Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2026/0718

 

 

Б.Б-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг  

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагч Б.Б      

 

Гомдол гаргагч: Б.Б

Хариуцагч: Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А 

 

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А-ын оногдуулсан 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0149201 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0764 дүгээр шийдвэр,

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Э.А нар,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Дөлгөөн

Хэргийн индекс: 128/2026/0642/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Б-өөс Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А-д  холбогдуулан “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А-ын оногдуулсан 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0149201 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0764 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 46 дугаар зүйлийн 46.4, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтыг баримтлан гомдол гаргагч Б.Б-ийн гаргасан Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналын улсын байцаагч Э.А-д холбогдох, “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А-ын оногдуулсан 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0149201 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч Б.Б-өөс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. “... Шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан, нотолбол зохих зүйлийг нотлоогүй, шүүх хуралдаан дээр хариуцагчийн гаргасан тайлбарыг үгийн шууд утгыг хэрэглээгүй, зөвхөн захиргаа талд ашигтай байхаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Тус шүүхэд гомдол гаргахдаа Нийслэлийн Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 0140201 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн утгатай гомдлыг гаргасан байдаг. Гэтэл хэргийг шийдвэрлэсэн шүүгч шүүх хуралдаанд илт нэг талыг барьсан асуултыг асууж, хариуцагчаас асуусан асуултаа хөтөлж асуусан, хариуцагч хариулах чадваргүй байхад өөрөө өмнөөс нь хөтөлсөн асуултаар хариултыг хэлж хэлэлцүүлэгт хариуцагчийн хэлсэн тайлбарыг бүрэн шүүхийн шийдвэр дээр бичигдээгүй байгаа нь хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд хуульд заасан бүхий л шаардлагыг хангаагүй, эргэлзээтэй зарим зүйлийг тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх маргаан бүхий газарт өргөтгөлийн шинжтэй үйл ажиллагаа явуулахдаа тухайн үл хөдлөх хөрөнгийн нийт хэмжээгээр зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулж байсан гэж дүгнэсэн нь буруу бөгөөд иргэн Б.Бнь 25 м.кв хэмжээтэй талбай буюу 2 тийш 5м газарт зөвхөн хаалт хийхээр төлөвлөж байсныг 172.73 м.кв талбайд бүхэлд нь өргөтгөл хийх гэж байсан хэмээн дүгнэсэн нь маргааны бодит байдлыг илт буруу дүгнэсэн гэж үзнэ.

Гомдол гаргагч нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн яг аль хэсгийг зөрчиж, хэний ямар эрх ашгийг зөрчиж, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж, ашиглалтын хэвийн горимыг хэрхэн алдагдуулсан талаар ямар ч баримт байхгүй байхад Барилгын тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь илт буруу дүгнэлт гэж үзнэ.

Барилгын тухай хуулийн 26, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасныг хэрхэн зөрчсөн нь хэний ямар эрх, эрх ашгийг хөндсөн талаар шийдвэрт тусгаагүй зөвхөн ерөнхийлсөн шинжтэй бичсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.4 заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Гомдол гаргагч нь гомдолдоо улсын байцаагчийн 0140201 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэж тодотгосон гомдол гаргасан боловч шүүх хэргийн үйл ажиллагааг тогтоох хэмээн түүнийг буруу тодорхойлж шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагч нь би заавал биелэгдэх албан даалгавар бичихдээ алдаа гаргаж хуулийн заалтаа буруу хэрэглэсэн, утгын алдаатай шийдвэр гаргасан гэдгээ тайлбарласан боловч шүүгч түүнээс дахин дахин тэр бол андуурсан биз дээ, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл биз дээ хэмээн өмнөөс нь хариулж байсан нь гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

Хариуцагч нь хэрвээ шүүх миний гаргасан алдааг буруу гэж үзэн актыг хүчингүй болговол дахин хяналт шалгалт хийх эрхийг хаахгүйгээр шийдвэрлэж өгөх тухай хэлж байсан нь маргаан бүхий акт нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус байхыг илэрхийлсэн хэлбэр гэж ойлгоно.
Хариуцагч нь заавал биелэгдэх шинжтэй албан даалгаврыг гаргахдаа алдаатай гаргасан, түүнийгээ засаж залруулах хугацаа байсан боловч залруулаагүй, тухай актын биелэлтийг биелэгдэх боломжгүй гэдгийг мэдэж байсан хэмээн үзэж байна.


Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0764 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, дараахь үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Б.Б-өөс Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0149201 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.

3. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Б.Б нь Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46д байранд зөвшөөрөлгүйгээр металл хийцлэл бүхий давхар нэмсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2-т “Барилгын ажлын захиалагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.3-т “Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж заасан.

5. Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материал, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, зураг, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гомдол гаргагч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн дээвэр дээр металл хийцлэл бүхий төмөр карказ босгосон нь тогтоогдож байх бөгөөд уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

6. Харин гомдол гаргагчаас “... улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэдэг гомдол гаргасан болохоос үйлдлийг тогтоож өгнө үү гэж гомдол гаргаагүй. Улсын байцаагчийн акт нь биелэгдэх боломжгүй, хуулийн заалтыг буруу баримталсан” гэж,

хариуцагчаас “... барилгын өргөтгөлийг барихад холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах ажиллагааг хийгээгүй. Энэ нь барилгын захиалагчийн чиг үүрэг тул торгох шийтгэл оногдуулсан” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл Б.Б-ийн үйлдэл болон түүнд шийтгэл оногдуулсан хуулийн заалт хоорондоо нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөхөөр байна.

7. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9-т “Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, эсхүл тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн”, мөн зүйлийн 5-д “Барилгын ажлын захиалагч хуульд заасан:”, 5.2-т “Чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж тус тус заасан.

8. Тодруулбал, хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9-т зааснаар зөрчилд холбогдогч нь барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч байх бол мөн зүйлийн 5.2-т заасан холбогдогч нь барилгын ажлын захиалагч байх тухай тусдаа ойлголтууд байна.

9. Гэтэл хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Б.Б-ийг зөвшөөрөлгүйгээр металл хийцлэл бүхий өргөтгөл хийж давхар нэмсэн зөрчил гаргасан гэх боловч барилгын ажлын захиалагч гэдгийг холбогдох баримтаар шалган тогтоогоогүй, харин “Тухай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан, уг баримтаар тогтоосон” гэж тайлбарлаж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

10. Гомдол гаргагч нь металл хийцлэл бүхий төмөр карказ барьсан нь баримтаар тогтоогдож байх боловч уг үйлдэлдээ захиалагч эсвэл өмчлөгч, эзэмшигч этгээдийн хувиар оролцож байгаа эсэхийг хариуцагч нотлох баримтаар бүрэн тодруулалгүй шийтгэл оногдуулсан нь буруу, анхан шатны шүүх “Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэг болон мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтын хүлээлгэх хариуцлагын хэмжээ адил байх тул шийтгэлийн хуудсыг зорилгодоо нийцсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

11. Хэдийгээр дээрх хуулийн заалтуудын хариуцлагын хэмжээ ижил боловч зөрчилд холбогдогч этгээдийн хувийн байдал, түүнээс хамаарч зөрчилд тооцох үйлдэл, эс үйлдэхүйн хувьд ялгаатай, түүнд холбогдуулан цуглуулах баримтууд өөр тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар  үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байх гэснийг зөрчсөн хариуцагчийн шийтгэлийн хуудсыг зөвтгөх боломжгүй.

12. Хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд “... Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар албан даалгавраар хүргүүлсэн нь миний алдаа байна. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гэж байгаа бол түдгэлзүүлж өгнө үү. Дахин ажиллагаа явуулах саналтай байна” гэж тайлбарлах тул шүүх хариуцагчийн хэрэгжүүлэх чиг үүргийг өмнөөс нь хэрэгжүүлж маргаан бүхий шийтгэлийн хуудасны алдааг зөвтгөн дүгнэх нь буруу.

13. Зүйн нь нэгэнт зөрчилд холбогдогч этгээд зөрчил үйлдсэн нь тодорхой энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар холбогдох ажиллагааг явуулж, дахин шинэ акт гаргах хүртэл шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэн шийдвэрлэх нь зүйтэй.

14. Тиймээс дээрх нөхцөлд байдалд холбогдуулан нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 58 хүртэлх хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2026/0764 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтыг тус тус баримтлан Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А-ын оногдуулсан 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0149201 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж,  

Мөн хэсэгт “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А-ын оногдуулсан 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0149201 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ

        ШҮҮГЧ                                                      З.ГАНЗОРИГ  

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН