Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2021/00082

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2021/00082

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Тулгын 3-30 айлын 8 тоотод оршин суух, Шаргачин овогт Цэдэвийн Цэцэнхараацай /ПЭ69011401/-н нэхэмжлэлтэй 

охин Д.Энхбаярыг 1995 онд үрчилж авсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Цэцэнхараацай нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1969 онд төрсөн. 1987 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар дунд сургууль, 1987-1989 онд Улаанбаатар хотын Санхүү эдийн Засгийн техникум төгссөн. 1989-1993 онуудад Дархан хоты Орхон жимс ногоо консервийн үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1993 онд Ховд аймагт ирсэн. 1994 онд нөхөр Д.Даваадоржтой танилцаж 1995 оны 5 сараас нэг гэрт орж амьдарч эхэлсэн. Тухайн үед нөхөр Д.Даваадорж нь 2 настай охин Д.Энхбаярын хамт амьдарч байсан ба биднийг гэрлэхэд охин Д.Энхбаяр нь дагаж ирсэн юм. Үүнээс хойш Д.Энхбаяр бидний асрамжид өссөн. Д.Даваадорж бид 1997 оны 9 сарын 28-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн ба бидний дундаас 1999 онд хүү Д.Ням-Эрдэнэ, 2001 онд хүү Д.Бат-Эрдэнэ, 2006 онд охин Д.Пүрэвдулам нар төрсөн. Миний бие 4 хүүхэдтэй алдарт эхийн 2 дугаар одонг 2011 онд авч байсан. Би төрд 30 гаран жил ажилласан бөгөөд 4 хүүхэдтэй гэх хуульд заасан шаардлагаар тэтгэвэрт гаргах гэсэн боловч том охины маань үрчилэлтийн бүртгэл улсын бүртгэлээс гарч ирэхгүй байгаа юм. Иймд Д.Энхбаярыг 1995 онд үрчилж авсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Цэцэнхараацай нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие албан ажлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цэцэнхараацай нь охин Д.Энхбаярыг 1995 онд үрчилж авсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно, 100 дугаар зүйлийн 100.3-т ...шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ..., 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.  гэж тус тус заажээ.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Ц.Цэцэнхараацай нь охин Даваадоржийн Энхбаяр /ПЮ93082509/-ыг 1995 онд үрчилж авсан болох нь

Охин Д.Энхбаярын 493 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Данаажавын Даваадорж, Цэдэвийн Цэцэнхараацай нар нь 1996 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болж, 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн тухай 110 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 176 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,

Ц.Цэцэнхараацайд Монгол улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай зарлигаар Алдарт Эх 2 дугаар одон олгосон тухай 311428 дугаартай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/478 дугаартай хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэхийг зөвшөөрөх тухай захирамжийн эх хувь,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2020/00575 дугаартай шийдвэрийн эх хувь,

Гэрч О.Пүрэвсүрэнгийн ...Миний бие О.Пүрэвсүрэн нь 1955 онд төрсөн. Одоо 66 настай. Ам бүл 2. Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 8-40 тоотод амьдардаг. Би Даваадоржийн аав ээжтэй нэг нутагт айл саахалт байсан. Энэ хүний амьдралын сайн мэднэ. Д.Даваадорж нь 1992 оноос Гандуламтай амьдарч охин Д.Энхбаяр 1993 оны 08 дугаар сарын 25-нд төрсөн. Энэ төрөлтийн улмаас охины ээж Гандулам хүндээр өвдөж, албан ёсоор гэр бүл болоогүй байсан учраас Гандуламыг аав ээж нь өөрсдийн асрамжид авч, охин Д.Энхбаяр аав Даваадоржийн асрамжид үлдсэн. Тухайн үед охин 6 сартай байсан. 1995 онд Ц.Цэцэнхараацайтай гэр бүл болж охин Д.Энхбаяр Ц.Цэцэнхараацайн хайр халамж асаргаанд үр хүүхэд нь болж өсөн торнисон. Үүнээс хойш энэ айл 2 хүү, 1 охин төрүүлж нийт 4 хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон. Одоо охин Д.Энхбаяр нь Улаанбаатар хотод нөхөр хүүхдийн хамт амьдарч байна... гэх тодорхойлолт,

Гэрч Б.Эрдэнэчулууны ... Миний бие Б.Эрдэнэчулуун нь 1965 онд төрсөн. Одоо 56 настай. Ам бүл 4, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 16 айлын орон сууцанд амьдардаг. Би Даваадоржтой нэг үеийн нэг баг бригадын хүмүүс тул ахуй амьдралын сайн мэднэ. Д.Даваадорж нь 1995 оноос Ц.Цэцэнхараацайтай хамтран амьдардаг болсон. Энэ үед өөрийн 2 настай охин Энхбаяртай хамт байдаг байсан. Ц.Цэцэнхараацайтай амьдарч эхлэхээс өмнө аав охин хоёрын амьдрал хүндхэн байсныг би тод санаж байна. Охин Д.Энхбаярыг Цэцэнхараацай нь ээжийн ёсоор халамжилан өсгөж өдий зэрэгт хүргэсэн. Үүнээс хойш энэ айл 2 хүү, 1 охин төрүүлж нийт 4 хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон. Одоо охин Д.Энхбаяр нь Улаанбаатар хотод нөхөр хүүхдийн хамт амьдарч байна... гэх тодорхойлолт зэрэг баримтууд болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Шаргачин овогт Цэдэвийн Цэцэнхараацай /ПЭ69011401/-н охин Даваадоржийн Энхбаяр /ПЮ93082509/-ыг 1995 онд үрчилж авсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Шаргачин овогт Цэдэвийн Цэцэнхараацай /ПЭ69011401/-н охин Даваадоржийн Энхбаяр /ПЮ93082509/-ыг 1995 онд үрчилж авсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.Цэцэнхараацайн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлоголд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ