Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/19

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхиий шүүгч А.Ц даргалж, шүүгч Д.Ц, шүүгч Э.Б нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Г.Г

Иргэдийн төлөөлөгч Н.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Т.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Т-ийн Э-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .., ... оршин суух, урьд нь ... шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялын мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ... шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Д овогт Т-ийн Э /РД: ...7/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 09-ний орой Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Г.Ү-ын гэрт хохирогч Н.М-тай маргаж, муудалцан улмаар зэвсгийн чанартай эд зүйл болох хутгаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 08 дугаар сарын 10-ны өглөө Дорноговь аймгийн Хөвсгөл сумаас Улаанбадрах сумын хөдөө айлд мал маллахаар ирсэн байсан. Тэгээд 2 сар орчим мал маллачихаад 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл сум руу буцах гэтэл миний мал маллаж байсан Ү би Дорнод явах ажил гарсан тул та хэсэг байж байгаач гэхээр нь би тэгье гэж хэлээд 1 шил 0,75 литрийн хараа архи өгсөн. Би тэр архийг нь уучихаад унтчихсан байсан. Тэгээд нэг сэртэл М гэх хүн гэрт ороод ирчихсэн намайг гар болон бугуй хэсгээс татаж чангаагаад гэрээс гаргаад дээр гарчихсан нүүрлүү цохиод байсан. Тэгээд би ноцолдож байгаад гэрлүү гүйгээд орсон чинь араас гэрт орж ирээд зодох гээд болохгүй болохоор нь аяга таваг хийдэг шүүгээнээс хутга аваад айлгах санаатай савтал суганы хэсэгт нь нэг удаа дүрчихсэн. Тэр үед айлын эзэн Ү орж ирээд хутга хурааж аваад намайг унт гээд унтуулсан. Учир нь би нилээн согтуу байсан. Намайг ямар шалтгаанаар зодох гээд дайраад байсныг нь бол би мэдэхгүй байна. М нилээн согтуу байсан. М намайг зодоод дахин зодох гээд дайраад байхаар нь би айлгах санаатай хутга гаргаж ирээд ийм зүйл болчихсон. Миний нүүр хэсэгт гараараа 2-3 цохисон. Миний биед тухайн үед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Даралт жоохон ихэссэн байсан. Бид хоёр урьд өмнө нь муудалцаж байгаагүй. Ямар нэгэн өр авлагын зүйл байхгүй. Тухайн өдөр яагаад тийм үйлдэл гаргасан талаа мэдэхгүй байна. Нилээн согтуу байсан архи их ууснаас болж тийм зүйл хийсэн гэж бодож байна. Би М-тай хамт өвсөнд явж байсан, мөн үе үе таардаг морь мал уяад манай суманд очдог байсан. Мэндтэй устай явдаг хүн байгаа юмаа. Тухайн гэмтэл нь би М-ыг нэг удаа хутгаар дүрэхэд үүссэн. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би хохирогч М-д нэг удаа 300,000 төгрөг өгсөн. Дахин өгөх гэтэл хэрэггүй одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэж хэлсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хэргээ түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ. /хх-ийн 75-76/

Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн гэв.

Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би урьд өдөр нь хайж явсан адуугаа олоод Үүрцайх гээд хуурай дүүгийнхээ малын хашаанд хашчихсан байсан юм аа. Тэр өдрөө үлдээчхээд Ц гээд айлд хоноод маргааш нь Б-нд очсон 2 литр монгол архи уугаад би Б-ийг Ү-нд хүргээд өг адуугаа авъя гээд бид хоёр хөдөлсөн. Намайг гэрийн гадаа буулгаад Б гэрт оролгүй ажилтай гээд буцаад явсан. Би яваад ортол гэрт Э унтаж байсан баруун талын орон дээр. Би архи уучихсан байсан учир яг юу болсон талаар мэдэхгүй байгаа. Гэрт хүргүүлж ирснээ болон орсноо санаж байна, ороход баруун орон дээр Э унтаж байсан өөр зүйл санахгүй байна. Бид хоёр сайн харилцаатай хуурай ах дүү гэж л явдаг тэрнээс өс санасан зүйл, хийсэн хэрэг байхгүй ээ. Миний хувьд бид хоёр согтуу байсан учраас л маргалдсан байх гэж бодож байгаа ямартай ч би түүнийг унтаж байхад нь сэрээгээд байх шиг байсан тэгээд санахгүй байгаа. Тэр айлын хутга тогооны шүүгээнд байсан байх би сайн хараагүй тэгэхдээ Ү-ын хутга байсан би өөртөө хутга мэсний зүйл авч явдаггүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 15-16/

Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Н.М нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 250,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Т.Э-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 23-24/

Гэрч Г.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хөдөө гэртээ малаа хариулаад байж байхад Э ах сумын төвөөс ирсэн. Тэгээд 1 шил архи авч ирсэн байсан ба түүнийгээ уугаад унтаад үлдсэн. Би мал дээр байж байхад 17 цагийн орчимд М ах манайд ирж байсан би малын хашаанд ажилтай байж байгаад гэрт орж чадаагүй байсан. Тэгтэл удалгүй гэрт хүмүүс маргалдаад чимээ гараад байхаар нь яваад очтол Э ах гартаа хутга барьсан зогсож байсан, тэгэхэд М ах надад энэ намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд би та чинь яаж байгаа юм бэ гээд хутгын аваад холдуулсан тэгээд л эмнэлэг, цагдаад мэдэгдсэн. М, Э ах 2 согтуу байсан. М ах хаана архи уусныг мэдэхгүй байна. Э ах манайд гэрт ганцаараа уусан. Найзууд гэсэн би Э ахыг хэдэн адууны эрэлд явах хооронд мал харж өгөөч гээд түр авч ирсэн байсан юм маргааш нь Сайншанд руу буцах гэж байсан гэжээ. /хх-ийн 29/

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн орой 19 цагийн орчим хүн хутгалуулчихлаа гэх дуудлага манай эмнэлэгт ирсний дагуу дуудлага өгсөн айл руу хөдөлсөн. 20 цаг 20 минутын үед тус айлд ирсэн үүдээр ортол миний баруун гар талд орон дээр М хэвтэж байсан, цус алдалт байхгүй намдсан байдалтай жоохон хямарсан байсан. Би анхан шатны тусламж үзүүлэхэд тухайн иргэн бага зэргийн архи согтууруулах ундаа хэргэлчихсэн үнэртэж байсан. Хутгалуулсан хэсэг нь цээжний зүүн талд суганы доод хэсэгт 8 дугаар хавирган дээр нэг удаа хутгалсан байсан. Тухайн М-тай муудсан хүн нь тус айлын зүүн талын орон дээр архи уугаад гарсан бололтой үнэртэж байсан нэрийг нь Э гэсэн сандарсан айсан байдалтай байсан. Тухайн хүний даралт их байсан учраас тайвшруулаад хэвтүүлээд сумын төв явсан. М архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан архи гарсан байдалтай үнэртэж байсан гэжээ. /хх-ийн 40/

Шинжээчийн 2023 оны 10 сарын 19-ний өдрийн 02/450 дугаартай дүгнэлтэд 1.Н.М-ын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 42/

Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгийн тогтоол /хх-ийн 01-02/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-09/

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 17 ар тал/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 43-58/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 69-71/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ххийн 80-81/

Таслан шийдвэрлэх тогтоолууд /хх-ийн 82-87/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэхний мэдээлэл /хх-ийн 90-91/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 99/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 101-103/ Иргэний нэхэмжлэгчийн хохирол төлсөн баримт /хх-ийн 105/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд: Шүүгдэгч Т.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 09-ний орой Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Г.Ү-ын гэрт хохирогч Н.М-тай маргаж, муудалцан улмаар зэвсгийн чанартай эд зүйл болох хутгаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.М-ын “...Миний хувьд бид хоёр согтуу байсан учраас л маргалдсан байх гэж бодож байгаа ямартай ч би түүнийг унтаж байхад нь сэрээгээд байх шиг байсан тэгээд санахгүй байгаа. Тэр айлын хутга тогооны шүүгээнд байсан байх би сайн хараагүй тэхдээ Ү-ын хутга байсан би өөртөө хутга мэсний зүйл авч явдаггүй.” /хх-ийн 15-16/ гэх мэдүүлэг, гэрч Г.Ү-ийн “...Би мал дээр байж байхад 17 цагийн орчимд М ах манайд ирж байсан би малын хашаанд ажилтай байж байгаад гэрт орж чадаагүй байсан. Тэгтэл удалгүй гэрт хүмүүс маргалдаад чимээ гараад байхаар нь яваад очтол Э ах гартаа хутга барьсан зогсож байсан, тэгэхэд М ах надад энэ намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд би та чинь яаж байгаа юм бэ гээд хутгын аваад холдуулсан тэгээд л эмнэлэг, цагдаад мэдэгдсэн.” /хх-ийн 29/ гэх мэдүүлэг, гэрч Б.О-ийн “...20 цаг 20 минутын үед тус айлд ирсэн үүдээр ортол миний баруун гар талд орон дээр М хэвтэж байсан, цус алдалт байхгүй намдсан байдалтай жоохон хямарсан байсан. Би анхан шатны тусламж үзүүлэхэд тухайн иргэн бага зэргийн архи согтууруулах ундаа хэргэлчихсэн үнэртэж байсан. Хутгалуулсан хэсэг нь цээжний зүүн талд суганы доод хэсэгт 8 дугаар хавирган дээр нэг удаа хутгалсан байсан. Тухайн М-тай муудсан хүн нь тус айлын зүүн талын орон дээр архи уугаад гарсан бололтой үнэртэж байсан нэрийг нь Э гэсэн сандарсан айсан байдалтай байсан.” /хх-ийн 40/, шинжээчийн 2023 оны 10 сарын 19-ны өдрийн 02/450 дугаартай дүгнэлт /хх-ийн 42/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Э-ийн гэм буруутай үйлдэл, хохирогч Н.М-лд учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёрын хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Т.Э нь хохирогчид учирсан хүнд гэмтлийг хүйтэн зэвсэг болох хутгийг ашиглан учруулсан нь дээрх баримтуудаар тогтоогдсон. Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Хутга хэрэглэж хүний биед гэмтэл учруулсан гэм буруутай боловч хохирогчийн биеийн байдал сайжирсан, хохирол төлсөн тул гэм буруугүй” гэх дүгнэлтийг шүүх хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй гэж үзлээ. Учир нь хохирогчийн биеийн байдал сайжирч, хохирол төлбөр төлөгдсөнөөр шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй, харин иргэдийн төлөөлөгчийн дурдсан нөхцөл байдлууд нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд: Хохирогч Н.М нь нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, тайлбараа мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, шүүгдэгч Т.Э нь иргэний нэхэмжлэгч байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 250,000 төгрөгийг төлж барагдуулсан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 105/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын хувьд: Шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлыг төлж барагдуулсан, 1.4-т зааснаар гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, түүнчлэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулсан болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт нь 26 см, ажлын хэсэг нь 13,5 см урттай, бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Д овогт Т-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Т-ийн Э-ийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт нь 26 см, ажлын хэсэг нь 13,5 см урттай, бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц

ШҮҮГЧИД Д.Ц

Э.Б