| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/05773/И |
| Дугаар | 101/ШШ2021/00432 |
| Огноо | 2021-02-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2021/00432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т.Г-Э-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, шаардлагатай эм тариа сургалт, дугуйлангийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүү хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н-, хариуцагч Т.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие Т.Г-тэй 10 жилийн нэг ангийн хүүхдүүд бөгөөд 2011 оноос эхлэн үерхээд 2014 онд би жирэмсэн болсон. Охин Н.Ц-2015 оны 01 дүгээр арын 19-ний өдөр төрсөн. Одоо миний асрамжид эрүүл саруул өсөж 146 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байна. Цаашид охины зардал ихсэх болсонтой холбогдуулан эцэг Ган-Эрдэнээс хуульд заасан тэтгэлэг гаргуулах шаардлагатай. Учир нь хоёулаа энэ хүүдийн эцэг, эх учраас хүүхдийн сургалт, дугуйлангийн төлбөр, эм тарианы мөнгийг хуваан төлөх, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид нэг ангийн 10 жилээс хамт үерхэж байсан. Ар гэрийн шалтгааны улмаас хамт амьдраагүй. Охин Ц 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн. Миний бие охиныг төрснөөс хойш сар 100,000 төгрөгийг өгч байсан. Одоо би өөрөө эхнэр хоёр хүүхэдтэй тул хуульд заасан тэтгэлэг төлөхөд татгалзахгүй. Харин хүүхдийн сургалт, дугуйлангийн төлбөр төлөхөөс татгалзаж байна гэв.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ :
Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Т.Г-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг, шаардлагатай эм тарианы мөнгө, сургалт, дугуйлангийн төлбөрийг хуваан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч хуульд заасан тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчид 10 жилийн нэг ангид суралцсан үеэс эхлэн үерхэж байх хугацаанд 2011 онд нэхэмжлэгч хөл хүндтэй болж, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр охин Н.Ц-төржээ.
Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна” зааснаар охин Их өөлөг овогт Наранбаярын Цэлмэг гэсэн эхийн нэрийг авсан байна./хх-ийн 9 дүгээр тал/
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” ил гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүүхэд төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсжээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг;
Хүүхдийн эрхийн тухай конвенцид “гэр бүл, түүний гишүүдийн, ялангуяа хүүхдийн өсөж бойжих, аж төрөх жам ёсны орчин, нийгмийн үндсэн нэгж болохын хувьд нийгэмд хүлээх хариуцлагыг бүрэн хэмжээгээр үүрүүлэхэд шаардлагатай хамгаалалт, туслалцаа хүртэх ёстойг ойлгож, Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.”, Хүүхдийн эрхийн тухай хуульд “...хүүхэд эцэг, эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх”;
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т "Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Зохигчид хэдийгээр тус тусдаа амьдарч байгаа боловч үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх нь Монгол улсын Үндсэн хуульд заасан журамт үүрэг тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т дахь хэсэгт зааснаар эцгээс нь сар бүр тэтгэлэг гаргуулж охиныг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг Т.Г- нь хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр байгаа болохыг дурдаж, эцэг нь үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Б.Н- саад учруулахгүй байхыг, хариуцагч нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй, тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдсон хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх, хариуцагч тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэгч тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг зохигчдод анхааруулав.
2. Хүүхдийн сургалт, дугуйлангийн төлбөр, шаардлагатай эм тарианы зардлыг хуваан гаргуулах шаардлагын тухайд:
Монгол улсын Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т ”Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.” гэж зааснаар хүүхэд, суурь боловсролыг үнэ төлбөргүй суралцах эрхтэй.
Нэхэмжлэгч хүүхдийг төлбөртэй сургуульд суралцуулах тохиолдолд эцэгтэй нь харилцан тохиролцож гэрээ байгуулсан байхыг ойлгох бөгөөд хүүхдийг өөрийн санаачлалаар сайн дураар төлбөртэй сургуульд суралцуулан төлбөрийн 50 хувийг эцгээс нэхэмжлэх эрх нь хуулиар олгогдоогүй болохыг анхаарвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж зааснаар баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан шаардлагатай эм тариа, сургалт, дугуйлангийн зардлыг хуваан төлөх шаардлага нь баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 37,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу жилд тогтоолгох хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,868 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан, эх хувиараа, эсхүл нотариатаар батлуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.Ц-г 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны түвшингийн 50 хувь, 16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны түвшингийн 100 хувиар тэтгэлгийг эцэг Т.-Г-ээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу хүүхдийн тэтгэлэгт нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,130 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу жилд тогтоолгох хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,030 төгрөгийг Т.Г-эс улсын орлогод оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Т.Г- үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх Б.Н- саад учруулахгүй байх үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ