| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00997/И |
| Дугаар | 153/ШШ2021/00045 |
| Огноо | 2021-01-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 153/ШШ2021/00045
| 2021 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2021/00045 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.******* нь 1964 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр *******гийн 4 дэх хүүхэд болон төрсөн. Би ах дүү тавуулаа бөгөөд аав нэгдлийн малчин байсан. Ээж маань намайг 4 настай байхад нас барсан гэдэг. Бага насаа эцэг *******гийн гар дээр хүмүүжиж 1972 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд элсэн орж 1979 оны 5 дугаар сард 7 дугаар анги төгсөөд нэгдэлд элсэн нэгдлийн гишүүн болсон. Учир нь манай ээж нас барсан аав нэгдлийн олон малыг ганцаараа дийлэхгүй байсан учраас намайг 7 дугаар ангиас гаргаж авсан. Ингээд би Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад эцгийн хамт малчнаар ажиллаж байгаад 1984 оны 6 сарын 24-нд цэргийн албанд татагдаж, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар 1991 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуустал ажилласан. Би одоог хүртэл хувийн мал маллаж амьдардаг. Тухайн үед хөдөлмөр хөлс нь суурийн ахлах буюу аавын нэр дээр бодогдож гардаг байсан боловч миний 1979 оны 5 сарын 19-ний өдрөөс эхлэн ажилласан хөдөлмөр хөлсийг бичээгүй архивын тасгийн лавлагаагаар 70 дугаар данснаас миний бичилт алдаг оног гарч ирж байгаа болохоор би их хохирч байна. Мөн тухайн үед намайг Жаргаа гэж дууддаг байсан нэрээр зарим он дээр бичсэн байдаг юм. 1991 онд нэгдэл тарж нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн дэвтрийг бөглөж байхдаа миний цэрэгт явсан үе буюу 1986 оноос 1987 онуудыг бөглөсөн байсан учир би Ховд аймгийн ******* сумын Засаг даргаас 1987 онд Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажилласан гэсэн тодорохойлолтыг авч хавсаргасан бөгөөд өөрт байгаа баримтаараа шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1991-2000 оныг дуустал нөхөн тооцуулалтад хамрагдсан учраас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж хүсэлтийнхээ шаардлагыг гаргалаа. Тухайн үед Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1991-2000 оныг дуустал нөхөн тооцуулж авсан байсан ба дээр үеийн хөдөлмөрийн дэвтэр дээр бичилтээ наалгасан байсан дэвтрээ хайж байж өвлийн амбаараасаа арай гэж олж авсан. Нас балчир байсан тул ажилласан жил ингэж хэрэг болох юм гэж бодож явсангүй тэгээд ч тухайн үеийн бригадын дарга, тоо бүртгэгч нар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхгүй ажилдаа их хайхрамжгүй хандаж байсны улмаас бас л олон хүн хохирч байна. Иймд Д.******* намайг Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 24- ний өдрийг дуустал, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно, 100 дугаар зүйлийн 100.3-т ...шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ..., 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж тус тус заажээ.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр, өмгөөлөгч Д.Нямдоржийг оролцуулан хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1979 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуустал, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 979 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1980 оноос 1984 он, 1987 оноос 1990 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000586 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар,
Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/087 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,
Хүсэлт гаргагчийн ******* дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,
Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн гишүүний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,
Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл,
******* дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ыг 1979 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуустал, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ