Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/64

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Б.От холбогдох эрүүгийн 2434000000037 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 08 дугаар сарын 05-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, Б Б.О.

 

                                           Холбогдсон хэргийн талаар

  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.О:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2434000000037 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Оийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн 306 дугаар зөрлөгийн задгайд байрлах гэртээ Т.А үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүр хэсэгт цохиж, нуруу хэсэгт хутгаар зүсэж, биед нь баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, нуруунд шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай ...Т.А биед баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нурууны шарх гэмтэлд мэс заслын анхдагч цэгцлэгт хийгдсэн тул ямар хүчин зүйлийн улмаас үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/, 

хохирогч Т.А ...2023 оны 01-р сарын 31-нд орой Заагий ахын үхэр малыг нь янзалж саачихаад Эрдэнээ ах дуудаад тэгээд тэднийд очиж шинэ он гаргаад шөнө 01 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. Тэгээд О рүү залгаж шинэ оны мэнд хүргэсэн тэгсэн О унтаж байснаа сэрсэн бололтой манайд хүрээд ирэхгүй юу даа гэхээр нь айлд яаж хоосон очих билээ гэж бодоод авсан байсан нэг сав шар айраг нэг ундаагаа бариад Оийнд очсон. Гэрт ороход О эхнэр хүүхдүүдтэйгээ уугаад байж байхаар нь хамт он гарсан гээд ууж идэцгээсэн. Тэгээд шөнө нэг мэдсэн чинь л Отээ маргалдаад Отэй барилцаж аваад цохих гэсэн чинь хий цохиод тэгээд ноцолдож байгаад болиод Гочоогийнх гэрэлтэй байхаар нь хоёулаа орохоор болж тэднийд ороод шар айраг уугаад хэсэг сууж байгаад Отээ гараад би гэрлүүгээ явсан О гэрлүүгээ орсон. Нэг мэдсэн Нэг морьтой хүн намайг гудамжинд хэвтэж байхад шөнө гэрт хүргэж өгснийг санаад байгаа тэгээд маргааш өглөө нь миний баруун нүд хавдчихсан зүүн далны доод хэсэгт зүсэгдсэн шархтай түүнээс маань цас гарсан босч чадахгүй гэртээ нэг хонго хэвтсэн тэгсэн нөгөө үхэр саадаг айлын маань эхнэр хүрч ирээд нүүр нүд чинь яачихсан юм бэ яагаад үхэр малаа саасангүй вэ гэхээр нь миний бие өвдөөд очиж чадсангүй гэж хэлсэн. Тэгээд намайг хүнд хутгалуулсан байна чи цагдаад мэдэгдэнэ гээд цагдаа дуудсан.  Би Отэй нэг мэдэхэд ноцолдоод зодолдож байсан. Өөр хүнтэй тэр шөнө муудаж маргалдаагүй. Тэгэхээр О намайг цохиж нуруу руу хутгаар хутгалсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тухайн үед О бид хоёр адилхан согтуу байсан болохоор яг юунаас болж муудалцсаныг би санахгүй байгаа. Надад гомдол санал байхгүй. Би ухаангүй болтлоо архи уусан. Мөн Оийг яг яаснаа сайн мэдэхгүй байгаа... /хх-ийн 6 дугаар хуудас/

гэрч О.М ...2023 оны 12-р сарын 31-ний орой нөхөр О хүүхдүүдийнхээ хамт шинэ он угтаж гэртээ хоол унд хийж идээд амарч байхад гаднаас Аваанрэнцэн 2 савтай пиво барьчихсан 12 цаг өнгөрч байхад орж ирсэн. Бид 3 авчирсан шар айргийг хувааж уугаад мөн манайд байсан 2 савтай шар айргийг бас ууж би шөнийн 03 цагт согтоод унтсан. Нэг мэдсэн О, Рэнцэн хоёр маргалдаад ноцолдож байхаар нь босч очиход нөхөр Оийг салгаж Аваанрэнцэн гэрлүүгээ гараад явсан. Тэр хоёр нэлээн согтуу байсан. Тэр үед 06 цаг өнгөрч байсан болохоор би ажилруугаа явж нөхөр О намайг явсны дараа унтсан гэсэн. 2024 оны 01- р сарын 01-ний орой 19 цаг үед ажлаасаа ирсэн чинь Аваанрэнцэн манайд ирчихсэн нүд нь хөхөрчихсөн миний ар нуруу хавирга хавиар эвгүй оргиод байна хараад өгөөч гэхээр нь харсан чинь зүсэгдсэн шинэ шарх болчихсон байсныг нь өөрт нь ийм болчихсон байна гэж хэлсэн. Манай нөхөр би одоо хутгалчихна гэж баймааргүй юм манай бор иштэй хутга орой хоол унд хийх гэсэн чинь алга болчихсон байсан идаа гээд тэгээд Рэнцэн гэртээ харьж унтлаа гээд явсан. Нүд нь зүгээр эрүүл орж ирсэн Мөнхжин амралтад оччихоод ирлээ гээд ирсэн. Манайх нэг бор иштэй хутга нэг заазууртай. 2023 оны 12 дугаар сарын 31-нд хоол цай хийх гэсэн чинь хутга олдоогүй гэж байсан. Одоо манайх нэг заазуураар л хоол ундаа хийж байгаа. Гэрт маргалдаад ноцолдож байхаар нь сэрээд би нөхөр Оийг салгаж болиулсан. Унтсан байсан болохоор нь гарч явсан эсэхийг мэдэхгүй байна... /хх-ийн 8 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Оийн ...Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангид суралцаад сургуулиас гарсан. Би уншиж бичиж чадахгүй. Надад хууль эрх зүйн мэргэжилтэн байлцуулан мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Би эрх үүрэгтэй танилцаж ойлголоо надад асууж тодруулах зүйл байхгүй байна. Би Ц.Цэрэнсамбуу хэмээх хүнийг танина, манай Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат хүн байна. Сумын сант 4 дүгээр багийн нутаг буюу сумын төв дээр байдаг хүн. Би Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн нутагт байх өөрийн гэрээсээ гараад Урнаагийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байхад Цэрэнсамбуу ах өөрийн эзэмшлийн приус 10 маркийн автомашинтай хүрээд ирэхээр нь “Та намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлээд машинд суусан чинь Цэрэнсамбуу ах манай гэрт ороод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үү архи байгаа гэж хэлэхээр нь” би зөвшөөрөөд хашааны гадаа зогсоод машинаас нь буугаад хашаа руу орсон чинь гөлөг байхаар нь би уг гөлгийг өшиглөсөн чинь Цэрэнсамбуу ах уурлаад чи нохой өшиглөдөг хэн бэ гээд миний хамар хэсэгт нэг удаа гараараа цохих үед нь би дээлийн захаар нь хоолойг нь боож байгаад толгой хэсэгт нь өөрийнхөө толгойгоор 1 удаа мөргөөд бид 2-р ноцолдож байгаад би За Цэрэнсамбуу ахаа одоо болио би явлаа гэж хэлээд гараад явсан. Бид 2-р согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Түмэнбаяр эгч байсан өөр хүн байгаагүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэх хүсэлтгүй байна... /хх-ийн 10 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Оийн ...2023 оны 12-р сарын 31-ний шөнө 00 цаг өнгөрч байхад Аваанрэнцэн утсаар залгаад шинэ оны мэнд хүргээд танайд хэн байна вэ би очих гэсэн юм гэхээр зөвшөөрч ганцаараа байдаг болохоор нь ирж цай уу гэж дуудсан. Манайд Рэнцэн ирэхдээ 2 савтай шар айраг авчирсан ба манайд бас 2 л 2 савтай шар айраг байсныг эхнэр Минжинханд бид 3 хувааж уусан. Тэгээд эхнэр маань эхлээд согтоод унтчихсан байсан ба би Рэнцэнтэй юунаас болж маргалдсанаа санахгүй хоорондоо цохилцож зодолдсоноо муухан санаад тэгээд нэг мэдсэн эхнэр маань босчихсон намайг болиулж цохиж аваад маажаад байхыг санаад өөр юу ч санахгүй байгаа. Нөгөөдөр нь буюу 2024 оны 01-р сарын 02-нд Аваанрэнцэнгийн үхэр саадаг айлын эгч болох Тоогий эгч утсаар залгаад Аваанрэнцэнг зодоод хутгалсан байна гэхээр нь очиж уулзсан. Нүд нь хөхрөөд зүүн далны ард нь мэсний шарх болсон байсан. Тэгээд намайг чи хүүхэд ийм болгосон байна гэхээр нь би бас мэдэхгүй байна гэж хэлсэн. Сайн мэдэхгүй байгаа. А муудалцаад тэгээд болиулах гэж цохиж маажсан гэсэн. Сүүлд нь ярьсан. Эхнэр А бид 3 өөр хүн байгаагүй. Манайх 2 заазуур нэг хутгатай. Өдөр нь төмс арилгаж хоол хийхэд манай бор иштэй хутга байсан. Уг хэрэг болсноос хойш манай бор иштэй хутга олдохгүй байгаа. Хүлээн зөвшөөрч байна. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. А надад бэртэл гэмтэл учруулаагүй... /хх-ийн 10 дугаар хуудас/,

яллагдагч Б.Оийн ...Би уг тогтоолын уншиж танилцлаа. Татгалзах зүйлгүй болно. Би өмнө сэжигтний мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Сэжигтний мэдүүлэг дээр дэлгэрэнгүй ярьсан юм. Би хохирогч Т.А хохирлыг барагдуулсан байгаа. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн мэдлэггүйгээс болж буруутай үйлдэл гаргасандаа гэмшиж байна.... /хх-ийн 25 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Оийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.О гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Л.Наранхүү:

...Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.О:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.О маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.О нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Б.Оийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Тухайлбал шүүгдэгч Б.О нь хохирогч Т.А биед баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.

 

Тэрээр шүүгдэгч Б.От хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун хөмсөгний зөөлөн эдийн зулгаралт, баруун нүдний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Оийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Т.А биед баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, нуруунд шарх гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Т.А нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 41 дүгээр хуудаст авагдсан түүний хүсэлт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.О энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

...Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.О:

...Хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Оийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Б.От торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,         

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2434000000037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б Б.От шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2434000000037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ГАНДАНСҮРЭН