Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00046

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00046

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, 17-22 тоотод оршин суух, ПЮ88080226 дугаарын регистртэй, Гэндэн овогт Хүрэлбаатарын Мөнхзаяа

нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, 17-22 тоотод оршин суух, ПД88122878 дугаарын регистртэй, Мянгат овогт Баямөнхийн Мөнгөнбаяр нарын нэхэмжлэлтэй,

хүүхэд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай  нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алимаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Мөнхзаяа, Б.Мөнгөнбаяр нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алимаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 03 дугаар сарын 15-нд охин Алтантунгалагийг төрүүлсэн. Тухайн үедээ Говь-Алтай аймгийн Анагаах ухааны сургуульд суралцах болсон тул өөрийн эцэг Хүрэлбаатарт охин Алтантунгалагийн үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо би сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Мөнгөн морьт эмнэлэгт ажиллаж аймагтаа амьдарч байгаа тул охиноо өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Мөнхзаяа, Б.Мөнгөнбаяр нар нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Х.Мөнхзаяа нь 2009 оны 03 дугаар сарын 15-ны өдөр охин Алтантунгалагийг төрүүлсэн болох нь 251/000106 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х.Мөнхзаяа, Б.Мөнгөнбаяр нар нь 2009 оны 03 дугаар сарын 15-ны өдөр охин Алтантунгалагийг Гэндэн овогт Найдангийн Хүрэлбаатар, Халзад овогт Жамбын Бямбацэцэг нарт 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үрчлүүлсэн болох нь 251/000106 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа болон зохигчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдлоо.

Үрчлэгч Н.Хүрэлбаатар, Ж.Бямбацэцэг нар нь охин Алтантунгалагийг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Шүүхээр хэргийг хянан хэлэлцэхэд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байгаа боловч үрчлүүлсэн болон үрчлэн авсан талуудын байр суурийн хүрээнд охин Х.Алтантунгалаг нь өөрийн төрүүлсэн эх Х.Мөнхзаяа, эцэг Б.Мөнгөнбаяр нарын асрамж хамгаалалтанд байх нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 21 дүгээр зүйлийн 1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхдийн эхтэйгээ амьдрах, анхаарал халамжид нь байх хууль ёсны эрх ашиг сонирхолд нийцэж байна.

Иймд 2009 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Гэндэн овогт Хүрэлбаатарын Алтантунгалаг /ПИ09231503/-г Найдангийн Хүрэлбаатар, Жамбын Бямбацэцэг нарт 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин Гэндэн овогт Хүрэлбаатарын Алтантунгалаг /ПИ09231503/-г төрүүлсэн эх Гэндэн овогт Хүрэлбаатарын Мөнхзаяа /ПЮ88080226/, төрсөн эцэг Мянгат овогт Баямөнхийн Мөнгөнбаяр /ПД88122878/ нарын асрамжид шилжүүлэх  нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2009 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Гэндэн овогт Хүрэлбаатарын Алтантунгалаг /ПИ09231503/-г Найдангийн Хүрэлбаатар, Жамбын Бямбацэцэг нарт 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан охин Гэндэн овогт Хүрэлбаатарын Алтантунгалаг /ПИ09231503/-г төрүүлсэн эх Гэндэн овогт Хүрэлбаатарын Мөнхзаяа /ПЮ88080226/, төрсөн эцэг Мянгат овогт Баямөнхийн Мөнгөнбаяр /ПД88122878/ нарын асрамжид шилжүүлсүгэй.

3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, охин М.Алтантунгалагийн төрсний бүртгэлийг сэргээхийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ