Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 01162

 

       Д.М-гийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 103/ШШ2018/00080 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.М-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Н, О.Б нарт холбогдох

Хадгалалтын гэрээний үүрэгт 97 520 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулах тухай хариуцагч О.Б-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагч Ч.Н, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1991 онд Ч.Алтантүлхүүртэй гэр бүл болсон бөгөөд бидний дундаас охин А.Нансалмаа, хүү А.Мөнхсүлд нар төрсөн. 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдөр миний нөхөр нь Бүгд Найрамдах Солонгос улс руу явж удалгүй би араас нь очиж ажиллаж байгаад 2003 онд эргэж ирсэн. Солонгост байхдаа оёдлын үйлдвэр, мебель тавилгын үйлдвэрт ажиллаж сардаа дунджаар 1 300 000 воны цалин авч байсан. Нөхөр Ч.Алтантүлхүүр бид 2 олсон цалингаа нөхрийн эгч Ч.Нод каргогоор тухайн үеийн Монгол банкны ханшаар 45-50 мянга гаруй ам.доллар илгээсэн. 2003 онд эгчид нь хадгалуулсан мөнгөөрөө байр авах гэтэл үрэгдчихсэн байсан. Түр хүлээж бай удахгүй байр авч өгнө гэсээр өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 34б байрны 2-41 тоот байрандаа амьдруулсан. Гэтэл уг байр дүү н.Оргиохүүгийн нэр дээр авсан байр байсан. 2014 онд хүү сургуульд орох болж, охин оюутан, жирэмсэн байсан болохоор Сонгинохайрхан дүүрэгт байрлах байрандаа очиж амьдарсан. Энэ байрны төлбөрийг 10 гаруй жил тасралтгүй төлсөн. Одоо би хүү, охин, зээ охиныхоо хамт амьдардаг, эзэмшсэн мэргэжилгүй, тогтвортой ажилгүй байгаа тул Бүгд Найрамдах Солонгос улсад байхдаа явуулж байсан 40 000 доллар буюу 97 520 000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгөнд Ч.Н-ын явуулсан барааны үнэ байхгүй, орифлеймийн бараа нь 1 000 000 төгрөгийн хооронд эргэлдэж байсан баримт байгаа, олсон мөнгөө Ч.Н-д өрөндөө өгдөг байсан, бид хоёрт олсон орлого, ашиг байгаагүй, 20 000 000 төгрөгөөр зараад өрөндөө өгөөд дууссан гэжээ.

Хариуцагч Ч.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хадам аав Ш.Очир нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 2-41 тоотод байрлах орон сууцыг нөхөр О.Б-д өвлүүлэн үлдээсэн. Бидний гал голомтонд Д.М амьдарч байгаа бөгөөд энэ байр нь түүнд хамааралгүй юм. Бид энэ байрыг 2020 он хүртэл банкны барьцаанд тавьсан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа орон сууцыг битүүмжилж, хураах арга хэмжээ авах гэхэд бид бүхий л бололцоогоороо хойшлуулж байна. Миний дүү Ч.Алтантүлхүүр сүүлийн 4 жил түрээсийн байранд амьдарч байгаа. Бидний эрхэлж байсан бизнес уналтанд ороод байгаа хэдий ч Д.М-гийн ая тухтай амьдрах боломжийг харгалзан түрээсийн төлбөр төлүүлэхгүй байрандаа амьдруулж байхад ийм зан гаргаж байгаад гомдолтой байна.

Ч.Алтантүлхүүр, Ч.М нарыг Бүгд Найрамдах Солонгос улсад 3 жил болоход охин А.Нансалмааг бид гэртээ авч үлдэн, энэ хоёрын явах зардал, визний төлбөр, зуучлалын хөлс гээд бүх төлбөрийг төлсөн. Тэд Солонгос улсаас илгээмжээр ачаа, зарим үед ам.доллар явуулж байсан. Энэ нь өөрсдөө ирээд авах зорилготой явуулсан ачаа, охиндоо болон манай хүүхдүүд, дүү нартаа илгээсэн илгээмж байсан. Ингээд 2003 онд Монголд ирэхэд нь явуулсан 10 гаруй чемодантай зүйлийг тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн. Дүү Ч.Алтантүлхүүр, Ч.Мядагмаа нартай ямар ч өр төлбөрийн асуудал байхгүй. Энэ хоёр Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байгаад 2003 онд Ч.Мядагмаагийн ээжийн бие муудаад гэнэт Монголд ирсэн даруйдаа “ээжийн бие муудаагүй бол бид нар ирэхгүй байсан, цуглуулсан мөнгөгүй болоод ирлээ” гээд ирсэн. Ч.Алтантүлхүүрээс надад ирүүлсэн мөнгө бол надаас зээлж авсан мөнгө, миний явуулсан Орифлеймийн барааны мөнгө байсан. Би өөрийн авах ёстой юмыг авсан, илүү юм аваагүй. Тэр үед бид боломжийн амьдралтай, хүний хадгалуулсан мөнгийг ашиглахаар хүнд байдал огт байгаагүй. 

          Бүгд Найрамдах Солонгос улсаас ирсний дараа дүү Ч.Алтантүлхүүр бид хоёр ярилцаад би 35 000 000 төгрөгийн зээл аваад бар, ресторан тохижуулаад ажиллуулж эхэлсэн. 3 жил орчим ажиллуулаад Багануурт ирэх шаардлага гарсан учраас бар, ресторанаа Ч.Алтантүлхүүр, Д.М нарт орхиод, амьдарч байсан байраа үлдээсэн бөгөөд энэ 2 бар, ресторанаа ажиллуулж чадахгүй 20 000 000 төгрөгөөр зарсан. Ч.Алтантүлхүүр, Ч.Мядагмаагаас салаад 7 жил болсон, өөр хүнтэй суусан. Тэрээр Бүгд Найрамдах Солонгос улсаас ирээд надаас мөнгө, байр авна гэж хэлээгүй. Ч.Алтантүлхүүрээс явуулсан мөнгөнд Ч.Мядагмаагийн мөнгө байсан талаар мэдэхгүй. Хэрвээ тийм бол Ч.Алтантүлхүүрээс нэхэмжлэх хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.М-д мөнгө төгрөгийн ямар нэгэн тооцоогүй болно. Д.М нь надтай садан төрлийн холбоо байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Ш.Очир 1987 онд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 41 тоот 3 өрөө орон сууцаа отгон хүү надад өвлүүлэн үлдээсэн. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 6 тоот тогтоолоор уг орон сууцыг хувьчилж авсан бөгөөд байрны хамтран өмчлөгчөөр эхнэр Ч.Н, охин Б.Мөнх-Учрал, Б.Мөнх-Энэрэл нарыг бүртгүүлсэн. 2003 онд эхнэрийн дүү Ч.Алтантүлхүүр Бүгд Найрамдах Солонгос улсаас ирээд эхнэр Д.М, охин А.Нансалмаа нарын хамт бидэнтэй цуг амьдрах болсон. Ингээд бид 2006 оноос Багануур дүүрэгт амьдрах болж байрандаа эхнэрийн аав, Ч.Алтантүлхүүрийг гэр бүлийнх нь хамт үлдээсэн. Би тухайн үед эхнэрээ бодож ийм шийдвэр гаргасан. Одоо энэ байранд Д.М хүүхдүүдийн хамт амьдарч байгаа, эхнэрийн аав, дүү Ч.Алтантүлхүүр нар энд амьдрахаа больсон. 2003 оноос хойш түрээс төлөлгүй амьдар байсан. Миний бие байраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Д.М-г албадан гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.М сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Алтантүлхүүр бид хоёр Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байхдаа авсан хөлсөө Ч.Н, О.Б нарт хадгалуулах зорилгоор шилжүүлж байсныг хариуцагч нар нь завшин үрэгдүүлсэн болохоор байр авч өгөхөөр амлаж биднийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 41 тоот өөрсдийн байрандаа амьдрах санал тавьснаар бид өнөөдрийг хүртэл энэ байранд амьдарч байна.         Иймд бидний байр авах зорилгоор хадгалуулсан мөнгийг үрчихээд, байрандаа амьдруулах санал тавьсан байж одоо байрнаас албадан гаргуулна гэж байгаа нь зүй бус үйлдэл гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөнгө төгрөг, байрны бололцоотой болтлоо энэ байранд байж бай гэсэн, энэ хүмүүсийг байр авч өгтөл энэ байрнаас гарах боломжгүй. Ч.Алтантүлхүүр хүүхдүүдээ харж ханддаггүй, миний 2 хүүхдийг орох оронтой болгосон цагт гарна, тэрнээс нааш гарахгүй гэжээ.

     Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар С овогт Д.М-гийн нэхэмжлэлтэй, Ц овогт Ч.Н, О овогт О.Б нарт холбогдох хадгалалтын гэрээний үүргийн биелэлт 97 520 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О овогт О.Б-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 34б байрны 2-41 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.М-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцнаас албадан гаргаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.М-д, хариуцагч О.Б-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.М-гаас 70 200 төгрөгийг гаргуулж хариуцагч О.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрт "...Ч.Алтантүлхүүрээс Ч.Н-ын нэр дээр шилжүүлж ирүүлсэн мөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан эсэх, нэхэмжлэгч Д.М-гийн хуваарьт хөрөнгө байсан эсэх, хэдэн төгрөг нь түүнийх болох эсэхээ нэхэмжлэгч нотолж чадаагүй..." гэж дүгнэсэн бөгөөд энэ мөнгөн хөрөнгө нь гэрлэлтийн баталгаатай, албан ёсны гэр бүл болох эхнэр Д.М, нөхөр Ч.Алтантүлхүүр нар Солонгос улсад хамт ажиллаж байхдаа олсон хөдөлмөрийн хөлс буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нь гэрч н.Батсайхан, н.Сайнбуян, Ч.Алтантүлхүүр нарын мэдүүлэг, гэрлэлтийн баталгаа болон гадаад паспортын хуулбар зэрэг баримтаар нотлогддог. Шүүх талуудын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн. Хадгалалтын гэрээг бичгээр байгуулаагүй ба гэрээний аль аль талд хөрөнгийг хадгалуулахаар шилжүүлсэн, хүлээн авч үрэн таран хийсэн гэр бүлүүд байдаг. Гэтэл асуудлыг өнгөн талаас нь харж зөвхөн нэхэмжлэгчийн нөхөр Ч.Алтантүлхүүр эгчтэйгээ гэрээ байгуулсан мэтээр нотлох баримтгүйгээр дүгнэсэн нь өрөөсгөл зүйл болжээ.

          Хариуцагчид шилжүүлсэн ам.доллар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох нь xaнгалттай нотлогдож байх тул хадгалалтын гэрээний холбогдох зохицуулалтаас гадна Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгөө шаардах эрхтэй. Нэхэмжлэгч мөнгө гаргуулах тухай шаардлага гаргасан атал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, улмаар хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус юм.

          Шүүхийн шийдвэрт гэрч Ч.Алтантүлхүүрийн мэдүүлгийг онцгойлон тусгажээ. Гэрч Ч.Алтантүлхүүр нэхэмжлэгчийн нөхөр бөгөөд хариуцагч Ч.Нын төрсөн дүү юм. Одоо Ч.Алтантүлхүүр нь нэхэмжлэгч Д.Мтай үл ойлголцлын байдалтай амьдарч байгаа бөгөөд тэрээр өөрийн хүүхдүүдийн эрх ашгийг бодолцолгүй эгчийнхээ талд opж илт худал мэдүүлж, зарим зүйлийг ярихаас зайлсхийж байгаа. Бүгд Найрамдах Солонгос улс руу явахад тухайн үед 500 орчим ам.долларын зардал гарч байсныг Бүгд Найрамдах Солонгос улсад хамт ажиллаж байсан н.Батсайхан, н.Сайнбуян нар гэрчилдэг. Ч.Алтантүлхүүрийг өөрийн гэр бүл, хүүхдүүдээ бодохгүй ах, эгч нарынхаа талд орж, гэр бүлийнхээ эсрэг байр суурьтай байгаа нь буруу гэж бодож байгаа талаараа түүний дотны найз нь гэрчийн мэдүүлэгтээ өгүүлж байсан. Хариуцагч Ч.Н "...Д.М-тай өр авлагагүй, харин дүү Ч.Алтантүлхүүртэй өр авлагын тооцоо байгаа" гэж тайлбар өгсөн нь эдгээр хүмүүс энэ гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах өр авлагын тооцоо байгаа гэдгийг илэрхийлж байна. Хариуцагч нар үрэгдүүлсэн мөнгөнийхөө өр төлбөрт тооцож нэхэмжлэгч болон түүний гэр бүлд орон сууц авч өгөхийг амлан, тэр хүртэл өөрийн орон сууцандаа амьдруулж байсан тухай, сүүлд 2016 онд орон сууц авч өгнө гэдгээ дахин хэлж байсан талаар баримтууд бий. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ч.Н, О.Б нарт холбогдуулан 40 000 ам.доллар буюу 97 520 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч О.Б нь үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.М Бүгд Найрамдах Солонгос улсад нөхөр Ч.Алтантүлхүүрийн хамт ажилласны хөлс болох мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлсэн тул буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Ч.Алтантүлхүүр, Д.М нар 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгэсэн бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулаагүй тул энэ хугацаанд тэдгээрийн олсон мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Ч.Алтантүлхүүрийн нэр дээрээс мөнгөн хөрөнгө бусдад шилжиж байгааг тэдний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө шилжиж байна гэж дүгнэх нь зүйтэй юм.

  Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаас үзэхэд 7 120 ам.долларын мөнгөн хөрөнгийг түүний  нөхөр Ч.Алтантүлхүүрээс хариуцагч Ч.Нод шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-14, 15, 17, 19, 21, 23 дугаар тал/  

  Иймд дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Д.М хариуцагч Ч.Н-оос шаардах эрхтэй. Хариуцагч Ч.Н нь энэ мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Алтантүлхүүр нь гэрчийн мэдүүлэг  өгсөн бөгөөд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Д.Мгаас тусдаа амьдарч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзвэл түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснар үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 32 880 /40 000-7 120=32 880/ ам.доллар шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн хариуцагч О.Б-д мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул нэхэмжлэгч нь түүнээс мөнгөн хөрөнгө шаардах эрхгүй.

Иймд давж заалдах шатны шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Ч.Н-оос нэхэмжлэгч Д.М шаардах эрхтэй гэж үзэж, 7 120 ам.доллар буюу 17 327 659 төгрөг /2018.01.10-ны өдрийн Монгол банкны ам.долларын ханш 2433,66 төгрөг * 7120 ам.доллар/-өөр тодорхойлж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80 192 341 төгрөг холбогдох хэсэг болон хариуцагч О.Бод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч О.Б-ын зөвшөөрлийн үндсэн дээр түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол, 34б байрны 2-41 тоот орон сууцыг эзэмшиж байсан бөгөөд хариуцагч О.Б нь сөрөг нэхэмжлэл гаргаснаар зөвшөөрлөө цуцалж, түүнийг орон сууцнаас албадан гаргуулах шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Өөрөөр хэлбэл, дээрх орон сууц эзэмшиж байгаа нэхэмжлэгч Д.М-гийн эзэмшлийг хууль ёсны гэж дүгнэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 103/ШШ2018/00080 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Н-оос 7 120 ам.доллар буюу 17 327 659 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80 192 341 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч О.Бод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтад “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч Ч.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 244 588 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 103/ШЗ2018/00541 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М нь улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 715 750 төгрөгийн зарим хэсэг болох 365 750 төгрөг төлөхөөс чөлөөлснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                                                ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

                                                                                                                     Д.БАЙГАЛМАА