| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 186/2024/0176/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/182 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/182
2024 03 04 2024/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,
улсын яллагч О.Багшбаяр /томилолтоор/,
шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ад холбогдох эрүүгийн 2411 00085 0084 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А нь 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн ..................................төвийн байрны 2-14 тоотоос хохирогч Ж.Тгийн “Самсунг А71" 5 жи загварын гар утсыг, улаан өнгийн утасны хамгаалалтын гэрийн хамтаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 431.000 /дөрвөн зуун гучин нэгэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Эрүүгийн 2411000850084 дугаартай хэргээс:
Хохирогч Ж.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Далайхүү худалдааны төвийн шинэ байрны 142 тоотод байх найз Мын гэрт ирээд байж байтал шөнө 21 цагийн үед Мын хүү Н.А гаднаас орж ирсэн тэгээд бид 3 хамт юм ярьж байгаад унтсан. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад манай найз М намайг сэрээгээд чиний гар утсыг манай хүү М аваад гараад явчихлаа гээд хэлсэн тэгээд тухайн үедээ цагдаа дуудаагүй удалгүй Н.А буцаад ирэхээр нь гар утсаа авъя гэхэд өөдөөс салаавч өгөөд би аваагүй гэж хэлээд байсан. Дараа нь 2023 оны 12 дугаар 06-ны өдөр гэрт нь ороод асуухад би санахгүй байна дэлгүүрт тавьсан гээд хэлээд байгаа юм тэгээд одоо цагдаад хандаж байна. Н.Агээс өөр хэн нэгэн миний утсыг аваагүй юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Дамно ХХК-ны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЧД2-23-829 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-23-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/,
Шүүгдэгч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Т эгчийн ямар загварын гар утас гэдгийг нь мэдэхгүй байна, залгуурын хажууд ил улаан өнгийн кейстэй утас хэвтэж байхаар нь авч гараад Долоон буудлын эцэс ороод автобусны буудал дээр зогсож байсан үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүнд тухайн гар утсыг 100.000 төгрөгөөр зарчихсан...” /хх-ийн 31-32-р тал/,
Шүүгдэгч Н.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35-р тал/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36-р тал/,
Шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41-р тал/,
Урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 63-71-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Н.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Н.А нь 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн ..................................төвийн байрны 2-14 тоотоос хохирогч Ж.Тгийн “Самсунг А71" 5 жи загварын гар утсыг, улаан өнгийн утасны хамгаалалтын гэрийн хамтаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 431.000 /дөрвөн зуун гучин нэгэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-хохирогч Ж.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Далайхүү худалдааны төвийн шинэ байрны 142 тоотод байх найз Мын гэрт ирээд байж байтал шөнө 21 цагийн үед Мын хүү Н.А гаднаас орж ирсэн тэгээд бид 3 хамт юм ярьж байгаад унтсан 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад манай найз М намайг сэрээгээд чиний гар утсыг манай хүү М аваад гараад явчихлаа гээд хэлсэн тэгээд тухайн үедээ цагдаа дуудаагүй удалгүй Н.А буцаад ирэхээр нь гар утсаа авъя гэхэд өөдөөс салаавч өгөөд би аваагүй гэж хэлээд байсан. Дараа нь 2023 оны 12 дугаар 06-ны өдөр гэрт нь ороод асуухад би санахгүй байна дэлгүүрт тавьсан гээд хэлээд байгаа юм тэгээд одоо цагдаад хандаж байсан Н.Агээс өөр хэн нэгэн миний утсыг аваагүй юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
-шүүгдэгч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Т эгчийн ямар загварын гар утас гэдгийг нь мэдэхгүй байна, залгуурын хажууд ил улаан өнгийн кейстэй утас хэвтэж байхаар нь авч гараад Долоон буудлын эцэс ороод автобусны буудал дээр зогсож байсан үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүнд тухайн гар утсыг 100.000 зарчихсан...” /хх-ийн 31-32-р тал/,
-Дамно ХХК-ны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЧД2-23-829 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-23-р тал/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус зааснаар өмчлөх эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж, мөн бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан буюу эд зүйлийг авснаар төгсдөг.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Агийн хувьд хохирогч Ж.Тгийн ”Самсунг А71-5 жи” загварын гар утсыг залгуурын хажууд байхад эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэнд халдсан буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Тд 431.000 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 20-24-р тал/-ыг шүүгдэгч Н.А нь төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Н.Агээс 431,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Тд олгох нь зүйтэй буюу шүүгдэгчийг 431,000 төгрөгийн төлөх төлбөртэйд тооцов.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх...” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрх бүхий байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, хураан авсан хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агээс 431.000 /дөрвөн зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо Рашаантын 14-687 тоотод оршин суух хаягтай хохирогч Буян овогт Жамсранжавын Туяа /РД:ХК65110604/-д олгосугай.
6. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР