Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00033

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00033

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт оршин суух, ПЕ66010514 дугаарын регистртэй, Баядаанхан овогт Цэвээндоржийн Цэвэгжавын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Цэвэгжав нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баядаанхан овогт Цэвээндоржийн Цэвэгжав миний бие 1966 оны 01 сарын 05- ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийг 1982 оны 06 дугаар сард төгсөж, нэгдлийн даргын 1982 оны 06 сарын 20- ны өдрийн 13 дугаартай ажилд томилох тухай тушаалаар Зэрэг сумын Гүвээ багт хоньчноор томилогдож , эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1984 оны 06 сарын 05- ны өдөр цэргийн албанд татагдаж, 021 дүгээр ангид цэргийн алба хаагаад 1987 оны 08 сарын 08- ны өдөр халагдаж ирээд мөн эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1992 оны 02 дугаар сард Содномын Алтанхорлоотой гэр бүл болсон. Зэрэг сумын Хөдөлмөр компани нь 1991 онд Хөдөлмөр хувьцаат компани болсон. Би компаний мал маллаж байгаад хувьчлалаар малаа тараасан. Өнөөдрийг хүртэл Зэрэг сумын Гүвээ багт мал маллаж байна. Миний бие өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч ажилд орсон тушаалаас өөр баримт байхгүй, хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Баядаанхан овогт Цэвээндоржийн Цэвэгжав намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ багт малчнаар 1982 оны 06 сарын 20- ны өдрөөс 1984 оны 06 сарын 05- ны өдөр хүртэл, 1987 оны 08 сарын 08- ны өдрөөс 1990 оныг дуустал, Зэрэг сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар 1991 оны 01 сарын 01- ний өдрөөс 1993 оны 02 сарыг дуустал тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно, 100 дугаар зүйлийн 100.3-т ...шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ..., 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.  гэж тус тус заажээ.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Ц.Цэвэгжав нь 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1409 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадын 1982 оноос 1984 он, 1987 оноос 1992 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

405412 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүсэлт гаргагчийн 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нээлгэсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 03 дугаар сараас 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000372 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар,

Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3088 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 126/004277 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 126/004276 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаартай лавлагаа

Гэрч Д.Галсандоржийн ... Миний бие Ц.Цэвэгжавтай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1984 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар саоын 05-ны өдрийг хүртэл хамтдаа ажиллаж байсан бөгөөд Ц.Цэвэгжав нь малчнаар ажиллаж байсан болох нь үнэн... гэх тодорхойлолт,

Гэрч П.Баатарбилэгийн ... Миний бие Ц.Цэвэгжавтай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1984 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар саоын 05-ны өдрийг хүртэл хамтдаа ажиллаж байсан бөгөөд Ц.Цэвэгжав нь малчнаар ажиллаж байсан болох нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Цэвэгжавын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баядаанхан овогт Цэвээндоржийн Цэвэгжавыг 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ