| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/25 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Д.З
Хохирогчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Г-ын С-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 02 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, дээд боловсролтой, замын техникч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..., ... хамт ... тоотод оршин суух, ... шүүхийн ... оны ... сарын ...-ний өдөр ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Г овогт Г-ын С /РД: .../
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.С нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Эрчимын 1-1 тоотод Б.М-тэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн нүдний ил шарх, зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, дух, зовхи, хацарны зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.С нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Эрчимын 1-1 тоотод Б.М-тэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн нүдний ил шарх, зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, дух, зовхи, хацарны зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-13/, хохирогч Б.М-ий мэдүүлэг /хх-ийн 16-22/, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 29/, гэрч Ц.Х-ы мэдүүлэг /хх-ийн 31-33/, гэрч О.С-ийн мэдүүлэг /хх-ийн 35- 36/, гэрч М.Г-ын мэдүүлэг /хх-ийн 33-39/, шинжээч эмч П.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 41/, гэрч Х.Б-ы мэдүүлэг /хх-ийн 43-44/, Шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02/286 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51/, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон шинжээчийн 2023 оны 12 сарын 14-ний өдрийн 192 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-63/, шүүгдэгч Г.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-83/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Хохирлын хувьд: Шүүгдэгч Г.С нь хохирогчид эмчилгээний зардалд 7,600,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгчид учирсан хохиролд 229,000 төгрөгийг төлж барагдуулсан нь төлж барагдуулсан нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Голомт банкны хуулга /хх-ийн 158-170/, Төрийн банкны шилжүүлэг /хх-ийн 186/ зэргээр тогтоогдож байна.
Хохирогч Б.М, шүүгдэгч Г.С нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон хор уршигт 35,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан нь хохирогч, шүүгдэгч нарын тайлбар болон хх-ийн 48 дугаар тал дээрх баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч Г.С нь 35,000,000 төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 9,000,000 төгрөгийг төлж барагдуулсан үлдэх 26,000,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт Г-ын С-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын С-ыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд сар бүр 416,667 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Г.С-аас 26,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д олгож, иргэний нэхэмжлэгч байгууллагад төлөх хохирол төлбөргүйг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-рт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б