Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 20

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Х.Санжидмаа, Д.Сугар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Г.Амарсайхан

Иргэдийн төлөөлөгч Ж.Энхбаатар

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батсүхэд холбогдох эрүүгийн 201617000135 тоот хавтаст хэргийг 2017 оны 02 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1981 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1 Баруун-Урт сумын 9 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25  дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх  хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 08 сарын 12-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 сарын 25-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сар 15 хоногийг баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, ЛЗ81033174 регистрийн дугаартай, Баян овгийн Дуламсүрэнгийн Батсүх.  

 

                                          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Батсүх нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө Баруун-Урт сумын иргэн Д.Наранбаатарыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч Д.Батсүх  шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Г.Норовсүрэн гэдэг эгч манай сумын эгч юм. Над руу утсаар яриад бид барилгачдын баяр тэмдэглэж байна архи аваад ир гэж хэлсэн. Гэрч нар намайг  шөнийн 01 цагийн үед ирсэн гэж байна. Би Хишиг дэлгүүрээс архи аваад үүднээс нь такси аваад тэр айлд очсон. Хишиг дэлгүүр хаагаагүй байсан. Намайг очиход Наранбаатар агсраад Амартүвшин гэдэг залуутай муудаад байсан. Би тэр айлд буухдаа таксины жолоочийн утасны дугаарыг авч үлдсэн учраас таксийг дахиад дуудаад Амартүвшин, бусад хүмүүсийг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд буцаад ирэхэд Наранбаатар Дугарсүрэн ахтай муудаад зууралдаад байж байсан. Би Наранбаатарыг хүргэж өгөх гээд таксиндаа суулгаад хөдөлсөн. 2-3 хашаа яваад Наранбаатар “Энд манай ах эгчийнх байдаг, би энд буулаа” гээд буусан. Би таксинаас буугаад чи хөгшин настай хүнтэй маргалдлаа гээд цээж рүү нь нэг цохисон. Шинэбаяр ах арын цонхоо нээгээд сууж байсан. Тэгээд Наранбаатар цаашаа алхаад явсан. Би такситайгаа явсан гэв.

 

- Яллагдагч Д.Батсүхийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой Норовоо эгч над руу худындаа байна. Манайхан барилгачдын баяраа тэмдэглэж байна хүрээд ирэх үү гэхээр нь 0.75 граммын Ерөөл архи аваад Шинэбаяр гэх таксинд явдаг ахтай Төмөртэйн 20-4 тоот руу явсан. Тэгээд ороход гэрийн эзэн Дугараа өвгөн эхнэртэйгээ мөн 2 танихгүй залуу эхнэрүүдтэйгээ ,Наранбаатар,Норовоо гэх хүмүүс байсан. Би ороод танилцаад авчирсан архиа задлаад өгсөн. Тэгээд 02 цагийн үед Шинэбаяр ахыг дуудаад 2 залууг эхнэрүүдтэй гэрт нь хүргэж өгчихөөд Дугараа гэх айлд очиход Наранбаатар нь гэрийн эзэн Дугараа өвгөнтэй муудаад би Наранбаатарыг гэрт нь хүргэж өгье гээд таксинд суулгаад хөдлөөд зүүн тийшээ явсан чинь манайх энд, би буулаа гэхээр нь хамт бугаад машины араар тойрч очоод чи настай хүнтэй муудлаа гээд түүний цээж рүү гараараа нэг удаа цохисон. Гэтэл Шинэбаяр ах больё одоо явья  гэхээр нь суугаад төвд буусан” гэх мэдүүлэг,

 

 - Хохирогч Д.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр барилгачдын баяр болсон би хадам ах Дугарсүрэнгийн рүү 19 цаг өнгөрч байхад  эхнэртэйгээ хамт очсон тэнд Дугараа ах эхнэртэйгээ, Отгонбаатар эхнэртэйгээ мөн Норовсүрэн эгч нар баяраа тэмдэглээд байж байсан .Тэгээд тэд нартай нийлээд уугаад сууж байхад Норовоо эгч Батсүхийг дуудахад Батсүх нь 0.75 граммын Ерөөл архитай ирсэн би тэгээд тасарсан байсан. Миний санахад Батсүх намайг цагаан машинд суулгаад зүүн хойшоо авчиж машинаас буулгаад миний цээж рүү өшиглөсөн , хэдэн удаа өшиглөсөн эсэхийг санахгүй байна. Тэгээд хөдөлөөд яваад өгсөн. Би Дугараа ахынд ирээд унтах гэсэн унтаж болохгүй байхаар нь өглөө 07 цаг өнгөрч байхад утсаар залгаад дуудсан. Тэгээд эмнэлэгт ирж үзүүлэхэд яаралтай хагалгаад ор гээд оруулсан. Хагалгаанд ороод дэлүүгээ авахуулсан эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гомдол саналгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-15 х /

Хохирогч Наранбаатар  шүүхэд  бичгээр ирүүлсэн тайлбартаа: Батсүх надад эмчилгээний зардал 700000 төгрөг өгсөн. Бидний дунд ярилцаж тохиролсон зүйл бий. Батсүх намайг зодож гэмтээсэн энэ тухай мөрдөн байцаагчид мэдүүлэг өгсөн байгаа. Надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол байхгүй, шүүх хуралд  суухгүй гэжээ.

 

         - Гэрч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой 19 цаг өнгөрч байхад нөхөр Наранбаатар бид хоёр Дугараа ахынх руу орсон. Тэнд Дугараа ах эхнэртэйгээ, Отгонбаатар ах эхнэртэйгээ байсан. Тэнд архи ууж байхаар нь би хараад тэд нар архиар шахна гэж байгаад гэр лүүгээ явсан. Тэгээд өглөө 07 цаг өнгөрч байхад манай нөхөр утсаар миний бие муу байна хүнд зодуулчихлаа хүрээд ир гэхээр нь Дугараа ахынд очиход орон дээр нь ёолоод хэвтэж байхаар нь яасан гэхэд намайг Бажи гэдэг залуу намайг машинтай авч яваад зодсон гэж байсан. Тэгээд эмнэлэгт аваачиж үзүүлэхэд яаралтай хагалгаанд оруулж дэлүүг нь авсан өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, / хх-ийн 16 дугаар хуудас / 

 

- Гэрч Н.Будбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө 04 цагийн үе манай ээж Норовоо намайг сэрээгээд ээжийгээ намайг  Дугараа ахынх руу оруулаад өг гэхэд тэнд Нараанбаатар ах нийлээн согтуу хүн, хүнрүү үсчээд байсан. Наранбаатар ахад Батсүх нь би чамд хийсэн гэм байхгүй шүү гэж байсан миний нүдэн дээр зодсон  цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг./хх-ийн 18 дугаар хуудас / 

 

- Гэрч С.Ууганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Батсүх бид хоёр 6 жилийн өмнөөс найзалж байгаа юм зан чанарын хувьд хүнд тусархуу, төлөв даруу зантай. Хамт архи дарс ууж байгаагүй  надад муухай зан гаргаж байгаагүй ер нь л хүнд тусархуу залуу байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас /    

      

- Гэрч Г.Норовсүрэнгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед Дугараагийнд Отгонбаатар эхнэртэйгээ, Дугарсүрэн эхнэртэйгээ бид нар барилгачидын баяр тэмдэглээд архи ууцгаасан. Гэтэл Наранбаатар орж ирсэн дараа нь 23 цагийн үед манай сумын залуу Баажий барилгачдын баяр гээд нэг шил архитай орж ирсэн. Батсүх нь гэрт байсан хүмүүстэй танилцаад авчирсан архиа задалж ууцгаасан. Би согтсон байсан тул хажуу талын айл Жаргалсайханыд ороод унтсан. Маргааш нь Дугарсүрэнгийн ороход Наранбаатар зодуулсан  эмнэлэг рүү эхнэр нь аваад явсан. Чиний дуудсан хүн зодсон юм биш үү гэж хэлсэн” гэх мэдүүлэг. / хх-н 21 х/

 

    - Гэрч Б.Шинэбаярын “...2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой 00 цагийн үед Баажий /Батсүх/ нь намайг Хишиг дэлгүүрийн зүүн талын зогсоол дээр зогсож байхад ирж суугаад Төмөртэй 20-4 тоот хашаанд байх айлд хүргүүлсэн” гэх мэдүүлэг, / хх-н 22 х/ 

 

- Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийг “...Хохирогч Д.Наранбаатарын биед хүнд гэмтэл учирсан байна. Энэ нь нэг удаагийн цохилтын хүч, байрлалаас хамарч уг гэмтэл үүсэж болно” гэх мэдүүлэг, / хх-н 31 х /

 

- Д.Батсүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-н 38 х /

 

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, / хх-н 45 х /

 

- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 08 сарын 12-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоол / хх-н 48-49 х /

 

- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 сарын 25-ны 124 дугаартай шийтгэх тогтоол, / хх-н 50-52 х /

 

- Суллагдсан хүмүүст олгодог справка / хх-н 53 х / 

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн засаг даргын 2016 оны 12 сарын 06-ны өдрийн 2/769 дугаартай тодорхойлолт зэрэг баримтууд болно. 

 

 Шүүгдэгч Д.Батсүх нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө Баруун-Урт сумын 4-р багийн нутагт иргэн Д.Наранбаатарыг зодож биед нь хэвлийн битүү гэмтэл, дэлүүний задрал, хэвлийн дотуур цус алдалт, бус багадалт бүхий хүнд гэмтлийг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Батсүхийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ  мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Наранбаатар, гэрч нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 404 тоот дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Д.Батсүх нь согтуурсан үедээ хохирогч Д.Наранбаатарыг настай хүнтэй муудлаа гэдгээр шалтаглан маргалдан улмаар түүнийг цохих, өшиглөх зэргээд биед нь  хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд тухайн гэмт хэргийг хувийн тодорхой сэдэлттэйгээр, гэм буруугийн шууд санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ. 

   

           Энэ нь хохирогч Д.Наранбаатарын “Батсүх намайг цагаан машинд суулгаад зүүн хойшоо авчиж машинаас буулгаад миний цээж рүү өшиглөсөн, хэдэн удаа өшиглөсөн эсэхийг санахгүй байна. Тэгээд хөдөлөөд яваад өгсөн би өөр хэнтэй ч муудаагүй” гэх мэдүүлэг, Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “...Хохирогч Д.Наранбаатарын биед хүнд гэмтэл учирсан байна. Энэ нь нэг удаагийн цохилтын хүч, байрлалаас хамарч уг гэмтэл үүсэж болно” гэх мэдүүлэг,шүүх эмнэлэгийн ... Наранбаатарын  биед хэвлийн  битүү гэмтэл, дэлүүний задрал, хэвлийн  дотуур цус алдалт цус багадалт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ... амь насанд аюултай  тул гэмтлийн хүнд  зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.Батсүхэд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн гэрч Н.Шинэбаярыг шүүх хуралдаанд оролцуулах, хэргийг  мөрдөн байцаалтанд буцаах тухай саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хэргийн хохирогч Д.Наранбаатар гэмтэл учруулсан хүнээ өөрөө шууд зааж байгаа, тухайн цаг хугацаанд тэд нартай өөр хүн байгаагүй, мөн  шүүгдэгч Д.Батсүхийн “... хохирогчийн цээжин тус газар нь нэг удаа цохисон... гэх, шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “...Хохирогч Д.Наранбаатарын биед хүнд гэмтэл учирсан байна. Энэ нь нэг удаагийн цохилтын хүч, байрлалаас хамарч уг гэмтэл үүсэж болно” гэх, гэрч Г.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээс дүгнэхэд Д.Батсүх нь хохирогч Д.Наранбаатарыг цохин гэмтэл учруулсан нь хангалттай нотлогдож, тогтоогдох бөгөөд шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор  шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Д.Батсүхийн үйлдсэн  гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй , хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болох ба харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно. Тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байсан гэдгээ өөрөө мэдүүлдэг бөгөөд энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

     

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Д.Наранбаатарт учирсан эдийн хохирол болох эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Д.Батсүх нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт анх удаа ял шийтгүүлж байгаа, хохирогч Д.Наранбаатарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, уг хэрэг гарахад хохирогчийн согтуурч, маргалдсан зүй бус үйлдэл нь нөлөөлсөн, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Д.Батсүх нь урьд 2013 оны 01 дүгээр сарын 25-нд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх  хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 08 сарын 12-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 сарын 25-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сар 15 хоногийг баривчлах ялаар шийтгэгдэж, уг ялаа эдлэж 2015 оны 02 сарын 09-ны өдөр хугацаа дуусч суллагдсан нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт/ хх-49/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Тэрээр хөнгөн гэмт хэрэгт хорих ял шийтгэгдэн, ялын хугацаа дуусч суллагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасан ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хамрагдаж ялгүй болсон гэж үзнэ.

 

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баян овгийн Дуламсүрэнгийн Батсүхийг  бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар  шүүгдэгч Д.Батсүхийг 03 / гурван/ жил 6  /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т заасныг  журамлан ялтан Д.Батсүхэд оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ялтан Д.Батсүх энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болох эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  хохирогч Д.Наранбаатарт учирсан эмчилгээний зардал 700.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар ялтан Д.Батсүхэд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН

 

ШҮҮГЧИД                                     Х.САНЖИДМАА

 

                                                                                                 Д.СУГАР