| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2024/0135/Э |
| Дугаар | 2024/ ШЦТ/171 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ ШЦТ/171
2024 02 28 2024/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч О.Багшбаяр,
хохирогч Ү.М,
шүүгдэгч Б.Г,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа,
нарийн бичгийн дарга Б.Гүндалай нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2311024520058 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Б.Г
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Дуулга” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ү.Мын нүүрэн тус газарт пивоны шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” гэх нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ү.Мын нүүрэн тус газарт пивоны шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- хохирогч Ү.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би хамаатны дүү Содбаярын хамт Чингэлтэй дүүргийн 13 -р хороо Дуулга гэх бааранд ороод сууж байтал 22 цаг өнгөрч байсан санагдаж байна ширээнд сууж байгаад босох үед миний зүүн хөмсөг рүү үл таних махлагдуу хар өнгийн подвалк өмссөн залуу пивоны шилээр 1 удаа цохисон тэгээд хөмсөгнөөс цус гараад тек рүү очсон юм удалгүй цагдаа нар орж ирээд тухайн залууг аваад гарсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
- гэрч П.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 21 цагийн үед Чингэлтэй дүүрэгт 17 дээр ирээд таньдаг садан төрлийн ах Ү.М буюу би Энхээ гэж дууддаг ахын хамт Дуулга гэх бааранд ортол зөөгч ирээд энэ ширээнд суучих өөр зай алга гэсэн тэгээд сууж байтал 2 үл таних 2 залуу байсан нэг нь арай махлаг хар подволк өмссөн нэг нь залуухан ах байсан. М ахыг гартаа шил барьсан хүн пивоны шилээр толгой хэсэгт нь 1 удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
- 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 37-41 дүгээр тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14706 дугаар “...Ү.Мын биед зүүн хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” гэх нэртэй бааранд хохирогч Ү.Мтай маргалдан, улмаар шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид учирсан гэм хорын хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Ү.М нь хохирол төлбөрт 400.000 төгрөг авсан болох нь баримтаар тогтоогдож байна, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 190.000 төгрөгийг шүүгдэгч Б.Г нь төлсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хохирогч Ү.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байх тул эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Гийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Хохирогч Ү.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ