Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2021/00094

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2021/00094

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,

нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав багийн 1-80 айл, 58 тоотод оршин суух, .................. дугаарын регистртэй, Тайван овогт Ш-ийн Г-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ТОСК А байр 54 тоотод оршин суух, ................ дугаарын регистртэй, Алаг адуу овогт Э-ын А-д холбогдох, 1,225,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.А нь 2020 оны 05 дугаар сарын 22-нд намайг ээлжтэй байх өдөр 1,575,000 төгрөгийн үнэ бүхий 700 литр шатахуун 7 хоногийн хугацаатай зээлээр авсан бөгөөд хугацаандаа төлөөгүйн улмаас миний бие өөрийн ажиллаж буй байгууллагыг хохиролгүй болгох дүрэм, журмын дагуу сар бүрийн эцсээр тооллогод ороход өр төлбөргүй байх ёстой зэргээс болж иргэн Х.Нямсүрэнгээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлэн байгууллагадаа тушаасан. Иймд үндсэн төлбөр болох 1,225,000 төгрөгийг Э.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Амарзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Ш.Г-д 1,225,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г нь Э.А-д холбогдуулан 1,225,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,225,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Г-ийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,950 төгрөгийн тал хувь болох 16,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 16,975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.А-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,975 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ш.Г-д олгохоор тогтов.

Хариуцагч Э.А нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.А-д холбогдох, 1,225,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.А нь 1,225,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Г-ийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,950 төгрөгийн тал хувь болох 16,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 16,975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.А-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,975 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ш.Г-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ