Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2021/00083

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2021/00083

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дуут сум, Босго багт оршин суух, ПИ68090384 дугаарын регистртэй, Мянган элхэн овогт Бүдээгийн Дариймаагийн хүсэлттэй нас тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Дариймаа, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Дариймаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын хүн эмнэлэгт төрсөн. 52 настай. Ам бүл 2. Хүүхдийн хамт амьдардаг. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. 1976 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн сургуульд элсэн орж 1984 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд Баян-Өлгий аймгийн ТМС-д засал чимэглэлийн мэргэжлээр суралцан 1987 оны 07 дугаар сард төгсөж улмаар Ховд аймгийн Барилга угсралтын трестэд хуваарилагдан ажилд орж өнөөдрийг хүртэл барилгын салбарт ажиллаж байна. 1990 оны 10 дугаар сарын 01-нд иргэн Ч.Пүрэвжавтай гэр бүл болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход миний төрөлтийнх бүртгэл байхгүйгээс болоод тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд намайг 1968 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Дариймаа нь тус шүүхэд хандаж нас тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Дариймаагийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Дариймаа 1968 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн болох нь

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 493 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,

Ховд аймгийн Дуут сумын Босго багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 55 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126/002633 дугаартай төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа,

Иргэн Б.Дариймаад 2004 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төрийн нэрийн өмнөөс Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас олгосон ХО7253905 дугаартай иргэний үнэмлэхийн эх хувь,

Гэрч Д.Цогбадрахын ...Б.Дариймаа нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн төвд Бүдээгийн 4 дэх охин болон 1968 оны 09 дүгээр сарын 03-нд төрсөн нь үнэн болно... гэх тодорхойлолт,

Гэрч П.Дарьсүрэнгийн ...Б.Дариймаа нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн төвд Бүдээгийн 4 дэх охин болон 1968 оны 09 дүгээр сарын 03-нд төрсөн нь үнэн болно... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан Б.Дариймаагийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Дариймаа нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШЗ2021/00131 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Мянган элхэн овогт Бүдээгийн Дариймаа / ПИ68090384/-г 1968 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч Б.Дариймаа нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШЗ2021/00131 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ