| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0024/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/27 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч О.А
Хохирогч С.Б
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Б-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Б /РД: .../
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газрын хорио цээрийн албаны амралтын өрөөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...нэг үгээ олон удаа давтаж ярьсан ...” шалтгаанаар С.Б-ийн хамрын зүүн талд баруун гараараа цохих, толгойн зүүн тал хэсэгт болон зүүн чихний дээд хэсэгт гараар цохих, нүүрийг нь гараараа цохих, хөлөөрөө хэвлий хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Гаалийн ариутгалын газрын жижиг машины терминалын хэсэгт байх ажилчдын амрах өрөөнд цайны цагийн орчимд буюу 12 цагийн үед байх Б баярын шампанск гээд 1 шампанск задалж уусан юм. Үүний дараа би 1 шил /нэрийг нь мэддэггүй юм/ вино гаргаад түүнийг уусны дараа Б Кинг роберт гэдэг нэртэй виски задалсан, бид нар тэр вискинээс нэг их уугаагуй байсан. Гэтэл Б нь урьд нь бид 2-ын дунд 1 үл ойлголцол болоод маргалдаж байсан юм. Тэр асуудлыг яриад өөдөөс хашгираад байсан, ингээд бид 2 маргалдсан. Ингээд чимээгүй болохгүй байхаар нь би аяга аваад шидчихсэн юм. Гэхдээ би Б руу чиглүүлж шидээгүй. Б-ийг орилж чарлаад, бичлэг хийгээд байхаар нь л болиулах санаатай байсан юм. Ингээд бид 2-ын дунд харилцан зодоон болсон. Би Б-ийг баруун гараараа зүүн хацарт нь 1 удаа алгадсан чинь Б миний үснээс зулгаагаад 4 хөллүүлж байгаад хөлөн дээр гишгэж, зүүн хөлийн шагай руу хөлөөрөө өшиглөж, зүүн гарын шуу болон сарвуу хэсэгт гараараа цохисон. Би биеэ хамгаалахын тулд Б-тэй маажилцсан. Тухайн үед хэн нь хаана нь яаж цохиж байгааг сайн анзаарах боломжгүй байсан. Би С.Б-т учирсан хохирлыг одоогоор төлж барагдуулаагүй байгаа би хохирлыг төлж барагдуулж, С.Б-ээс уучлал гуйж, эв зүйгээ олно гэжээ. /хх-ийн 48-49/
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 01 сарын 02-ны өдөр Гаалийн хорио цээрийн ажилчдын өрөөнд хувиараа хүлээгээд байж байсан. Оны эхний өдөр гээд Б, Б бид 3 вино уусан. Б-тэй өмнө нь таарамжгүй харилцаа үүсэж байсан тэр талаар ярьж байгаад ийм асуудал гаргасан. Б-тэй маргалдаад түүнийг алгадсан, үснээс нь зулгаасан, Б мөн намайг үсдээд миний хөл рүү өшиглөсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Уучлалт гуйж байна. Эмчилгээний зардалд 200,000 төгрөгийг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэв.
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд ажил дээрээ Б, Б нарын хамт гаалийн газрын хорио цээрийн албаны амралтын өрөөнд би шинэ он гээд 1 орос шампанск задалсан юм. Ингээд бид нар шампанскаа ууж дууссаны дараа Б 1 шилтэй цагаан дарс задалсан /нэрийг нь мэдэхгүй байна/ юм. Үүнийг ууж дууссаны дараа Б мөн 1 шил виски задалсан. Ингээд виски талдаа орж байх үед Б бид 2-ын хооронд ажлын талаар яриа өрнөсөн. Ингээд удалгүй нөгөө яриа маань маргаан болж Б над руу вискитэй байсан цагаан өнгийн сэнжтэй аягыг авч шидэж намайг пиздаа чинь гэж хараасан. Би аяганаас нь булттал шууд миний хамрын зүүн талд баруун гараараа 1 удаа самардаад миний хамарнаас цус гарсан. Би угаалтуур дээр очиж хамрынхаа цусыг цэвэрлэчихээд буцаад өрөөнд ортол шууд өөдөөс ирээд миний үснээс 2 гараараа зулгаагаад толгой доош нь дараад миний толгойны зүүн талд чихний дээд хэсэг юугаар цохисныг нь мэдэхгүй 1 удаа, мөн толгой хэсэгт дахин 2,3 удаа цохиж, нүүрийг гараараа хэд хэдэн удаа самардаж, зүүн нүдэнд цус хуртал цохисон, гараараа цохисон. Тухайн үед миний үс зулгаалгаад задраад арзайгаад нүүрний урдуур орчихсон байсан болохоор аль гараараа цохисон эсэхийг анзаараагүй, мөн баруун хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Миний толгойны хэсэгт 3 хэсэгт хавдсан /толгойн зүүн хэсэгт, чихний дээд талд, толгойны орой хэсэг, хүзүүний дээд хэсэгт/, нүүрэн дээр зүүн хөмсөгний дээд талд, баруун нүдний доод тал, зүүн нүдний доод зовхи, духан дээр 7 газар, зүүн хацар, хамрын зүүн хэсэгт самардуулсан, хэвлийн хэсэгт өвчлөлтэй, зүүн талын өвдөг хөхөрсөн, зүүн талын гарын шуу хэсэгт хөхөрсөн, зүүн нүдэнд цус хурсан. Тухайн үед миний толгой эргэж, дотор муухайрч байсан. Одоо бол хүзүү хөдлөхгүй, 2 далнаас дээш хөндүүр өвчлөлтэй, 2 гараа дээш өргөхөөр өвдөнө. Зүүн талын нүд дотор нь юм орчихсон юм шиг торж өвдөнө. Өөр зовиур байхгүй. Хэрэг болох үед Б, Б нар байсан. Сүүлд бидний зодооны төгсгөлд Эрүүл ахуйч М, 1 зөрчлийн байцаагч /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ нар орж ирсэн. Өөр хүн байгаагүй. Би өөрийгөө удирдан хянах чадвартай, ямар үйл явдал болсныг мэдэж байгаа болохоор их согтоогүй байсан гэж бодож байна. Б, Б нар ч мөн их согтсон байдал анзаарагдаагүй. Миний биед учирсан гэмтлийг Б учруулсан, Б миний биед халдаагүй. Б хажууд байсан, тухайн үед больчих л доо та 2 гэж байсан болохоос салгах үйлдэл хийсэн эсэхийг нь анзааргүй. Б нь урьд нь намайг 1 удаа хэл амаар доромжилж байсан юм. Би энэ талаар ярьтал намайг нэг үгээ олон удаа давтаж ярьсан болохоор зодсон гэж дараад нь ярьсан. Хэрэлдэж байгаагүй, Б нь намайг хэл амаар их доромжилдог байсан, намайг янхан, гичий, банзал гэх мэтээр доромжилдог байсан. Ер нь Б нь их авир муутай хүүхэн байдаг юм. Би тухайн үед эмэгтэй хүмүүсийн дунд л болдог маргаан гэж бодоод эвлэрчих байх гээд цагдаад мэдэгдээгүй, гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б-тэй ойлголцоогүй тул өчигдөр өргөдөл бичээд өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цагдаад өргөдлөө өгсөн юм. Би Б-ийн үснээс 1 удаа баруун гараараа зулгаасан, өөрөөр биед нь халдсан зүйл байхгүй. Би шинжээч эмчид үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би гомдолтой байна, би нүүрэн дээр учруулсан хумсны сорвийг янзуулж, арилгуулна, миний гоо сайханд халдсан. ...Одоо миний биеийн өвдөлт зовиур байхгүй, нүүрэн дээр маань хумсны сорви үлдчихсэн. Ажил дээр нэр хүнд жоохон муудсан. Б надаас уучлалт гуйгаагүй. Надтай уулзаагүй гэжээ. /хх-ийн 07-11/
Хохирогч С.Б шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: Оны эхний өдөр гээд би олуулаа юм чинь гэж бодоод нэг шампанск буудуулсан. Тэгээд Б-тэй өмнөх таарамжгүй харилцааны талаар ярьж байгаад больсон. Тэгтэл над руу аяга аваад шидсэн. Би ч уурлаж юм хэлсэн. Тэгээд Б шууд ирээд намайг алгадаад үснээс зулгаагаад доошоо дарсан. Б салгах үйлдэл гаргаагүй. Б-ийн үйлдлээс болж миний үүрэнд маажуулсаны сорив үлдсэн. Б нь надад 200,000 төгрөгийг өгсөн. Энэ нь соривны тос болон тарианд хэрэглэсэн. Гоо сайхны хувьд хохирол учирсан тул би үүнийгээ эмчлүүлэх гэж гоо сайхны эмнэлэгт хандаж үзүүлсэн. 2,610,000 төгрөгийн эмчилгээ хийлгэнэ гэж тухайн эмнэлгээс дүгнэлт гаргаж өгсөн. Одоо Б-ээс замын зардал, эмчид үзүүлэх үзлэгийн төлбөрт 100,000 төгрөг, цаашид эмчлүүлэх 2,610,000 төгрөг нийт 2,825,800 төгрөгийг нэхэмжилж байна гэв. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би өглөө 08 цагт ажил дээрээ очоод өөр өөрсдийн ажил үүргийн хуваарийг авч Б эгч, Б эгч бид 3 цайны цагаараа ажилчдын амралтын өрөөнд Б эгч 1 шил оргилуун дарс шинэ оны юм гээд задалсан юм. Үүний дараа Баяраа эгч 1 шил дарс задалсан. Ингээд үүнийг дуусаад Б эгч өөрийнхөө сейфнээс 1 шил виски гаргаж ирээд намайг Б эгчдээ өгчих гээд өгөхөөр нь би өгтөл тэр 2 задлаад нэг их уугаагүй байсан. Би тухайн өдөр ажилтай байсан ба амралтын өрөөний эсрэг талын өрөөнд мөнгө хураах өрөө байдаг юм. Тэгээд би ажлаа хийж байтал Б эгч Б эгч рүү аяга авч шидсэн, тэгээд зодоон эхэлсэн байх. Би тухайн үед ажлаа хийж байсан болохоор яг хэн нь хэнийгээ яаж цохиж зодсоныг мэдээгүй. Тэр 2-ын дунд өмнө нь маргаантай асуудал байж байгаад тэгээд ойлголцох гэж ярьж байгаад л нөгөөх нь хэрүүл болоод зодолдсон юм шиг байна лээ. Б хамарнаас нь цус гарсан, нүүрийг нь энд тэндгүй самардсан, алийг нь санахгүй байна, 1 талынх нь нүдэнд нь цус хурсан байсан. Б эгчийн нүүрэнд нь мөн самардсан баймаар шархтай, 2-лаа үснээсээ зулгаалцсан гэмээр байдалтай, дараа нь намайг шал цэвэрлэх үед нэлээн их үс газарт унасан байсан. Би эхлээд ажлаа хийж байгаад ажлын өрөөнд байж байгаад зодолдож байгаа талаар мэдээд зодоон болж байгаа өрөөнд орж, салгах гэсэн боловч надад дийлдээгүй. Миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Б, Б нарын биед зодоон болохоос өмнө ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Эрүүл ахуйч М сүүлд нь ганцаараа орж ирсэн. Өөр хүн орж ирээгүй. Энэ 2- ын зодооны үеэр Б-т зодуулснаас болж л үүссэн байх. Ил харагдах гэмтэл нь тухайн үед үүссэн. Харин далд гэмтлийг нь бол би хараагүй учраас мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 15-16/
Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажилтай болохоор чиг үүргийн хүрээнд ариутгагч нарт чиг үүрэг өгдөг ажилтай юм. Тухайн өдөр ариутгагч нартай утсаар холбогдох гэтэл утсаа авахгүй байсан тул цогцолбороос гарч алхаад ариутгалын байран дээр иртэл амралтын өрөөнд зодоон болсон бололтой нөхцөл байдалтай, газарт архины шил унасан, ширээ, сандал ундуй, сундуй болсон. Хэнийхийг нь мэдэхгүй, газарт эмэгтэй хүний үс унасан байдалтай байсан. Намайг ороход Б, Б, Б нар байсан. Б, Б нарын нүүр нь нэгний маажсан болов уу гэмээр шархтай, Б-ийн зүүн талынх нь нүд улайлттай байсан. Б-ийн нүднийх нь доод талд шалбархай харагдаж байсан. Намайг орох үед энэ 3 архи, согтууруулах ундааны зүйл уусан байдалтай, өрөөнд ороход битүү архи үнэртэж байсан. Би тухайн хэрэг болох үед байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 18/
Шинжээчийн 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 04/26 дугаартай дүгнэлт /ххийн 25-26/ Шинжээчийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 04/016 дугаартай дүгнэлтэд 1.С.Б-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.С.Б-ийн биед тархи доргилт, зүүн нүдний салстанд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний доод зовхинд, духны цох хэсэгт, духны зүүн талд, зүүн хацарт, хамрын зүүн угалзанд, зүүн гарын ар талд, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд, зүүн шууны гадна дээд талд, зүүн бугалганы дотор дээд талд, баруун гуяны дотор дээд талд, зүүн гуяны гадна дээд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байна. 4.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 5.Дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 6.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 30-31/
Гэмт хэгийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
Хохирогчийн гэрэл зураг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 21-24/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 43-45/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлтийн лавлагаа /хх-ийн 53-54/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ххийн 61/
Хохирлын баримт, хохиролд 120,000 төгрөг төлсөн Хаан банкны гүйлгээний баримт /хх-ийн 63, 69, 98-100/ Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 65-66/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд: Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газрын хорио цээрийн албаны амралтын өрөөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...нэг үгээ олон удаа давтаж ярьсан ...” шалтгаанаар С.Б-ийн хамрын зүүн талд баруун гараараа цохих, толгойн зүүн тал хэсэгт болон зүүн чихний дээд хэсэгт гараараа цохих, нүүрийг нь гараараа цохих, хөлөөрөө хэвлий хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Б-ийн “...Ингээд виски талдаа орж байх үед Б бид 2-ын хооронд ажлын талаар яриа өрнөсөн, ингээд удалгүй нөгөө яриа маань маргаан болж Б над руу вискитэй байсан цагаан өнгийн шинжтэй аягыг авч шидэж намайг пиздаа чинь гэж хараасан. Би аяганаас нь булттал шууд миний хамрын зүүн талд баруун гараараа 1 удаа самардаад миний хамарнаас цус гарсан, би угаалтуур дээр очиж хамрынхаа цусыг цэвэрлэчихээд буцаад өрөөнд ортол шууд өөдөөс ирээд миний үснээс 2 гараараа зулгаагаад толгой доош нь дараад миний толгойны зүүн талд чихний дээд хэсэг юугаар цохисныг нь мэдэхгүй 1 удаа, мөн толгой хэсэгт дахин 2,3 удаа цохиж, нүүрийг гараараа хэд хэдэн удаа самардаж, зүүн нүдэнд цус хуртал цохисон, гараараа цохисон. Тухайн үед миний үс зулгаалгаад задраад арзайгаад нүүрний урдуур орчихсон байсан болохоор аль гараараа цохисон эсэхийг анзаараагүй, мөн баруун хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Миний толгойны хэсэгт 3 хэсэгт хавдсан /толгойн зүүн хэсэгт, чихний дээд талд, толгойны орой хэсэг, хүзүүний дээд хэсэгт/, нүүрэн дээр зүүн хөмсөгний дээд талд, баруун нүдний доод тал, зүүн нүдний доод зовхи, духан дээр 7 газар, зүүн хацар, хамрын зүүн хэсэгт самардуулсан, хэвлийн хэсэгт өвчлөлтэй, зүүн талын өвдөг хөхөрсөн, зүүн талын гарын шуу хэсэгт хөхөрсөн, зүүн нүдэнд цус хурсан...” /хх-ийн 07-11/ гэх мэдүүлэг, гэрч Г.Б-ийн “...Тэгээд би ажлаа хийж байтал Б эгч Б эгч рүү аяга авч шидсэн, тэгээд зодоон эхэлсэн байх. Би тухайн үед ажлаа хийж байсан болохоор яг хэн нь хэнийгээ яаж цохиж зодсоныг мэдээгүй. Тэр 2-ын дунд өмнө нь маргаантай асуудал байж байгаад тэгээд ойлголцох гэж ярьж байгаад л нөгөөх нь хэрүүл болоод зодолдсон юм шиг байна лээ. Б-гийн хамарнаас нь цус гарсан, нүүрийг нь энд тэндгүй самардсан, алийг нь санахгүй байна, 1 талынх нь нүдэнд нь цус хурсан байсан. Б эгчийн нүүрэнд нь мөн самардсан баймаар шархтай, 2-лаа үснээсээ зулгаалцсан гэмээр байдалтай, дараад нь намайг шал цэвэрлэх үед нэлээн их үс газарт унасан байсан. Би эхлээд ажлаа хийж байгаад ажлын өрөөнд байж байгаад зодолдож байгаа талаар мэдээд зодоон болж байгаа өрөөнд орж, салгах гэсэн боловч надад дийлдээгүй...” /хх-ийн 15-16/ гэх мэдүүлэг, гэрч Г.М-ын “...ариутгалын байран дээр иртэл амралтын өрөөнд зодоон болсон бололтой нөхцөл байдалтай, газарт архины шил унасан, ширээ, сандал ундуй, сундуй болсон, хэнийхийг нь мэдэхгүй, газарт эмэгтэй хүний үс унасан байдалтай байсан. Намайг ороход Б, Б, Б нар байсан. Б, Б нарын нүүр нь нэгнээ маажсан болов уу гэмээр шархтай, Б-ийн зүүн талынх нь нүд улайлттай байсан. Б-ийн нүднийх нь доод талд шалбархай харагдаж байсан. Намайг орох үед энэ 3 архи, согтууруулах ундааны зүйл уусан байдалтай, өрөөнд ороход битүү архи үнэртэж байсан.” /ххийн 18/, шинжээчийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 04/016 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдэл, хохирогч С.Б-т учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Б-ийн эмчилгээнд гарсан зардал 120,000 төгрөгийг төлж барагдуулсан нь Хаан банкны гүйлгээний баримт /хх-ийн 69/-аар тогтоогдож байна. Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал, замын зардал нийт 2,825,800 төгрөгийг нэхэмжилдэг. Хэрэгт авагдсан баримтуудаар 2,823,500 төгрөгийн баримт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулж нотлох баримтгүй нэхэмжилсэн 2,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Эрүүгийн хариуцлагын хувьд: Шүүгдэгч Б.Б нь анх удаа хэрэг үйлдсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан байдал, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн тайлбар, хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж торгох ялыг оногдуулсан болно. Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлтийн болон орлогын байдлыг харгалзан үзэж торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 2,823,500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б