Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00036

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00036

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Буянт сум, Цагаан эрэг багт оршин суух, ПВ67082011 дугаарын регистртэй, Боржигон овогт Пунцагдоржийн Энхтайвангийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.Энхтайван

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Энхтайван нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Энхтайван миний бие 1967 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн бөгөөд 1975 онд Буянт сумын сургуульд орж 1982 онд 7 дугаар ангиас гараад аав Д.Пунцагдорж, ээж Ц.Должин нарын хамт Буянт сумын Цагаан эрэг багт 2001 он дуустал буюу өөрөө гэр бүл болж тусдаа гарах хүртлээ мал малласан юм. Тухайн үед аав маань багийн малын эмч, малчнаар, ээж саальчин хийж байсан юм. Би 1985 оны 6 дугаар сарын 21-нд цэрэгт татагдаж 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдөр халагдаж нутагтаа ирээд малаа үргэлжлүүлэн малласан. 2001 оны 8 дугаар сарын 20-нд Дуут сумын харъяат Г.Буянхишигтэй гэр бүл болж Буянт сумын Цагаан эрэг багтаа малаа үргэлжлүүлэн маллаж ирлээ. Хуулийн дагуу 1990 оноос 2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан боловч энэ хугацаанд малчнаар ажилласан болохыг шүүхээр тогтоолгож ир хэмээсэн болно. Иймд 1982 оны 6 дугаар сараас 2000 онд Буянт сумын Цагаан эрэг багт малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч П.Энхтайван нь 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт хувиараа мал маллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3006 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 4 дүгээр бригадын 1982 оноос 1985 он, 1990 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600005828 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар,

564218 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

1983 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь

Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Гэрч М.Хүрэлбаатарын ...М.Хүрэлбаатар миний бие 1971 оноос хойш Буянт сумын Цагаан эрэг багт малчин, бригадын аж ахуйн нярав, шуудан зөөгч зэрэг ажпууд хийж байсан билээ. Энэ хугацаанд П.Энхтайван нь 7 дугаар ангиас гарч хөдөө ирээд аав Д.Пунцагдорж, ээж Ц. Должин нарыхаа хамт мал маллаж, туслах малчин, бригадын сахиул, нэгдлийн бог мал маллаж байсан бөгөөд цэрэгт явж ирээд өдий хүртэл тасралтгүй мал маллаж байгаа, мөн П.Энхтайваны аав Пунцагдорж нь бригадын малын эмч, малчин, ээж Ц.Должин нь саальчин хийдэг байсан тул эднийх байнга хөдеө байж мал малладаг айл байсан болохыг сайн мэдэхийн хувьд ийнхүү тодохойлолт гаргаж байна... гэх тодорхойлолт,

Гэрч К.Ховдбайн ...П.Энхтайван нь Ховд аймгийн Буянт сумын сургуулийн 7 дугаар ангиас гарч хөдөө мал дээр ирж аав, ээжийнхээ хамт маллаж эхэлсэн бөгөөд миний бие бог малладаг байхад бригадын даргын үүргийн дагуу 1982 оноос 1983 онд миний туслах малчин хийдэг байсан. П.Энхтайван нь цэрэгт явахын өмнө жилээс өөрөө бие дааж нэгдлийн мал маллаж эхэлсэн бөгөөд цэргээс ирээд 1988, 1989 онд бригадын манаач, өвсний сахиул малчин хийж, нэгдэл, бригадын хадлан хадах ажилд дайчлагддаг байсан. Би өөрөө насаараа Цагаан эрэг багт малчин хийсэн, одоо ч П.Энхтайваны хамт нэг нутагт малаа малласаар байгаа хүмүүс тул ийнхүү тодорхойлолт гаргаж байна... гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан П.Энхтайваны ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-т заасныг баримтлан Боржигон овогт Пунцагдоржийн Энхтайванг 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт хувиараа мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ