| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0410/Э |
| Дугаар | 792 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 792
2020 6 18 2020/ДШМ/792
Р.Ст холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Бямбасүрэн,
шүүгдэгч Р.С,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/406 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Амарбатын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай прокурорын эсэргүүцлээр Р.Ст холбогдох 2009010790536 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв;
Сартуул овгийн Р.С, 1956 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн команд мэргэжилтэй, “Ханхүү бат” ХХК-д хамгаалалтын албаны хүний нөөцийн менежер, бүлгийн дарга ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагч Б.Бүрэнжаргалын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь жалга 3 дугаар гудамжны 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-02 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй /РД:ХИ56122839/;
Р.С нь 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-2 тоот гэртээ хохирогч Б.Бүрэнжаргалыг “үглээд байна, дуугүй бай” гэж нүүрэн тус газар руу нь ном шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Р.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сартуул овгийн Р.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Р.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 460 /дөрвөн зуун жар/ нэгж буюу 460.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, торгуулийн ялаас чөлөөлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Р.С нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Р.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор Э.Амарбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Учир нь, 1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр, мөн хэсгийн 1.1-т “...ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж хуульчилснаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэгт оногдуулах ялаас шууд чөлөөлөх хуулийн зохицуулалт байна.
Өөрөөр хэлбэл, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох, ялаас өвчний учир чөлөөлөх зэргээс бусад тохиолдолд ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх тухай хэм хэмжээг Эрүүгийн хуулиар тогтоогоогүй байхад 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Учир нь, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид байхгүй зүйл, хэсэг, заалтаар ял оногдуулж, ялаас чөлөөлсөн байх бөгөөд шүүх хуралдаанд уншиж сонгосон шийдвэрийн тогтоох хэсэг, гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд Р.Ст холбогдох Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/406 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив ...” гэжээ.
Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид байхгүй зүйл, хэсэг, заалтаар ял оногдуулж, ялаас чөлөөлсөн байх бөгөөд шүүх хуралдаанд уншиж сонгосон шийдвэрийн тогтоох хэсэг, гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна ...” гэв.
Шүүгдэгч Р.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд оролцоход шүүгч, прокурор хоёрын хооронд маргаан гараад байх шиг байсан. Тэгээд би “өөрөө алдаа хийсэн юм чинь торгуулийн ялыг авъя” гэж хэлсэн. Би тэтгэвэрт гарсан, хурандаа цолтой хүн. Хардалт, сэрдэлтээс болоод уншиж байсан номоо шидсэн нь үнэн, энэ үйлдлийг минь уучлаарай, дахин ийм алдаа дутагдал гаргахгүй ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Р.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Р.Ст холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:
Анхан шатны шүүх Р.Ст холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгч С.Оюунчимэг нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг:
“...1. Шүүгдэгч Сартуул овогт Р.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Р.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, Р.С нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.С нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Р.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Ст авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ...” гэж уншиж танилцуулсан байх ба харин хэргийн оролцогч нарт гардуулсан, хэрэгт бичгээр гарсан шийтгэх тогтоолд:
“...1. Шүүгдэгч Сартуул овгийн Р.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Р.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 460 /дөрвөн зуун жар/ нэгж буюу 460.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, торгуулийн ялаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Р.С нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Р.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Ст авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ...” гэж бичигдсэнээс дүгнэвэл шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасныг зөрчсөн ноцтой зөрчил гэж үзнэ.
Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ...” гэж заасныг хэрэгжүүлэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж танилцуулсны дараа өөрчлөх эрх шүүгч, прокурорт хэн алинд нь ч байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өөрчлөх эрх олгогдоогүй болохыг дурьдаж байна.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн прокурор Э.Амарбатын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай Дээд шатны прокурорын “…шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах…”-аар бичсэн эсэргүүцлийн хэсгийг хүлээн авч, Р.Ст холбогдох хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/406 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.Ст холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Р.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ