хаячихъя гээд байхаар нь зугтаж гараад араас гүйж ирээд нэгэнтэй нь муудсан. Тэр нь хохирогч Мөнхсайхан байсан... гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б:
...Манай нөхөр тэнд ажилладаг. Манай эгч, эгчийн нөхөр бид хэд эргэж очсон. Тэд нар вагончик дотор байрладаг байсан. Бид хэд хүүхэдтэйгээ очсон байсан учраас буудалд байрласан. Бид хэд орой нь жаахан пиво уугаад буудалдаа байж байхад гээд байж байхад хоёр хүүхэд ирээд цонх цохиод байсан. Манай нөхрийн хоёр найз нь бид 4-ийг үлдээгээд вагончик руугаа амарна гээд явсан. Манай нөхрийг найз нь ирээд дуудсан. Замд хоёр хүн өдөөд архи авч өгчих, тамхи байна уу гээд хоргоогоод явуулахгүй байна. Аргалаад явуулсан чинь араас дагаж ирээд вагончик нүдээд ална тална гээд хаалга үүд цохиод амраахгүй байна. Бид хэд дээр ороод ирсэн гээд манай нөхрийг дагуулаад гарсан. Тэгээд бид хэдийг унтаж байхад хутгалуулчихлаа гээд орж ирсэн. Хутга нь хоолойгоор нь өнгөрөөд ар нуруу дээр нь гэмтсэн байсан. Манай нөхөр өдрийн 200.000 төгрөгөөр ажилладаг байсан. Гэмтэл авснаас хойш гараа хөдөлгөж чадахгүй ажлаа хийгээгүй. Ажилгүй байсан хугацааны цалин болон эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Ажилгүй байсан хугацааны цалингийн талаар баримт хэрэгт байхгүй... гэж тус тус мэдүүлдэг.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2334002990440 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч О.Н нь согтуугаар 2023 оны 05 дугаар сарын 17-ны шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн төвд “намайг цохих гэж дайрлаа” гэх шалтгаанаар Э.М нуруу руу хутгалж эрүүл мэндэд нь “цээжний ар хананд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 294 дугаартай ...Э.М биед цээжний ар хананд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цэргийн төв эмнэлгийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн яаралтай тусламжийн эмчийн үзлэгээр оношлогдсон байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
хохирогч Э.М ...Би Улаанбаатар хотоос 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд барилга барихаар ирсэн юм. 2023 оны 05 дугаар сарын 16-ны орой тус сумын төвд байрлах Идэр нэртэй буудалд амрахдаа Өнөржаргал, Саранцогт, Баярсайхан нартай буудлын өрөөнд 3 шил 0.75 грамм архи хувааж уусан. Тэгээд Баярсайхан Өнөржаргал хоёр барилга барьж байгаа газартаа очиж унтана гээд явсан буудалд Саранцогт болон манай эхнэр Болормаа, эгч Мөнхгэрэл нар үлдсэн. Болормаа, Мөнхгэрэл хоёр огт архи уугаагүй эрүүл байсан. Би ганцаараа бие засах гээд гарахад буудлын гадна 2 танихгүй залуу намайг дуудаад пизда минь нааш ир гээд байсан. Би найзыгаа аваад гараад ирье гээд буудалдаа орсон тэгээд буцаж гараагүй. Өрөөндөө амарч байтал буудлын өрөөний цонх нүдээд гараад ир ална гээд байсан. Тэгэхээр нь би хамт ажилладаг Баясгалан гэх залуу руу утсаар залгаад буудалд хүрээд ир намайг танихгүй залуучууд ална гээд байна гэж хэлсэн Баясгалан удалгүй ирсэн. Би Баясгалантай хамт буудлаас гарахад хүн байхгүй байсан. Тэгээд Баясгалан бид хоёр барилга барьж байсан газартаа очиход бид нарын амардаг вогончигт нөгөө танихгүй хоёр залуу орчихсон Өнөржаргал, Баярсайхан хоёртой юм яриад сууж байсан. Би тэр хоёр залууг ахын дүү нар энд юу хийж байгаа юм харьцгаа гэсэн чинь чи хэн бэ хүний нутагт ирчхээд гээд нар руу дайраад байсан тэгээд бид нар вогончигоос гараад гадаа байж байтал өнгөө 2 залуугийн нэг хөх өнгийн нударгатай дээлтэй залуу нь миний нуруу руу цохих шиг болсон би араас нь яагаад цохиж байгаа юм гээд очсон чинь баруун гартаа хутга барьчихсан над руу далайгаад байхаар нь би ойртож чадаагүй. Миний нуруу руу нойтон оргойд байхаар нь үзэхэд хутгалчихсан байсан. Би тэр хоёр залууг танихгүй. Одоо харвал би болон надтай хамт байсан хүмүүс бүгд танина. Тэр хоёр залуугийн нэрийг нь мэдэхгүй сүүлд хүнээс сонсоход намайг хутгалсан залууг нь Н гэдэг гэж сонссон. Миний баруун далны хэсэгт хутгалсан мөн ар нуруу хэсэгт хөхөрсөн. Өнөржаргал, Баясгалан нар хараад зогсож байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна... /хх-ийн 11-12 дугаар хуудас/
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б ...Миний нөхөр Энхсайхан овогтой Мөнхсайхан нь 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн. 2012 оноос хойш эхнэр нөхөр болон хамтран амьдарч байгаад 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндий гэх газарт нисэх онгоцны буудал дээр барилгын ажил хийж байгаад барилгын дээвэр дээрээс унаад ухаангүй гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Миний нөхөр Мөнхсайхан нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд очиж барилга барина гээд явсан. Би 2023 оны 05 дугар сарын 15-ны өдөр нөхрөө эргэхээр ирсэн юм. 2023 оны 05 дугаар сарын 16-ны орой тус сумын төвд байдаг Идэр нэртэй буудал караокед нөхөр болон Мөнхгэрэл, Саранцогт нарын хамт ороод буудал аваад ганц нэг юм ууж байгаад талийгаач Өнөржаргал, Баярсайхан нарыг дуудсан тэр хоёр ирээд хэсэг хамт сууж байгаад явж амарлаа гээд явсан. Тэгээд амрах гэж байтал наг танихгүй хүн цонх нүдээд байсан. Тэр залууг Мөнхгэрэл цаашаа яв гээд явуулахаар эргэж ирээд дахиад цонх нүдээд Мөнхгэрэлтэй хэрэлдэж байгаад явсан. Тэгээд унтаж байтал Баясгалан орж ирээд танихгүй согтуу хүмүүс амралтын байранд ирчхээд хэрүүл хийгээд байна гээд талийгаачийг дагуулаад явсан. Өглөө нь 08 цагийн үед талийгаач буудалд орж ирэхдээ ар даландаа хутгалуулчихсан эмнэлэг орж оёдол тавиулаад ирлээ гээд ирсэн. Нэг танихгүй залууд хутгалуулчихсан гэж байсан. Дараа нь надад хэлэхдээ сумын иргэн Н гэдэг залуу намайг хутгалсан байна лээ гэж ярьж байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон бусад хохирлыг баримтаар нэхэмжилнэ... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
гэрч Ө.Б ...Би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос барилгын ажил хийлгэхээр 5 хүн авч ирсэн юм. Тэр хүмүүс баригдаж байгаа барилгын хажууд вогончигт амьдарч байсан юм. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед барилга дээр ажиллаж байсан Насанбурам гэх эмэгтэй надад ярихдаа барилга дээр ажиллаж байсан хүмүүс урд шөнө архи уугаад, вогончигондоо амрах гэж байхад нь сумын 2 танихгүй залуу орж ирээд тэр хоёр залуутай маргалдсан байна. Тэгээд нэг залуу нь Э.Мөнхсайхан гэх залууг хутгалсан байна гэж ярьсан. Би анх барилгын ажил эхлүүлэхдээ тухайн газар хяналтын 2 ширхэг камер тавиулаад дэлгэц болон бичлэг хадгалдаг төхөөрөмжийг нь барилгын ажилчдын байрлаж байсан вогончигт ороод бичлэгийг үзэхэд хяналтын камерын тогийг салгасан тухай үед болсон зүйлийн талаар бичлэг хийгдээгүй байсан. өөр ойр орчимд ямар нэгэн хяналтын камер байхгүй... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Б.Д...Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 11 цагийн үед гэртээ харих гээд Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг Хаан банкны хажууд ганцаараа явж байтал танихгүй хоёр эрэгтэй хүн ирээд намайг хөдөөний хүүхэд нутгийн индиан гээд байсан. Тэгэхээр нь та юу гээд байгаа юм чинь гэсэн чинь намайг нэг залуу нь хавирч унагасан тэгтэл нөгөө хамт байсан залуу нь явъя боль гээд аваад явсан. Би цаашаа явж байгаад Н ах руу залгаад ханаа байгаа юм гэсэн чинь Н ах би баруун талаас төв рүү орж явна гэсэн. Тэгээд удалгүй Н ах морьтой ирсэн. Би Н ахад болсон зүйлийн талаар хэлээд хамтдаа Хаан банкны хажууд байсан нөгөө танихгүй залуучууд дээр очсон. Н ах очоод юу болсон юм яасан юм гэж асуусан чинь нэг танихгүй ах уучлаарай та хоёр ороод ир сайхан танилцая гэсэн тэгээд Н ах бид хоёр вогончигт нь орсон чинь гаднаас нэг согтуу ах орж ирээд цонх нүддэг хэн бэ гээд Н ахыг нэг удаа нүүр рүү нь цохисон тэгээд Н ах бид хоёр гараад зугтсан. Би Н ахаас түрүүлж гүйж байгаад эргээд хартал Н ах нэг цээж нүцгэн залуутай барьцалдаад авсан байсан. Тэгээд Н ах араас гүйж ирээд бид хоёр явсан. Би урд өмнө нь харж байгаагүй, одоо харвал танихгүй. Би тэр залууг танихгүй. Н тухайн үед хутга барьсан зүйл харагдаагүй. Сүүлд надад ярихдаа зугтаж байх үедээ араас гүйж ирсэн залууг нь би хутгалчихсан гэж байсан. Би яг хутгалж байхыг нь хараагүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Нын биед гэмтэл шарх байгаагүй. Надад учирсан гэмтэл, хохирол байхгүй тул гомдол санал байхгүй... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
гэрч Т.Ө ...Би Э.М танидаг найз нөхдийн харилцаатай байсан. Э.М нь 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндий гэх газарт барилгын ажил хийж байгаад унаж гэмтээд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Жаргалант суманд барилга барихаар Баярсайхан, Гантулга, Баясгалан нар хамт ирсэн юм. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр талийгаач Э.Мөнхсайхан ирсэн. 2023 оны 05 дугаар сарын 16-ны орой тус сумын төвд байдаг “Идэр” нэртэй буудал, караокед Э.Мөнхсайхан, К.Болормаа, Саранцогт, Мөнхгэрэл нар байна хүрээд ир гээд намайг дуудсан би Баярсайханы хамт очоод хэсэг сууж байгаад шөнийн 12 цагийн үед Баярсайханы хамт очоод хэсэг сууж байгаад шөнийн 12 цагийн үед Баярсайханы хамт буудлаас гараад барьж байсан барилгын хажууд байдаг амралтын байрлуугаа явж байх үед нэг мотоцикльтой танихгүй залуу таараад бид хоёроос тамхи нэхээд байхаар нь би яв гээд явуулсан. Тэр залуу явахдаа эргэж ирээд та нарыг алнаа гээд явсан. Бид хоёр барилгын байрандаа ирээд амарч байтал манай байрлаж байсан вогончгийг гаднаас нь мотоциклтой залуучууд цохиод байсан. Би вогончигний хаалгыг онгойлгоод харахад урд өмнө таараад ална гээд явсан залуу өөр нэг танихгүй залуутай хамт гартаа төмөр барьчихсан зогсож байсан. Би тэр хоёр залууг төмрөө хаячих эвээр ярилцая гэсэн тэгээд тэр хоёр залуу орж ирээд хэрүүл хйигээд байсан. Тэгтэл Баясаа гараад явсан чинь талийгаач Э.Мөнхсайханыг дагуулаад буцаад ороод ирсэн. Орж ирээд тэр хоёр залуугийн нэгийг нь гараараа цохисон тэгтэл тэр цохиулсан залуу нь Мөнхсайханыг зөрүүлээд цохисон Баясгалан бид хоёр боль гээд салгасан. Тэгээд тэр хоёр залуу гараад зугтсан. Араас нь Мөнхсайхан шатаар буугаад очтол нэг залуу нь эргэж хараад хутгалчихсан. Тэгээд тэр хоёр залуу мотоциклио унаад яваад өгсөн. Тэр хутгалсан залууг Н гэдэг гэж сонссон. Намайг цохиж зодоогүй. Би ч тэр хоёр залууг цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
сэжигтэн О.Нын ...Би Төв аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуульд 2007-2018 онд суралцаж 12 дугаар анги төгссөн. Бүрэн дунд боловсролтой уншиж, бичиж чадна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 01 цагийн үед Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн төвд айлд байж байтал миний танил дүү Дагвасүрэн миний утас руу залгаад ахаа би сумын төвд 2 хүнд зодуулчихлаа гэхээр нь би ирээд Дагвасүрэнгээс зодсон хүмүүс чинь хаана байна гэсэн чинь Хаан банкны хажууд байгаа вогончигт байгаа гэсэн тэгээд би вогончиг дээр нь очсон чинь 3 согтуу залуу гарч ирээд Дагвасүрэнг вогончигруу чирээд оруулсан намайг ороод ир гэхээр нь би ороод тэр залуучуудтай юм яриад сууж байтал яриад сууж байтал нэг залуу нь гараад явсан удалгүй 5 минутын дараа өөр нэг танихгүй залуу дагуулчихсан орж ирсэн. Тэр танихгүй залуу нь гаднаас орж ирээд чи сая цонх нүдээд байсан уу гээд миний нүүрлүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид нар вогончигноос бүгд гараад гудамжинд муудалцсан. Тэд нар гартаа төмөр, мод, алх зэрэг зүйлс бариад Дагвасүрэн бид хоёрлуу дайраад байсан. Тэгээд нэг залуу нь надруу цохих гээд дайрахаар нь гартаа барьж байсан хутгаар ар нуруу дал хэсэгт нь нэг удаа хутгалсан тэгээд зугтаагаад явчихсан. Би тухайн үед бага зэрэг пиво уусан жоохон халамцуу байсан. Би тэр залуучуудыг танихгүй. Урд өмнө нь харж байгаагүй. Би Дагвасүрэнг зодуулчихлаа гэхээр нь авч явах санаатай очсон юм. Тэгээд тэр залуучуудтай вогончигт юм яриад маргалдаж муудалцаагүй сууж байтал гаднаас орж ирсэн залуу нь намайг өшиглөсөн тэгээд бид нар муудалцсан. Надад хутгалуулсан залууг би танихгүй. Би 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр айлд хонь гаргаж өгөөд хутгаа гутлынхаа түрийнд хийчихсэн байсан юм. Тэр хутга одоо байхгүй би хаана хаяснаа санахгүй байгаа. Тухайн үед миний зүүн хацар бага зэрэг хөндүүр, толгой бага өвдөж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Яллагдагч О.Нын ...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, надад сонсгож байгаа прокурорын яллагдагчаар татаж байгаа дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь би мэдүүлэг өгсөн. Надад нэмж ярих зүйл байхгүй. М гэх залуу гэнэт гаднаас орж ирээд шууд нүүрний хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Ингээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Би М ар нуруу хэсэгт нь 1 удаа хутгалсан. Өөр цохиж зодсон зүйлгүй. Хэрэглэсэн байсан. Би бага зэрэг согтолттой, М гэх хүн нэлээн согтуу байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна… /хх-ийн 50 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Цэрэнтогтох:
...Шүүгдэгч О.Н нь согтуугаар 2023 оны 05 сарын 17-ны шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн төд намайг цохих гэж дайрлаа гэх шалтгаанаар Э.М нуруу руу хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Болормаагаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэн болон хэрэгт гаргаж өгөөгүй учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Болормаа нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрт учирсан хохирлыг О.Наа нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээх дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б:
...Гомдолтой байна. Эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны зардлаа нэхэмжилнэ... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:
...О.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мөнхсайханыг намайг цохих гэж дайрлаа гэх шалтгаанаар хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэм буруу дээр маргадаггүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болсон үйл явдлыг тайлбарлаж хэлсэн учраас гэм буруу дээр маргахгүй. Хохирол хор уршгийн хувьд хохирогч нь өөр ослын улмаас нас барсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Болормаа өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож эмчилгээний зардал болон бусад зардлыг нэхэмжилнэ гэж байна. Өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан баримтууд байхгүй учраас үүнийг баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжилбэл О.Нын зүгээс төлөхөө илэрхийлж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч О.Н:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч О.Н болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нь маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч О.Нын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч О.Нын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч О.Н хохирогч Э.М хутгалж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч О.Нын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.М эрүүл мэндэд цээжний ар хананд шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч О.Наас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Цэрэнтогтох:
...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б:
...Яагаад гадуур ажил хийлгэж байгаа юм бол. Хорих ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:
...О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Энэ зүйл нь анги нь 450.000-1.350.000төгрөгийн торгуулийн ял оногдуулах санкцитай. 240.720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын санкцитай. Ийм учраас улсын яллагч нийтэд тусгай хийлгэх ялын саналыг гаргаж байна. О.Нын хувьд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байхгүй гэдгийг улсын яллагч дурдсан. Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээр маргахгүй байгаа. Хохирогчийн хувьд хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй учраас энэ шийтгэх тогтоолоор хохирол төлбөр тооцогдоогүй. Өмгөөлөгчийн зүгээс торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байна. О.Нын хувьд хөдөө хамаатныхаа малыг маллаж 500.000-1.000.000 төгрөгийн орлоготой байгаа учраас торгуулийн ялыг биелүүлэх боломжтой. Хохирогчийн хувьд баримтаар хохирол нэхэмжилбэл төлнө гэдгийг илэрхийлж байгаа учраас торгож өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч О.Н:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагч ...720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... гэсэн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэж байна.
Шүүх шүүгдэгч О.Нт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүх шүүгдэгч О.Нт долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Улмаар шүүх шүүгдэгч О.Нт оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймаг, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч О.Нт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудал
Эрүүгийн 2334002990440 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х О.Нт шүүхээс оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х О.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х О.Нт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2334002990440 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч О.Наас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х О.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х О.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН