Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/30

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Д.З

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Э-ын Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт ... тоотод оршин суух, урьд ...шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, ... шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Т овогт Э-ын Б /РД: .../

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р баг Спорт заалны хувцас солих өрөөнд орж иргэн Т.О-ийн гадуур хувцасны халаасанд байсан Iphone-12 pro маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 13:00 цагийн орчим Сайншанд сум руу ажлаар явчихаад цагийн нь сайн санахгүй байна 21:00 цагийн орчим гэж бодож байна. Би Өргөн сум руу харих гээд Сайншанд сумаас зам дагаад алхаж байтал манай сумын хүн таараад намайг Өргөн суманд хүргэж өгсөн. Тэгээд Өргөн суманд ирээд сумын хойд гэр байрны харалдаа буугаад сумын спорт заал руу очоод танидаг хүн байна уу гэж харах гээд заал руу орсон. Тэгээд спорт заалны багшийн хүүхэд байхаар нь чи ааваасаа зааланд цаг өгөх юм уу асуугаад өгөөч гэж хэлчихээд хувцас солих өрөөнд ороод сандал дээр байсан хувцсыг холдуулах гээд түлэхсэн чинь цагаан куртикны халаасанд нь гар утас байсан. Тэгэхээр нь найзуудтайгаа холбоо барих гээд утасыг нь аваад заалнаас гараад заалнаас холдолгүй байж байгаад утсыг нь оролдсон чинь нууц үгийг нь мэдэхгүй байсан тул буцаж хувцас солих өрөөнд нь ороод гар утсыг нь куртик доогуур нь хийчихээд байж байтал цагдаа ирчихсэн камер шүүж байсан. Тэгээд намайг гар утсыг нь авсан талаар мэдсэн. Найзуудтайгаа утсаар ярих зорилогтой тухайн гар утсыг авсан юм аа. Би тухайн гар утсыг авахдаа эзнээс нь асууж зөвшөөрөл аваагүй. Зааланд их чимээтэй байсан тул би гарч байгаад гар утсаар ярих гээд гарсан. Тухайн гар утасны эзэн нь зааланд тоглож байсан тул асууж чадаагүй. Би тухайн гар утсыг эзэнд нь буцаагаад өгчихсөн гэжээ. /хх-ийн 33-35/

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 01 дүгээр сарын 13-нд Дорноговь аймаг Өргөн суманд байх Спорт зааланд тоглох гээд очсон. Тухайн үед Өргөн өртөөний зааланд тоглох цагийн хувааритай байсан юм. Би тухайн өдөр 19 цаг 50 минутанд очоод хувцас солих өрөөнд ороод хувцсаа солиод 20 цагт зааланд орж тоглосон. Тухайн үед Өртөөний ажилчид болон Чандмань илчийн ажилчид тоглож байсан. Тэгээд би тоглож байтал манай эхнэр А.Б, дүү А.О-ийн хамтаар ирсэн. Тэгээд би заалнаас гараад хувцас солих өрөөнд ороод хувцсаа солиход миний гар утас байхгүй байсан. Тэгхээр нь би заал руу ороод спорт заалны багш Ж буюу Л-той уулзаж телекамерын бичлэг шүүсэн. Тэгээд олдохгүй болохоор нь би цагдаад дуудлага өгөөд цагдаагийн хамтаар камер шүүж үзээд гар утсаа олж авсан. Би миний утас Iphone 12 рго маркийн гар утас байсан. 2023 оны 07 сард Дорноговь аймгийн Сайншанд сум Намын хорооны гар утас худалдаанаас 2,100,000 төгрөгөөр худалдаж авсан гэжээ. /хх-ийн 13-14/

Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай байгууллага сумын спорт зааланд 20 цагт заал аваад тоглож байтал О-ийн эхнэр 21 цагийн орчим ирээд явахаар болоод хувцсаа солиод гарч ирэхдээ гар утас байхгүй байгаа талаар хэлсэн. О нь ямар маркийн гар утас барьдаг талаар мэдэхгүй байна, харин тухайн мед асуухад Iphone гэж хэлж байсан, биднийг заалнаас гартал хайсан. Харин заал тарах үеэр олчихсон талаар хэлж байсан гэжээ. /хх-ийн 05-06/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 03-04/ Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 25-26/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2023 оны 02 сарын 02-ны өдрийн ... дугаартай тогтоол /хх-ийн 30-31/ Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-51/

Спорт заалны үүдний хэсгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 57-58/

Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 59-60/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд: Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р баг Спорт заалны хувцас солих өрөөнд орж иргэн Т.О-ийн гадуур хувцасны халаасанд байсан Iphone-12 pro маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.О-ийн /хх-ийн 13-14/ мэдүүлэг, гэрч С.С-ийн /хх-ийн 05-06/ мэдүүлэг, эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 03-04/, Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 25-26/, спорт заалны үүдний хэсгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 57-58/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Б-ийн бусдын гар утсыг хулгайлсан гэмт хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирлын хувьд: Шүүгдэгч Э.Б нь хохирлыг биет байдлаар нь барагдуулсан нь хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 13-14/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Э-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Б-г Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди дискийг хэрэгт хадгалсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б