Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2020/ДШМ/033

 

Ж.Э

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Яллагдагч Ж.Э

Яллагдагчийн өмгөөлөгч *******, *******, *******

 Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/289 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр Ж.Э холбогдох эрүүгийн 1914004600031 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,  Ж.Э, ......... улсаас “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй

Ж.Э нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Нарийн гүүрний орчимд байрлах асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 19-32 БНХ улсын дугаартай УАЗ фургон маркын тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад замын хажуугийн далан руу онхолдож унаж улмаар зорчиж явсан Н.А амь насыг хохироож, 2 сартай хүүхэд Н.Жаргалбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүхээс шүүгдэгч Ж.Э холбогдох хэргийг шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 570 дугаартай дүгнэлтээр “1. Уаз маркийн 19-32 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. /тээврийн хэрэгслийн дугуй хагарах нь хөдөлгөөнд аюул осолтой байдал бий болж байгаа учир жолооч зогсоох арга хэмжээг тухайн үеийн нөхцөлд тааруулан бусад хөдөлгөөнд оролцогч нарт аюултай байдалд үүсгэхгүйгээр авна.” “...4. Хөдөлгөөнд оролцож байх үед тээврийн хэрэгслийн дугуй хагарах нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” “...тухай зам орчны байдал дээр адил тээврийн хэрэгслээр осол болох үеийн хурдаар явж туршилт хийж үзэх нь үр дүнтэй гэж шинжээч нар санал нэгтэй байна боломжтой” гэж хоёр өөр ойлголттой дүгнэлт гаргаж байгаа нь шинжээч нарын дүгнэлтээр жолооч Ж.Э нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсхүл зөрчөөгүй гэсэн эргэлзээтэй байдал үүсгэж байна.

Иймд таван шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулсаны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл өмгөөлөгч *******ын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны явцад гаргасан ослын дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн газраар техникийн талаар дугуй хагарсан тохиолдолд авто машин ямар зай туулсны дараа зогсоох боломжтой болох, дугуй хагарсан тохиолдолд авто машиныг зогсоох боломжтой эсэх, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсхүл зөрчөөгүй алин болох талаар нэг мөр дүгнэлтийг гаргуулах нь зүйтэй бөгөөд энэ талаар өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй тул уг хүсэлтийг хүлээн авч хангах зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор *******гийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар эсэргүүцэлд: Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар 3 дүгнэлт, осолд орсон тээврийн хэрэгсэлд техникийн шинжилгээ хийсэн 1 дүгнэлт тус тус гарсан бөгөөд уг дүгнэлтүүдээр жолооч Ж.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг бүрэн хэрэгжүүлж ажиллалаагүй гэж буруутгасан байна.

Дээрх дүгнэлтүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

Нөгөөтэйгүүр шүүхээс шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжээч томилох эрх нь нээлттэй атал хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүхээс хэргийг хянахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэх заалтыг зөрчсөн буюу хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн байдалд бодитоор үнэлэлт, дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 289 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Жолоочоос шалтгаалахгүйгээр техникийн шинжтэй нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоолгох гээд байгаа учир 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурор жолоочийг тоормос гишгэсэн талаар хэлж байна, мөн яллагдагчийн мэдүүлэгт тооромсоо гишгээд байхад зүүн тал руу жолооны үрүүл булаагаад осолдсон талаар тодорхой мэдүүлсэн учир техникийн шинжтэй осол учир дахин шинжээч томилуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Осол гарахад зогсоох арга хэмжээг яаж авах ёстой байсан талаар шинжээч нар тайлбарлаад өгсөн бол өмгөөлөгч нарын зүгээс маргаан гаргахгүй. Зогсоох арга хэмжээ нь энгийн хүний бодлоор тоормос гишгэхээс өөр арга хэмжээ байхгүй учир мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Автомашиныг зогсоох боломжтой, автомашин зогсоох гэдэг нь заавал тоормос гишгэхгүй, замын хөдөлгөөний аюултай үед автомашиныг зогсоох арга хэмжээ авах ёстой талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгчийн нарын өмгөөлөгчийн саналаар туршилт хийлгэх талаар яриад байна, хэрэг болгон дээр туршилт хийх боломжгүй, шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа юм. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.Э нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүгдийг шалган тогтоосон байх тул Ж.Э холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлуудыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Нөгөөтэйгүүр шүүхээс шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжээч томилох эрх нь нээлттэй тул шүүх санаачилгаараа дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулж, техникийн шинжтэй нөхцөл байдал үүссэн эсэхийг тодруулаад шийдвэрлэх боломжтой байна.

Тус хэрэгт Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар дүгнэлт /хх-ийн 155-156 дугаар тал/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянхонгор аймгийн автотээврийн төвийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 161-163 дугаар тал/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар дахин дүгнэлт /хх-ийн 174-175 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 570 дугаар дүгнэлт /хх-ийн 182-183 дугаар тал/ тус тус гарсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” хэмээн хуульчилсан тул дээд шатны прокурорын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

                 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

              зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/289 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Э холбогдох эрүүгийн 1914004600031 дугаар эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, дээд шатны прокурорын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар яллагдагч Ж.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР,

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

В.ЦЭЦЭНБИЛЭГ