Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/181

 

   2024        03         04                                   2024/ШЦТ/181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч О.Багшбаяр,

хохирогч Г.Д,

шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Под холбогдох эрүүгийн “2411 00000 0137” дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.П нь 2024 оны 1 дүгээр сарын 02-ны шөнө 05 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, “......................”-ын ......................тоотод хохирогч Г.Дтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний нүүр хэсэгт мөргөж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, уруулын салстад цус хуралт, 11, 21, 12, 22-р шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...миний куртикний цахилгаан гацсан байсан тул доошлуулахад Г.П босож ирээд намайг мөргөсөн. Тэгээд би гараад явсан. Үүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Би удахгүй хамрын эмчилгээнд орно. Үнэ төлбөр нь 1,800,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийн үнэтэй болно гэсэн” гэв.

Эрүүгийн 2411 00000 0137 дугаартай хэргээс:

Хохирогч Г.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Боршагай, М, Мөөгий бид дөрөв Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, ......................д Мгээр заалгуулаад гэрт нь очсон бид нар тухайн байранд очиж М хаалгыг нь нүдэж байгаад гэртээ орсон бөгөөд бид нар дагаад орсон. Гэрт нь ороход нэг махлаг биетэй эрэгтэй буйдан дээр сууж байсан ба М эд зүйлсээ авах гээд юмаа хайж байсан. Тэр үед би нөгөө махлаг эрэгтэйтэй нь “манай эхнэрийг хэн доромжилсон бэ? гэрт хэн нь ирсэн юм" гэх яриа гаргаж байхад бид нарыг “гэрээс гар шөнө хүмүүс амарч байна” гэх хариу өгсөн. Тэгээд гэрийн эзэн гэх эрэгтэй нь миний нүүрний хэсэгт эгц урдаас нэг удаа мөргөсөн. Тэгээд бид нар тэр айлаас гарцгаасан. Миний нүүрэнд нэг удаа мөргөсөн бөгөөд дээд 2 ширхэг үүдэн шүд хөдөлгөөн орсон. Мөн хамрын хэсэгт хавдалттай байна. Миний биед уг гэмтлийг гэрийн эзэн гэх махлаг биетэй эрэгтэй хүн нэг удаа толгойгоороо мөргөж учруулсан. Би тэр хүнд огт халдаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

            Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Д тэр хооронд цагдаагийн хэлтэс дээр оччихсон байсан бөгөөд М, Мөнгөө бид гурав очоод дөрвүүлээ нийлээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, ......................д Мгийн гэрт очсон юм. М тэр үед гэрээрээ орж хүүхдээ авна гэж байсан бөгөөд бид нар хань болоод очсон. Гэрт нь ороход М гэрийн хаалгаа тогшоод орсон бөгөөд Мг дагаад нөхөр маань орсон. Би Мөнгөөтэй хамт коридорт зогсож байсан. Гэрт нь орсны дараагаар манай нөхрийг буйдан дээр хэвтэж байсан саарал пудволктой, махлагдуу биетэй, ойролцоо насны эрэгтэй хүн хүрч ирээд нүүрнийх нь хэсэгт мөргөсөн. Тэгэхэд цаад өрөөнөөс нь өөр нэг эрэгтэй нь гарч ирээд нийлээд нөхөр рүү маань дайрсан. Тэр айлын хүн нь бид нарыг гаргаад гэрийнхээ хаалгыг хааж байхдаа миний хэвлийн зүүн хэсэгт нэг удаа өшиглөсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

            Гэрч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед хүн хаалга нүдээд байхаар нь би хаалга нээгээд харахад бэр эгч М байсан. Тэгэхэд би хаалга нээж өгчхөөд буцаад өрөөндөө орчихсон. Тэр үед гэр дотор нэг эрэгтэй хүний дуу гараад эхэлсэн. Тэр эрэгтэй нь 2 дүү нь энэ үү гэх зэрэг зүйл ярьж байгаа сонсогдсон. Би өрөөнөөс гарахад ах Г.Птой үл таних 170 см орчим өндөртэй, туранхай, шар царайтай, 25-30 орчим насны 1 эрэгтэй хүн маргалдаад байж байсан. Тэр эрэгтэйн хажууд тэр хүний эхнэр нь гэх өөр нэг эмэгтэй бас ороод ирчихсэн байсан бөгөөд хаалга нээлттэй байхад орцонд өөр бас нэг эмэгтэй харагдаж байсан. Нөгөө эрэгтэй нь манай ахтай маргалдаж байгаад цээжний хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж байгаа гэхээр байдалтай байсан бөгөөд куртикнийхээ цахилгааныг доошлуулаад хүнтэй зодолдох гэж байгаа байдалтай авир гаргаж байсан. Тэгж байхад Г.П ах тухайн эрэгтэйг нэг удаа нүүрний хэсэг рүү нь мөргөж харагдсан. Тэр хүмүүс гэрээс гарахгүй маргалдаж байсан бөгөөд би хажуугаас нь оролцож тэр хүмүүсийг гэрээс түлхэж гаргасан" гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

            Гэрч О.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үүрийн 05 цагийн орчимд би ажилдаа явах гээд босчихсон байсан бөгөөд тухайн гэрийн хаалгыг хүн их хүчтэй нүдэхээр нь Н очиж "Хэн бэ?" гэж асууж байгаад хаалга нээж өгсөн. Хаалга нээхэд Бы эхнэр М нь гаднаас орж ирж байсан. М эгч орж ирэхэд араас нь үл таних 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүс согтуу байдалтай орж ирсэн. Тэр хүмүүсийг би огт танихгүй, урьд өмнө ерөөсөө харж байгаагүй хүмүүс байсан. М орж ирэхдээ цүнхнээс түлхүүрээ авна, ажилдаа явмаар байна гэх зүйл ярьж байсан. Тэгэхэд гаднаас орж ирсэн эрэгтэй нь хувцсаа тайлаад энгэрээ задгайлчхаад "дүү нар нь хаана байна" гэх байдлаар шууд маргаан үүсгэхээр асуудал гаргасан. Нөхөр маань унтаж байгаад цаанаас босож ирсэн. Тэр эрэгтэйн хамт байсан эхнэр нь гэх жижигхэн биетэй эмэгтэй нь намайг "янхан" болон миний нөхөр Г.Пыг "бүдүүн, гахай" гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Хамт ирсэн нөгөө нэг үл таних эмэгтэй нь арай настай гэхээр 50 гаран насны хүн байсан бөгөөд юунд ч оролцоогүй чимээгүй байж байсан. Тэр хүмүүсийг орж ирэх үед хадам дүү Н хаалганы хэсэгт болсон асуудлыг хараад зогсож байсан. Тэгж байхад нөгөө эрэгтэй нь гэрт согтуу агсарч байгаад манай нөхрийн мөрний хэсэг рүү нь гарынхаа алгаар түлхсэн. Тэгэхэд манай нөхөр тэр хүнийг зөрүүлээд нэг удаа мөргөчихсөн. Тэгээд л тэр хүмүүсийг гэрээс гаргаж явуулсан" гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

            Шүүгдэгч Г.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “2024 оны 1 дүгээр сарын 02-ны шөнө 03 цагийн орчимд манай ах Б нь над руу утсаар яриад би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би ахыг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул 2 захын урд талд байдаг нийтийн байрнаас согтуу байдалтай байхад нь очиж авсан юм. Тэгээд 2024 оны 1 дүгээр сарын 02-ны шөнө 05 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, "Шинэчлэл" хорооллын ......................тоотод би эхнэр О, төрсөн ах Б, Бы охин Х, төрсөн дүү Н нарын хамт амарч байсан. Тэгтэл манай хаалгыг гаднаас хүн нүдээд балбаад байхад манай дүү ойрхон байж байгаад Н очиж "Хэн бэ?" гэж хэлээд хаалга нээхэд гаднаас ахын эхнэр М орж ирсэн. Би болон эхнэр маань тэр үед мөн босчихсон байсан. Тэр үед М гаднаас орж ирчхээд ажилдаа явлаа гэж яриад түлхүүрээ хайгаад байж байхад гаднаас огт танихгүй согтуу байдалтай 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн орж ирсэн. Тэр хүмүүс нь гаднаас орж ирэхэд эрэгтэй нь гэр дотор орилоод "Хаана байна тэр нөхрийнх нь дүү нар" гэх зэргээр маргаан гаргасан. Тэр үед би юун хүмүүс юм бэ, гарцгаа гэж хэлэхэд намайг тэр эрэгтэй нь түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр эрэгтэйн нүүрнийх нь хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд тэр хүмүүсийг би гэрээсээ гаргасны дараагаар тэр хүмүүс гадна хаалга дахиж нүдээд амраахгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1074 дугаартай:

            1. Г.Дийн биед хамар ясны хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, 11, 21, 12, 22 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

   3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

“White dent” шүдний эмнэлгийн үзлэгийн карт /хх-ийн 34-р хуудас/,

“МED trauma” эмнэлгийн дүрс оношлогооны шинжилгээний хариу /хх-ийн 35-36-р хуудас/,

Хохирогч Г.Доос гаргаж өгсөн эмчилгээний баримт /хх-ийн 67-70-р хуудас/,

Шүүгдэгч Г.Пын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/,

Шүүгдэгч Г.Пын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 59-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Г.Под холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.П нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Г.П нь 2024 оны 1 дүгээр сарын 02-ны шөнө 05 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, “......................”-ын ......................тоотод хохирогч Г.Дтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний нүүр хэсэгт мөргөж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, уруулын салстад цус хуралт, 11, 21, 12, 22-р шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Г.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Боршагай, М, Мөөгий бид дөрөв Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, ......................д Мгээр заалгуулаад гэрт нь очсон бид нар тухайн байранд очиж М хаалгыг нь нүдэж байгаад гэртээ орсон бөгөөд бид нар дагаад орсон. Гэрт нь ороход нэг махлаг биетэй эрэгтэй буйдан дээр сууж байсан ба М эд зүйлсээ авах гээд юмаа хайж байсан. Тэр үед би нөгөө махлаг эрэгтэйтэй нь “манай эхнэрийг хэн доромжилсон бэ? гэрт хэн нь ирсэн юм" гэх яриа гаргаж байхад бид нарыг “гэрээс гар шөнө хүмүүс амарч байна” гэх хариу өгсөн. Тэгээд гэрийн эзэн гэх эрэгтэй нь миний нүүрний хэсэгт эгц урдаас нэг удаа мөргөсөн. Тэгээд бид нар тэр айлаас гарцгаасан. Миний нүүрэнд нэг удаа мөргөсөн бөгөөд дээд 2 ширхэг үүдэн шүд хөдөлгөөн орсон. Мөн хамрын хэсэгт хавдалттай байна. Миний биед уг гэмтлийг гэрийн эзэн гэх махлаг биетэй эрэгтэй хүн нэг удаа толгойгоороо мөргөж учруулсан. Би тэр хүнд огт халдаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

            гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Д тэр хооронд цагдаагийн хэлтэс дээр оччихсон байсан бөгөөд М, Мөнгөө бид гурав очоод дөрвүүлээ нийлээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, ......................д Мгийн гэрт очсон юм. М тэр үед гэрээрээ орж хүүхдээ авна гэж байсан бөгөөд бид нар хань болоод очсон. Гэрт нь ороход М гэрийн хаалгаа тогшоод орсон бөгөөд Мг дагаад нөхөр маань орсон. Би Мөнгөөтэй хамт коридорт зогсож байсан. Гэрт нь орсны дараагаар манай нөхрийг буйдан дээр хэвтэж байсан саарал пудволктой, махлагдуу биетэй, ойролцоо насны эрэгтэй хүн хүрч ирээд нүүрнийх нь хэсэгт мөргөсөн. Тэгэхэд цаад өрөөнөөс нь өөр нэг эрэгтэй нь гарч ирээд нийлээд нөхөр рүү маань дайрсан. Тэр айлын хүн нь бид нарыг гаргаад гэрийнхээ хаалгыг хааж байхдаа миний хэвлийн зүүн хэсэгт нэг удаа өшиглөсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

            гэрч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед хүн хаалга нүдээд байхаар нь би хаалга нээгээд харахад бэр эгч М байсан. Тэгэхэд би хаалга нээж өгчхөөд буцаад өрөөндөө орчихсон. Тэр үед гэр дотор нэг эрэгтэй хүний дуу гараад эхэлсэн. Тэр эрэгтэй нь 2 дүү нь энэ үү гэх зэрэг зүйл ярьж байгаа сонсогдсон. Би өрөөнөөс гарахад ах Г.Птой үл таних 170 см орчим өндөртэй, туранхай, шар царайтай, 25-30 орчим насны 1 эрэгтэй хүн маргалдаад байж байсан. Тэр эрэгтэйн хажууд тэр хүний эхнэр нь гэх өөр нэг эмэгтэй бас ороод ирчихсэн байсан бөгөөд хаалга нээлттэй байхад орцонд өөр бас нэг эмэгтэй харагдаж байсан. Нөгөө эрэгтэй нь манай ахтай маргалдаж байгаад цээжний хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж байгаа гэхээр байдалтай байсан бөгөөд куртикнийхээ цахилгааныг доошлуулаад хүнтэй зодолдох гэж байгаа байдалтай авир гаргаж байсан. Тэгж байхад Г.П ах тухайн эрэгтэйг нэг удаа нүүрний хэсэг рүү нь мөргөж харагдсан. Тэр хүмүүс гэрээс гарахгүй маргалдаж байсан бөгөөд би хажуугаас нь оролцож тэр хүмүүсийг гэрээс түлхэж гаргасан" гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

            гэрч О.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үүрийн 05 цагийн орчимд би ажилдаа явах гээд босчихсон байсан бөгөөд тухайн гэрийн хаалгыг хүн их хүчтэй нүдэхээр нь Н очиж "Хэн бэ?" гэж асууж байгаад хаалга нээж өгсөн. Хаалга нээхэд Бы эхнэр М нь гаднаас орж ирж байсан. М эгч орж ирэхэд араас нь үл таних 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүс согтуу байдалтай орж ирсэн. Тэр хүмүүсийг би огт танихгүй, урьд өмнө ерөөсөө харж байгаагүй хүмүүс байсан. М орж ирэхдээ цүнхнээс түлхүүрээ авна, ажилдаа явмаар байна гэх зүйл ярьж байсан. Тэгэхэд гаднаас орж ирсэн эрэгтэй нь хувцсаа тайлаад энгэрээ задгайлчхаад "дүү нар нь хаана байна" гэх байдлаар шууд маргаан үүсгэхээр асуудал гаргасан. Нөхөр маань унтаж байгаад цаанаас босож ирсэн. Тэр эрэгтэйн хамт байсан эхнэр нь гэх жижигхэн биетэй эмэгтэй нь намайг "янхан" болон миний нөхөр Г.Пыг "бүдүүн, гахай" гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Хамт ирсэн нөгөө нэг үл таних эмэгтэй нь арай настай гэхээр 50 гаран насны хүн байсан бөгөөд юунд ч оролцоогүй чимээгүй байж байсан. Тэр хүмүүсийг орж ирэх үед хадам дүү Н хаалганы хэсэгт болсон асуудлыг хараад зогсож байсан. Тэгж байхад нөгөө эрэгтэй нь гэрт согтуу агсарч байгаад манай нөхрийн мөрний хэсэг рүү нь гарынхаа алгаар түлхсэн. Тэгэхэд манай нөхөр тэр хүнийг зөрүүлээд нэг удаа мөргөчихсөн. Тэгээд л тэр хүмүүсийг гэрээс гаргаж явуулсан" гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

            шүүгдэгч Г.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “2024 оны 1 дүгээр сарын 02-ны шөнө 03 цагийн орчимд манай ах Б нь над руу утсаар яриад би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би ахыг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул 2 захын урд талд байдаг нийтийн байрнаас согтуу байдалтай байхад нь очиж авсан юм. Тэгээд 2024 оны 1 дүгээр сарын 02-ны шөнө 05 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, "Шинэчлэл" хорооллын ......................тоотод би эхнэр О, төрсөн ах Б, Бы охин Х, төрсөн дүү Н нарын хамт амарч байсан. Тэгтэл манай хаалгыг гаднаас хүн нүдээд балбаад байхад манай дүү ойрхон байж байгаад Н очиж "Хэн бэ?" гэж хэлээд хаалга нээхэд гаднаас ахын эхнэр М орж ирсэн. Би болон эхнэр маань тэр үед мөн босчихсон байсан. Тэр үед М гаднаас орж ирчхээд ажилдаа явлаа гэж яриад түлхүүрээ хайгаад байж байхад гаднаас огт танихгүй согтуу байдалтай 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн орж ирсэн. Тэр хүмүүс нь гаднаас орж ирэхэд эрэгтэй нь гэр дотор орилоод "Хаана байна тэр нөхрийнх нь дүү нар" гэх зэргээр маргаан гаргасан. Тэр үед би юун хүмүүс юм бэ, гарцгаа гэж хэлэхэд намайг тэр эрэгтэй нь түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр эрэгтэйн нүүрнийх нь хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд тэр хүмүүсийг би гэрээсээ гаргасны дараагаар тэр хүмүүс гадна хаалга дахиж нүдээд амраахгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1074 дугаартай:

            1. Г.Дийн биед хамар ясны хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, 11, 21, 12, 22 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

   3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

“White dent” шүдний эмнэлгийн үзлэгийн карт /хх-ийн 34-р хуудас/,

“МED trauma” эмнэлгийн дүрс оношлогооны шинжилгээний хариу /хх-ийн 35-36-р хуудас/,

хохирогч Г.Доос гаргаж өгсөн эмчилгээний баримт /хх-ийн 67-70-р хуудас/, болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүгдэгч Г.Пын үйлдлийн улмаас хохирогч Г.Дийн биед хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба харин шүүгдэгч Г.П нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулаагүй талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй, түүний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.

            Өөрөөр хэлбэл хохирогч Г.Дийн биед учирсан хамар ясны хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, 11, 21, 12, 22 дугаар шүдний сулрал гэмтэл нь 2024 оны 1 дүгээр сарын 02-ны шөнө үүссэн байх боломжтой нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн Г.Поос өөр этгээд энэ гэмтлийг учруулсан болон энэхүү гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Г.Пын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Г.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Шүүгдэгч Г.Пын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч хохирогч нь эмчилгээний зардалд 870.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Г.П 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төлсөн болох нь шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч Г.Д нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Под Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч нь шөнийн цагаар бусдын орон байранд очиж амарч байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулан хэрүүл маргаан үүсгэсэн ба үүний улмаас шүүгдэгч нь хохирогчийг мөргөж биед нь хөнгөн хохирол учруулсан ба энэ үйлдэл шүүгдэгчийн хувьд анх удаа бөгөөд тэрээр бусдад учруулсан хохирлоо баримтын хэмжээнд төлсөн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Под 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Под оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Г.Д нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Под авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Г.УУГАНБААТАР