Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/63

 

 

 

 

 

 

 

 

 


  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М Н.Дд холбогдох эрүүгийн 2334004860490 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Дорнод аймгийн Чойбалсан суманд 1996 оны 12 дугаар сарын 29-нд өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, М Н.Д.

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар утгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Н.Д:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлдэг.

 

Үйл баримт

Эрүүгийн 2334004860490 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Н.Дын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Жирэм” гэх газарт байрлах иргэн Ё.Ж байшингийн цонхыг чулуу шидэж хагалсан, мөн түүний эзэмшлийн Тоёота Ноах /Toyota noah/ маркийн 19-22 УБА улсын дугаартай, тээврийн хэрэгслийн урд буфер, крыло, хаалга, их гэрэл, 2 ширхэг дугуй зэргийг төмрөөр цохиж, хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

ТЭНЦВЭР ЭСТИМЭЙТ ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ц-742 дугаартай ...Иргэн Ё.Ж эзэмшлийн 19-22 УБА улсын дугаартай Тоёота Ноах маркийн тээврийн хэрэгслийн эд ангийн үнэлгээ 2.050.000 /хоёр сая тавин мянга/ төгрөг болно... /хх-ийн 22-26 дугаар хуудас/,

  хохирогч Ё.Ж ... 2023 оны 09 сарын 11-ны өдөр намайг Улаанбаатар хотод сүүгээ тушаагаад ажилтай явахад Төв аймгийн Аргалант сум хөшөөт 2 баг жирэм гэх газарт байрлах манай үхрийн фермэд 2023 оны 08 сарын 02-ны өдөр малчнаар гэр бүлийн хамт ажилд орсон Н.Д нь намайг байхгүй байхад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би тухайн үед малчин Н.Дын 94808793 дугаарын утас руу олон удаа залгатал утсаа аваагүй. Н.Дын эхнэр нь хүүхдийнхээ хамт Улаанбаатар хот руу эмнэлэг гээд яваад 3 хонож байсан. Гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд би орой 22 цагийн үед Аргалантад үхрийн фермээр дээрээ иртэл Н.Д нь архи уусан согтуу байхаар нь чи яагаад утсаа авахгүй байгаа талаар асуухад би танай гэрийн тогийг хэрэглэхгүй, чи хөгшин төгцөг минь аятайхан байгаарай, чамайг ална шүү гэж хэлээд маргаан болсон. Улмаар Н.Д нь би өсөж яваа арслан шүү гэх мэт үг хэлээд гартаа сүх барихаар нь би сүхийг нь булааж аваад холдуулаад, ойлголцохгүй юм байна гэж бодоод унт гэж хэлээд гэрээс нь гараад машинаа унаад яваад өгсөн. 30 орчим минутын дараа гэртээ ирээд байж байтал Н.Д нь гэрийн хаалга нүдэхээр нь чи яах гэж байгаа юм бэ, гэртээ орж унт маргааш яръя гэж хэлтэл гэрлүүгээ орох шиг болтол гэрээсээ хутга авч гар ирээд цонхны торыг зүсээд цонхоор орох гэхээр нь цааш нь түлхсэн тэгтэл үүдэнд байсан 19-22 УБА улсын дугаартай тоёото нох маркийн миний эзэмшлийн автомашины баруун урд талын их гэрлийг төмрөөр цохиж хагалсан мөн баруун урд кирло, хаалгыг хөлөөрөө өшиглөж хонхойлгосон. Тэгэхээр нь би чи боль гэж хэлтэл чулуу авч манай 2 давхрыг вакум цонхны порчикийг хагалсан. Н.Дд гэртээ орж унт гэж олон удаа хэлсэн боловч үгэнд орохгүй байсан. Хэсэг байж байгаад Н.Д нь гэртээ ороод чимээгүй болохоор нь гараад машинаа хартал арын 2 дугуйг хутгаар зүсч хагалсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. /Н.Дын эхнэр Номин нь 95693456 гэсэн утасны дугаартай/ Би Н.Дын биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй, цонхоор орох гээд байхаар нь оруулахгүй гэж цааш нь түлхсэн. Н.Д миний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Хэрүүл маргаан Н.Д нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан, унт гэж хэлтэл намайг хөгшин төгцөг минь ална гэх зэрэг үгээр хэлж маргаан болсон. Маргаан болох үед гэрт Н.Д бид 2 хамт байсан өөр хүн байгаагүй. Би машин болон гэрийн цонхоо үнэлгээний газраар нь үнэлүүлнэ. Миний машины урд талын гэрэл нь дангаараа 350.000 төгрөг болно. Н.Д бид 2-ын хувьд хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Н.Д нь манай үхрийн дэлэн хөхийг нь угаахгүй баастай нь саах, дутуу саах гээд байхаар нь би Н.Дд хандаж үхэр саахдаа цэвэрхэн саах гэх зэрэг үгийг хэлж байсан. Тэрэнд юм бодож архи уусан байхдаа над руу дайрч агсам тавьсан байх гэж бодож байна. Би зүгээр байж байгаад машин болон гэрийнхээ цонхыг хагалуулж доромжлуулсандаа гомдолтой байна... /хх-ийн 9 дүгээр хуудас/

иргэний нэхэмжлэгч Ё.Ч ...Тиймээ. Уг 19-22 УБА улсын дугаартай Тоёота Ноах маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн нэр дээр байдаг юм. Миний төрсөн ах Жамц өөрөө хөдөө орон нутгийн харьяалалтай болохоор намайг хотын хаягтай юм чинь дээрээ тээврийн хэрэгслийн гэрчилгээг аваад өгөө гээд авч байсан. миний төрсөн ах Жамц 2018 онд машин худалдааны газраас өөрөө худалдаж авч байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Манай ах өөрөө унаад явдаг байсан. Тэрийг би сайн мэдэхгүй байна. Танинаа. Миний төрсөн том ах байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ миний нэр дээр байдаг болохоос биш би унаж хэрэглэдэггүй. Миний ах Жамцын эзэмшлийн машин. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... /хх-ийн 12 дугаар хуудас/,

  гэрч Н.Дын ...Би Ё.Жамц гэх хүнийг танина. 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ё.Жамц гэх хүний үхрийг маллахаар болж малчнаар нь ажилд орсон. Тэгээд таньдаг болсон. Би 2023 оны 09 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед ажлаа дуусгаад гэртээ буюу Төв аймгийн Аргалант сум хөшөөт 2 баг жирэм гэх газар ногоон ферминд зүс таньдаг /нэрийг нь мэдэхгүй/ малчин залуутай ферм рүү салдаг замын уулзварт сэнгүр гэх нэртэй 3 лазтай пиво уусан. Тэгээд удалгүй пиво уучхаад салаад гэртээ фермэд иртэл гэрт 2.5 литрийн сэнгүр нэртэй тал пиво байхаар нь ганцаараа уучхаад байж байтал 22 цагийн үед Ё.Жамц ах гэртээ ирээд учиргүй намайг яагаад утсаа авахгүй байгаа юм гэж асуухаар нь би гэртээ утсаа үлдээчихсэн байна гэж хэлсэн. Би тухайн үед уур хүрээд Ё.Жамц ах руу би ажлаа хийж байна, орой ажлаа дуусгаад ганц нэг пиво уусан гэж хэлтэл чи архи уухгүй ажлаа хий гэж хэлээд хоорондоо жаахан маргалдсан. Удаагүй миний уур хүрээд Ё.Жамц ахын гэр лүү орох гэтэл намайг оруулахгүй гээд байхаар нь би төмрөөр ахын машиныг урд талын гэрлийг нь хагалж уурандаа чулуу авч шидэн 2 давхрын цонхыг нь хагалснаа санаж байна. Тухайн үед би уусан пивондоо согтсон байсан. Зарим зүйлсийг санахгүй байна. Хутгаар машины арын 2 дугуйг нь хагалсан. Би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Ё.Жамц ах бид 2 хамт байсан. Өөр хүн байгаагүй. Би Ё.Жамц ахын биед халдаж цохиж зодоогүй. Ах миний биед халдаж цохиж зодоогүй. Би Ё.Жамц ахын машин болон гэрийнх нь 2 давхарын хагарсан цонх гээд бүх хохирлыг нь барагдуулна... /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч О.Номины ...Танинаа миний нөхөр байгаа юм. 2018 онд танилцаад одоог хүртэл амьдарч байгаа. Албан ёсоор бол гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Би 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ буюу Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо нисэхийн 7 дугаар гудамжны 96 тоотод байсан. Юу болсон талаар мэдэхгүй. Маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Жамц гэх хүн залгаад танай нөхөр Д чинь орой намайг ирэхэд юм уучихсан согтуу байсан, тэгээд миний машины гэрэл, дугуйг эвдсэн, гэрт байхад гэрийн цонхийг хагалсан гэж хэлсэн.  Одоо ингээд цаашдаа ажиллахгүй, машин тэрэг олж ирээд гэрээ нүүлгээд аваад яваарай гэж хэлсэн. Тэгээд 15 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Жирмийн цагаан нуур гэх газар очоод өөрийнхөө барьсан гэрээ очиж нүүлгэж авсан. Тэгэхэд Жамц гэх хүн танай нөхөр миний машины урд талын гэрлийг хагалсан, арын 2 дугуйг хагалсан гэж хэлж надад зааж харуулсан. Мөн гэрийн хоёр жижиг цонхийг хагалсан гэж хэлээд зааж харуулсан. Тэгээд би та энэ эвдэж гэмтсэн хохирлынхоо оронд та цалин мөнгөнөөсөө суутгаад аваарай гэж Жамц гэх хүнд хэлж байсан. Д надад хэлэхдээ би жоохон юм уучихсан байсан, цалин мөнгөнөөсөө болж Жамц гэх хүнтэй маргалдсан юмаа гэж хэлж байсан. Тэгээд машины урд гэрэл, 2 дугуй, гэрийн цонхийг хагалж эвдсэн юмаа гэж хэлсэн. Д бид хоёр зар харж байгаад 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг Жирмийн цагаан нуур гэх газар Жамц гэх хүний үхрийн фермд малчингаар ажилладаг байсан. Манай нөхөр Д Дорнод аймгийн Хэрлэн суманд өөрийн гэртээ байсан. Би Улаанбаатар хотод байсан. 1 удаа ирж мэдүүлэг өгч байсан. Би зөндөө олон удаа цагдаа руу оч хэлдэг байсан. Би очно гэж хэлчхээд очдоггүй байсан... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Яллагдагч Н.Дын ...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа прокурорын яллагдагчаар татаж байгаа дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна… /хх-ийн 41 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Н.Дын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.               

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

...Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багт оршин суух н.Золбаярын гэрт 2023 оны 05 дугаар сарын 1-ний өдөр Ж.Ганболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан мөн тухайн цаг хугацаанд Ж.Ганболдын эзэмшлийн 95-71 ТӨҮ улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, баруун урд хаалганы шил, баруун хойд хаалганы шил, баруун талын толь зэрэг эд юмсыг хагалж 1,365,000 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө устгаж гэмтээх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчид 1,365,000 төгрөгийн хохирол төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Д:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Н.Дыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Н.Дын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

 Шүүгдэгч Н.Дын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний өмчийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Түүнчлэн шүүгдэгч Н.Дын хохирогч Ё.Ж байшингийн цонхийг хагалж, түүний эзэмшлийн 19-22 УБА улсын дугаартай “Тоёота Ноах” маркийн тээврийн хэрэгслийн урд буфер, крыло, хаалга, их гэрэл, 2 ширхэг дугуй зэргийг эд зүйлийг устгаж 2.050.000 /хоёр сая тавин мянга/ төгрөгийн хохирол санаатай учруулсан нь “бусдын эд хөрөнгийг хууль бусаар утгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс  дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт гэж үзэхээр байна.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний эд хөрөнгөд хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас устгасан, гэмтээсэн тодруулбал устгасан, гэмтээсэн хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, устгасан, гэмтээсэн хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Тэрээр хохирогчийн эд хөрөнгөд хүч хэрэглэн халдаж устгаж, гэмтээж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хор уршиг учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд, тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар утгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Н.Дын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ё.Ж эд хөрөнгөд 2.050.000 төгрөгийн хохирол хор уршиг учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ё.Ж эд хөрөнгөд учирсан хохирол 2.050.000 /хоёр сая тавин мянга/ төгрөгийг нэхэмжилсэн ба  шүүх шүүгдэгч Н.Даас 2.050.000 /хоёр сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Ж олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Даас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

... Шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1,100 нэгжтэй тэнцэх буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Д:

...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

  Улсын яллагч ... 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... гэсэн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэж байна.

 

Шүүх шүүгдэгч Н.Дд хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Дд гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Улмаар шүүх шүүгдэгч Н.Дд оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дорнод аймаг, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Н.Дд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудал

Эрүүгийн 2334004860490 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

       шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

            37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                                заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч М Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М Н.Дд шүүхээс оногдуулсан гурван зуун  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Шүүгдэгч М Н.Дд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.           

 

6. Эрүүгийн 2334004860490 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М Н.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч,  М Н.Даас 2.050.000 /хоёр сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л овгийн Ё.Ж олгосугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.ГАНДАНСҮРЭН