Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00034

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00034

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, 1-80 айлын орон сууц, 13 тоотод оршин суух, РЭ66060924 дугаарын регистртэй, Боржигон овогт Баяны Нармандахын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Нармандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Нармандах нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 оны 06 дугаар сарын 09-нд Хөвсгөл аймгийн нэгдсэн төв эмнэлэгт айлын 7 дах охин болон мэндэлсэн. 1974 онд Хөвсгөл аймгийн 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1984 онд 10 дугаар ангиа төгссөн. Улмаар Хөвсгөл аймгийн 3 дугаар яслид угаагч, үйлчлэгчээр ажиллаж байгаад 1989 онд Ховд аймгийн Багшийн дээд сургуульд элсэн орж суралцсан. 1991 оны 05 дугаар сарын 24-нд гэр бүл болсон. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул хохироход хүрээд байна. Иймд намайг 1984 оноос 1989 оныг хүртэл Хөвсгөл аймгийн 3 дугаар яслид угаагч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Нармандах нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн 3 дугаар яслид угаагч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11/1728 дугаартай албан бичиг,

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 760 дугаартай архивын лавлагаа, хавсралтын хамт

Хүсэлт гаргагчийн 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 141108 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн 3 дугаар яслид угаагч, үйлчлэгчээр ажиллаж байхдаа авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зураг,

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600002971 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар,

Гэрч Ч.Цэнд-Аюушийн ...Миний бие 1984 оноос 1989 онуудад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар яслид асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд Б.Нармандах нь үйлчлэгч угаагчаар ажиллаж байсан. Бид хамтдаа ажиллаж байсан бөгөөд одоо 3 дугаар ясли нь 6 дугаар цэцэрлэг нэртэй болон өөрчлөгдсөн... гэх тодорхойлолт,

Гэрч Я.Гарамсүрэнгийн ...Миний бие 1984 оноос 1989 онуудад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар яслид сувилагч, хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан. Энэ хугацаанд Б.Нармандах нь үйлчлэгч угаагчаар ажиллаж байсан. Бид хамтдаа ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Нармандахын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Баяны Нармандахыг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн 3 дугаар яслид угаагч, үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ