Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/12

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  М.Э                                                         

Улсын яллагч Г.Г

Шүүгдэгч Э.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-гийн Ш-т холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, ..., халх, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., .... тоотод ... оршин суух бүртэлтэй, одоо .... тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ийн Ш /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ш нь 2023 оны 08 сарын 28-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймигийн Замын-Үүд сумын 4-р баг Чандмань бадрал ХХК-ийн ажилчдын байрны хажууд Ш.Н-ийг өөрийн найз залуу Б.М-тэй хардаж улмаар түүнийг зодож түүний биед баруун хацарт зулгаралт, баруун зовхи, эрүү, дунханд цус хуралт, баруун өвдгөнд цус хуралт, хуйхны баруун хэсэг болон хүзүү хэсгээр зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 22:00 цагийн орчим найз залуу М-ийн хамт Замын-Үүд сумын Булган баарлуу орсон. Тэгээд би тухайн баар ороод 2-3 лааз пиво уугаад байж байсан чинь 00:00 цагийн орчимд баар хаах үеэр Булган баарнаас гараад М-ийн хамтаар харих гээд явж байтал Н намайг дуудаад “манай эгч чамаас юм асууя гэнээ” гээд намайг дагуулаад буцаад явсан. Тэгээд Н бид хоёрыг явж байтал М ирээд “та нар яагаад байгаа юм бэ? наадах чинь манай найз охин” гэсэн чинь О нь М-ийг жийгээд алгадсан. Тэгээд би “яагаад байгаа юм бэ” гэтэл Н нь миний гарнаас татаад Чандмань бадрал төвийн хажуу талруу орсон. Тэгээд Н хоолой боогоод нүүр хэсэгтрүү гараа атгаж байгаад олон удаа цохисон. Тэгээд би биеэ хамгаалаад Н-ийн нүүр хэсэгт гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тэгээд цагдаа ирээд салгасан. Тухайн гэмтлийг би Г.Н-ийн нүүрлүү нь 2 удаа цохиж учруулсан. Мөн бид хоёрыг ноцолдож байхад тухайн шарх нь үүссэн байх гэж бодож байна. Миний хоолойг боогоод би өөрийн биеэ хамгаалж Н-ийг цохисон. Яг ямар шалтгаанаар муудалцсан талаар мэдэхгүй байна. Надтай хэрэлдэж зодолдох шалтгаан хайгаад тэгээд л зодолдсон. Би тухайн үед нүдний шил анзаарах сөхөөгүй байсан. Би мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 82-84/   

Шүүгдэгч Э.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Согтууруулах ундаа хэрэглээд өөрийгөө удирдан жолоодох боломжгүй байгаагүй. Тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг сайн мэдэж байна. М-ийг би хардаагүй. М, О хоёр эхлээд зодолдсон. Би тэр хоёрыг салгах гэж байгаад хажуу тийшээ түлхэгдсэн. Энэ 3 охин намайг зодсон. Н-ийн биед учирсан хөнгөн гэмтлийг би учруулснаа хүлээж байна. Гэхдээ өөрийгөө маргаалж эсэргүүцэж Н-ийг цохисон. Би бас хохирсон тул хохирлын төлөхгүй гэв.

Хохирогч Ш.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 20:00 цаийн орчим Э, О нарын хамт Заан зоогд хоолонд орж байгаад тус бүр 2 лааз пиво уусан тэгээд 23:00 цагийн орчим Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байх Булган нэртэй баарлуу орсон. Тэгээд 23:45 цагийн орчим баар хааж байсан тул баарнаас гарж байсан чинь Ш, М нар хэсэг хүмүүстэй муудалцаад зогсож байсан. Тэгээд би очоод Ш гэх эмэгтэйг аваад баарнаас гарсан. Тэгээд гараад ирсэн чинь нөгөө дотор маргалдаж байсан хоёр хүн нь гарч ирээд “Эрээний янхан” гэх мэтээр хараагаад байсан. Тэгээд Ш “наад хүмүүстэй чинь би муудалцсан зүйл байхгүй. Харин манай найз залуутай муудалцсан” гэж байсан. Тэгэхээр нь би тухайн муудалцаж байсан хүмүүс дээр очоод “та нар эрэгтэй хүнтэй муудсан байж тэр хүнтэйгээ учраа ол битгий эмэгтэй хүн доромжлоод бай” гэсэн. Тэгээд Ш, М нар яваад өгсөн. Би нөгөө муудалцаж үлдээд намайг хараагаад байсан. Тэгээд удалгүй араас нь 5-10 минутын дараа Э, О нарын хамт вакзол орж такси барих зорилгоор явж байгаад Чандмань бадралын хажууд Ш, М нар зогсож байсан. Тэгээд манай хоёр найз “чи яах гэж саяны охиныг өмөөрөөд байсан юм, наа чинь өөрөө эхлэж нөгөө хүмүүсрүү пиво цацсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь “үгүй байлгүй дээ” гээд байж байсан чинь О “тэгвэл тэр эмэгтэй чинь тэнд зогсож байна” гээд заасан тэгээд би Ш, М нар дээр очоод “түрээн би чамайг бааранд хүмүүстэй муудаж байхад чинь өмөөрсөншдээ” гэсэн чинь тийн таниж байна гэсэн. Тэгэхээр нь би “нөгөө хүмүүс чинь чамайг эхлэж пиво цацсан гэж хэлсэн” гэсэн чинь “тэд нартай чинь очиж уулзъя” гээд байсан. Тэгээд Э, О хоёр ирээд “чи түрүүлж пиво цацсаншдээ” гэсэн чинь манай найз О-ийг “гэчий” гэсэн. Тэгээд Ш нь буцаад Булган баарлуу явж нөгөө муудалцаж байсан хүмүүстэй уулзана гээд байхаар нь хамт явах гэж байсан чинь найз залуу М нь манай найз О-ийг “чи нөхрийгөө алдаад эрийн доор дэвсгэр хийгээд явж байгаа биздээ, чи Замын-Үүдийн янхан биздээ чамайг бүгд мэднэ” гэх мэтээр доромжилоод О, М хоёр хэрэлдээд байхаар нь М-ийг хойшлуулаад “одоо ингээд, больчих” гэсэн чинь М намайг “эвээр учраа олчихъё Н” гээд миний нэрээр дуудсан чинь найз охин Ш нь “та хоёр яахаараа нэгнийхээ нэрийг мэддэг юм” гээд “чи тэр Эрээний янхан нь уу Од спагийн янхан уу” гэж хэлээд миний нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа алгадсан. Тэгээд надруу дайраад байхаар нь дараад газарт унагаагаад дээр нь гарч суугаад байж байсан чинь доороос үснээс зулгаагаад хана мөргүүлээд байсан. Хэдэн удаа мөргүүлсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд үснээс тавихгүй байхаар нь би хоолойноос нь боосон чинь тавихгүй байсан. Тэгээд миний хоёр гарнаас хүн татаад “одоо боль” гээд босгох гэсэн миний үснээс тавихгүй байсан. Тэгээд үснээс тавих үедээ миний нүүрийн базаад хумсаараа самардсан. Манай найз О, М-тэй зодолдсон гэж байсан би тухайн үйл явдалыг нүдээр хараагүй. Миний биед нүүр хэсэгт самрдсан, мөн миний толгойд булдруу үүсчихсэн байсан. Тухайн гэмтлүүдийг Ш гэх эмэгтэй учруулсан. Намайг хана мөргүүлэх үед миний толгойд булдруу үүссэн. Харин миний нүүрийг намайг босох гэж байхад самардсан. Ш-ийг би нэг удаа газарт унагасан. Мөн үснээс зулгаагаад байхаар нь болиулах гээд хоолойноос нь боосон. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед нүдээр хараад ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Ш-ийн найз залуу М миний нэрийг хэлсэн чинь намайг зодсон. М нь Замын-Үүдийх би бас Замын-Үүдийх тэгээд нэр усаа мэддэгээс биш юм ярьж байгаагүй танихгүй. Харин Ш-ийг би огт танихгүй. Би нүдний шил зүүсэн байсан. Ш-тэй ноцолдож байгаад босоод ирсэн чинь нүдний шил байхгүй далийчихсан нэг талын шил нь байхгүй боолчихсон байсан. Би өөрийн нүдний шилийг нэхэмжилнэ. Мөн тухайн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэжээ. /хх-ийн 36-37/

Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Г.Н нь 90,000 төгрөгийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э.Ш-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 43/

Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр найз Н, Н нарын хамт Заан паласд хоолонд ороод хүн тус бүр 2 ширхэг пиво уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад бид гурав Булган нэртэй бааранд ороод 23:20 цагийн орчим баарнаас гарч байтал Ш, М гэх хоёр хүн хүмүүстэй муудалцаж байсан. Тэгээд манай найз Н тухайн муудалцаж байсан хүмүүсийг салгах гээд очсон. Тэгээд удалгүй байж байгаад салаад Ш найз залуу М-тэй хамт яваад өгсөн. Бид гурав удалгүй араас нь харих гээд явж байгаад М, Ш нартай таарсан. Тэгээд Н, Ш гэх эмэгтэй дээр очоод юм ярьж байгаад би тухайн Ш гэх эмэгтэйг “чи одоо жоохон юм байж архи дарс уугаад чи эгч нартайгаа очоод учраа олчих” гээд дагуулаад явах гэсэн чинь найз залуу М нь намайг татаад буцаагаад түлхээд унагачихсан. Тэгээд би босч ирээд гэдэсрүү нь жийгээд унагасан чинь босч ирээд намайг үсдээд байсан тэгэхээр нь гарыг нь салгаж аваад нүүр хэсэгт нь алгадсан. Тэгээд цагдаа ирсэн. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Би эмнэлэгт үзүүлсэн зүйл байхгүй. Би М-ийн биед гэмтэл учирсан эсэх талаар хараагүй. Н, Ш хоёр зодолдсон гэсэн. Би тэр хоёрыг зодолдож байгаа талаар хараагүй. Учир нь би М-тэй зодолдож байсан. Би тухайн хоёр хүнийг огт танихгүй. Ш, М нар маш их согтолттой ярьж байгаа зүйлээ ч мэдэхгүй хэмжээний согтолттой байсан. Бид хоёр хоолны газарт хүний 2 ширхэг пиво уусан байсан. Булган бааранд ороод архи пиво уугаагүй гэжээ. /хх-ийн 45-46/

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 22:00 цагийн орчим найз охин Ш-ийн хамт Замын-Үүд сумын Булган нэртэй баар ороод хэсэг бүжиглэж байгаад 00:00 цаг болж баар хаасан. Тэгээд би баарнаас гарж ирээд тасарчихсан байсан. Учир нь би 7-8 лааз пиво ганцаараа уугаад 6 уулаа 1 литрийн eden нэртэй архи уусан. Тэгээд би хэсэг байж байгаад ухаан ортол О гээд эмэгтэй намай алгадаад байж байсан. Тэгээд би тэр газраас явж байгаад орилолдоод байхаар нь буцаад иртэл цагдаа ирчихсэн байсан. Тэгээд цагдаа намайг “явъя” гээд байхаар нь би зугтаачихсан. Тэгээд зугтааж байгаад 24 айлын харалдаагаас баригдаад цагдаагийн байгууллага дээр ирээд, эрүүлжүүлэх байранд орж драгер үлээгээд хэсэг сууж байгаа явсан. Би яг хэнтэй хэрхэн зодолдсон талаар мэдэхгүй байна. Учир нь би нилээн согтуу байсан учраас сайн санахгүй байна. Ямар ч байсан маргааш нь харахад нүд нь хавдсан, хүзүү гарыг нь маажсан харагдсан. Би хэрэг болох үед нилээн согтуу байсан учраас тэр өдрийн үйл явдалыг хэсэг хэсэг л санаж байна. Ямар ч байсан пиво уучихсан байсан. Би хэр хэмжээгээр уусан талаар хараагүй. Би тухайн хүмүүсийг огт танихгүй. Н-тэй нь фейсбүүкээр найз бусад хүмүүсийг нь мэдэхгүй юм байна. Би маргааш өглөө нь харахад миний хүзүү, цээж хэсэг маажуулсан байсан. Мөн хоёр хацар өвчин орсон байсан. Би тухайн гэмтлийг яаж авсан талаар мэдэхгүй байна. Би О гэх хүнтэй маргалдаж байснаа санаж байна. Миний биед О гэмтэл учруулсан гэж бодож байна. Би харанхуйд харсан учир ямар нэгэн зүйл хараагүй. Мөн согтуу байсан тул сайн мэдэхгүй байна. Өглөө босоход маажуулсан байсан. Өөр шарх байгаагүй тул би эмнэлэгт үзүүлээгүй. Би одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Учир нь одоо надад ямар нэгэн шарх сорив гэмтсэн зүйл байхгүй байна гэжээ. /хх-ийн 48-49/

Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 08 дугаар сарын 28-ны 21:00 цагаас 08 дугаар сарын 29-ний 03:00 цагийн хооронд томилгоот эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 08 дугаар сарын 29-ний 00 цаг өнгөрч байх үед жолооч, ахлах ахлагч Б.Б, хэсгийн байцаагч д/ч Д.Б нарын хамт жижүүрээс өгсөн дуудлага мэдээлэл буюу Чандмань бадрал ХХК-ийн ажилчдын байрны орчимд хүмүүс маргалдаад зодолдоод байна гэх дуудлагын дагуу очиход тус газарт 4-5 тооны хүмүүс 2 хэсэг газарт зодолдож байсан. Би д/ч Д.Б-ын хамтаар харанхуй хэсэгт зодолдож байсан эрэгтэй эмэгтэй хүмүүс дээр очиж зодолдох үйлдлийг нь болиулаад тухайн хүмүүсийн нэрийг асуутал О, М гэх хоёр хүн байсан. Тухайн үед М дээгүүрээ цамцаа тайлсан байсан бөгөөд цамцаа өмсөнө гэж хэлээд шууд зугтаагаад явчихсан. Тэгээд М-ийг Хөвсгөл зочид буудалын орчмоос барьж аваад а/а Б.Б-ийг тээврийн хэрэгсэлтэйгээ хүрээд ирээч гээд залгасан. Удалгүй а/а Б.Б тээврийн хэрэгсэлтэйгээ ирэх үед машин дотор нь Ш гэх эмэгтэй орилж писда нар бүгд нийлж хүн зодсон гэх мэтээр харааж байсан. Тэгээд цагдаа дээр ирээд цагдаагийн байгууллага руу орох гэтэл орохгүй гээд орилоод байсан. Тэгээд цагдаагийн хэлтэсд орж ирээд Ш гэх эмэгтэй шалан дээр хэвтчихээд босохгүй байсан. Тухайн үед а/а Б.Б Ш-ийг хараад үлдсэн би М-ийг эрүүлжүүлэх саатуулах байрлуу авч ороод О, Н, Э гэх 3-н хүнтэй д/ч Д.Б яриал үлдсэн. Тэгээд миний хойноос удалгүй Ш нь а/а Б.Б, Д.Б нарт өргүүлээд гар, хөлрүү өшиглөж эсэргүүцээд орж ирсэн. ЭСБ-нд орж ирээд паар, хана, шал духаараа мөргөөд байсан. Тухайн үйлдлийг нь болиулаад гарыг нь ард нь гавлаж, дахин хатуу биет мөргөхөөс сэргийлж хэсэг зогссон. М гэх хүн Ш-ийг одоо болчих гээд гуйгаад зогсож байсан. Намайг дуудлага мэдээлэлд очих үед хоёр эмэгтэй хүн дээр доороо орчихсон байсан, цаад талд нь М, О нар муудалцаад зогсож байсан. Би М, О нарыг болиулахаар явсан. Намайг ирэх үед зодолдож цохилцсон зүйл харагдаагүй. Харин дээр доороо орсон байсан хоёр эмэгтэйг яасан талаар хараагүй. Тухайн үед нүдээр харахад хэн хэнийх нь биед ил харагдах гэмтэл харагдаагүй гэжээ. /хх-ийн 51-52/

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Н, О гэх хоёр найзын хамт 22:00 цагийн орчим Замын-Үүд сумын Булган нэртэй баарлуу орсон. Ороод хэсэг байж байгаад 00:00 цаг болж байсан тул баар хаах болоход бид гурав баарнаас гарсан. Тэгээд баарнаас гарч ирээд замын цаанаа гараад явж байтал бааранд муудалцаад байсан нэг охин байсан бөгөөд Н тухайн охиныг дуудаад тухайн муудалцаад байсан гэх хүмүүстэй эвлэрүүлэх гэж байсан. Тэгээд нөгөө дуудаад очтол тухайн охины найз залуу нь нөгөө ул таних охиныг өмөөрч О түлхэж унагаад нэг удаа гараараа толгой хэсэгт нь цохиж харагдсан. Тэгээд тэр хоёрыг би салгах гээд ядаад байж байтал нөгөө охин нь найз залуутайгаа Н хардаад тэр хоёр шууд зодолдоод унасан. Тэгээд би очоод салгах гэтэл салахгүй байгаад байсан тэгээд би цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. О нэг залуу түлхэж унагаад нэг удаа толгой хэсэгт нь гараараа цохисон. Тэгтэл О зөрүүлээд цээжрүү нь гараараа цохиж байсан. Тэгээд би тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Учир нь цаад талд нь Н нэг үл таних охинтой зодолдоод байсан тул салгах гэж очсон. Тэр үл таних охин эхлээд Н-ийг шууд шанаа хэсэгт цохиод авсан. Тэгээд Н-ийг үсдээд хойш нь чирж байгаад Н уначихсан. Тэр хоёрыг салгах гэсэн чинь нөгөө охин нь үснээс нь зулгаачихаад тавихгүй байсан. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа ирж салгасан. Н-ийн нүүрэн дээр нилээн урт самардуулсан шарх харагдсан. Харин нөгөө үл таних охины биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Би тухайн эмэгтэйг огт танихгүй. О-ийн биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин нөгөө залууг би хараагүй. Нөгөө үл таних залуу манай найз О-ийг хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн чинь гэнэт тэр залуугийн найз охин нь найз залуугаа хардаад тэгээд зодоон болсон. Би ямар нэгэн хүнд цохиулсан. Хүнийг цохисон үйлдэл байхгүй. Миний биед гэмтэл учирсан зүйл огт байхгүй байна гэжээ. /хх-ийн 54-55/

Шинжээчийн 2023 оны 08 сарын 31-ны өдрийн 04/156 дугаартай дүгнэлтэд 1.Г.Н-ийн биед гэмтэл учирсан байна. 2.Г.Н-ийн биед баруун хацар зулгаралт, баруун зовхи, эрүү, духанд цус хуралт, баруун өвдгөнд цус  хуралт, хуйхны баруун хэсэг болон хүзүү хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтлүүд нь дан дангаараа "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 6.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 59-60/

Хэрэг бүртгэлийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02/

Зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22/

Ашид Билгүүн ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 69-70/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 77-79/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/  

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 88-89/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 93-94/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Э.Ш нь 2023 оны 08 сарын 28-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймигийн Замын-Үүд сумын 4-р баг Чандмань бадрал ХХК-ийн ажилчдын байрны хажууд Ш.Н-ийг өөрийн найз залуу Б.М-тэй хардаж улмаар түүнийг зодож түүний биед баруун хацарт зулгаралт, баруун зовхи, эрүү, дунханд цус хуралт, баруун өвдгөнд цус хуралт, хуйхны баруун хэсэг болон хүзүү хэсгээр зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Н-ийн “...М намайг “эвээр учраа олчихъё Н” гээд миний нэрээр дуудсан чинь найз охин Ш нь “та хоёр яахаараа нэгнийхээ нэрийг мэддэг юм” гээд “чи тэр Эрээний янхан нь уу Од спагийн янхан уу” гэж хэлээд миний нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа алгадсан. Тэгээд надруу дайраад байхаар нь дараад газарт унагаагаад дээр нь гарч суугаад байж байсан чинь доороос үснээс зулгаагаад хана мөргүүлээд байсан. Хэдэн удаа мөргүүлсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд үснээс тавихгүй байхаар нь би хоолойноос нь боосон чинь тавихгүй байсан. Тэгээд миний хоёр гарнаас хүн татаад “одоо боль” гээд босгох гэсэн миний үснээс тавихгүй байсан. Тэгээд үснээс тавих үедээ миний нүүрийн базаад хумсаараа самардсан. ...Миний биед нүүр хэсэгт самрдсан, мөн миний толгойд булдруу үүсчихсэн байсан. Тухайн гэмтлүүдийг Ш гэх эмэгтэй учруулсан. Намайг хана мөргүүлэх үед миний толгойд булдруу үүссэн. Харин миний нүүрийг намайг босох гэж байхад самардсан.” /хх-ийн 36-37/ гэх мэдүүлэг, гэрч Д.Э-ы “...Тэр үл таних охин эхлээд Н-ийг шууд шанаа хэсэгт цохиод авсан. Тэгээд Н-ийг үсдээд хойш нь чирж байгаад Н уначихсан. Тэр хоёрыг салгах гэсэн чинь нөгөө охин нь үснээс нь зулгаачихаад тавихгүй байсан. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа ирж салгасан. Н-ийн нүүрэн дээр нилээн урт самардуулсан шарх харагдсан.” /хх-ийн 54-55/ гэх мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 08 сарын 31-ны өдрийн 04/156 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Э.Ш-ийн гэм буруутай үйлдэл, хохирогч Г.Н-т учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Ш нь хохирогчид учруулсан хохирлыг бие маргаалах үүднээс түүнийг цохисон гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан боловч хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгээр няцаагдаж байна. 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Э.Ш нь хохирогч Г.Н-ийн эд хөрөнгөнд 45,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын санд 90,000 төгрөгийн хохирол учруулсан нь Ашид Билгүүн ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 69-70/, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын тайлбар зэргээр тогтоогдож. Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирол нь шүүгдэгч Э.Ш-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан, шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Э.Ш нь анх удаа хэрэг үйлдсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан болно. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-гийн Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Ш-ийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Ш-ээс 45,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н-т, 90,000 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст тус тус олгосугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болох эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Ш-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.Б-