| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0020/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/0081 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/0081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0020/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Н.Идэр, Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Иргэдийн төлөөлөгч Ө.Шоовдор,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Базаргүрийн Батжаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000628 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гутал засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Булгийн 1-16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 359 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2099 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сар, 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил, 10 сар, 12 хоногийн хорих ялаар,
Багануур дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 82 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгэж, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Базаргүрийн Батжаргал /РД:ТД78072631/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Батжаргал нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сум, 3 дугаар баг, Булгийн 1-16 тоот, гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Баасансүрэнг “охиныхоо бөөрний донор болох гэлээ” гэсэн шалтгаанаар зүүн бөөр хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн бөөр орчмын цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас зүүн бөөрийг мэс заслаар авсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэрийн 5/,
Иргэн Б.Баасансүрэнгийн бичгээр гаргасан гомдол /хавтаст хэргийн 6/,
Хохирогч Б.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2023 оны 08 дугаар сарын 25-ны орой 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Булгийн 1-16 тоотод гэртээ байхад манай нөхөр Б.Батжаргал нь согтуу орж ирээд надад агсан согтуу тавиад “чи миний дургүйг их хүргэдэг” гэж хэлээд намайг хаалганы хажуу талын орон дээр хэвтэж байхад миний үснээс баруун гараараа зулгаагаад газар унагаагаад миний зүүн талын бөөр хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохиод дараа нь баруун хөлөөрөө миний зүүн бөөр хэсэг рүү гурван удаа өшиглөсөн, ... Б.Батжаргал нь надад “чи өөрийн хүүхэд Б.Ариунаагийн бөөрний донор болж чадахгүй” гэж хэлээд гэрээс гараад явсан юм. Ингээд би 2023 оны 08 дугаар сарын 25-ны орой 21 цагийн орчимд манай охин Б.Ариунаа гэрт ирсэн болохоор нь Б.Батжаргал намайг зодсон талаараа хэлээд Б.Ариунаа бид хоёр хамт Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг орсон. Эмнэлэг дээр очоод өвчин намдаах тариа хийгээд гэртээ буцаж ирсэн. Б.Батжаргал нь намайг зодсоноос хойш миний нуруу хэсэг маш хүчтэй өвдөөд байхаар нь би 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд миний бөөр гэмтсэн байна гэж надад хэлсэн юм. Би уг асуудал болохоос өмнө өөрийн охин Б.Ариунаагийн бөөрний донор болж 1 бөөрөө өгөх гэж байтал манай нөхөр Б.Батжаргал нь намайг зодсоны улмаас би өөрийн охин Б.Ариунаад бөөрөө өгч чадахааргүй болсон бөгөөд би өөрөө бөөрний хагалгаанд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орсон ...Би Б.Батжаргалтай 2007 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд дундаасаа хоёр 2 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаагүй. Б.Батжаргал нь намайг өөрийн охин Ариунаагийн бөөрний донор болно гэж хэлснээс болоод уурлаж байгаад миний биед халдсан. Намайг урьд өмнө нь Б.Батжаргал нь зодож цохиж байгаагүй. Би Б.Батжаргалд зодуулсан талаараа өөрийн охин Б.Ариунаад хэлсэн өөр хүнд хэлээгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/,
Гэрч Б.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд Дархан сум 3 дугаар баг, Булгийн 1-16 тоот гэрээсээ гарч яваад Нэгдсэн эмнэлэг орж бөөрний диализын аппаратад орчхоод 2023 оны 08 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчимд гэртээ ирэхэд манай ээж Баасансүрэн нь байшингийн баруун талын орон дээр “ёо ёо” гээд хэвтэж байхаар нь би гайхаад юу болсон талаар асуухад манай хойд аав болох Батжаргал нь намайг эмнэлэг рүү явсан хойгуур гэрт орж ирээд “чи өөрийн охин Ариунаагийн бөөрний донор чинь болохыг чинь харна” гэж хэлээд нуруу хэсэг рүү 2-3 өшиглөсөн гэж хэлсэн юм. Тухайн үед ээж Баасансүрэнгийн нуруу хэсэг нь маш хөндүүртэй өвдөөд байсан болохоор нь ээж бид хоёр хамт Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг орж өвчин намдаах тариа хийлгэсэн юм... Уг асуудал болохоос өмнө манай ээж Баасансүрэн нь миний бөөрний донор болно гээд шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээгээр хоёр бөөр нь эрүүл гарч ирсэн байсан. Тэгтэл Батжаргалд зодуулсны улмаас зүүн талын бөөр нь цус хуралттай болж хагалгаанд ороод миний донор болох боломжгүй болсон. ... Б.Батжаргал нь манай ээж Б.Баасансүрэнтэй 2007 оноос хойш хамт амьдрах болсон бөгөөд дундаасаа хоёр хүүхэдтэй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1088 дугаартай: “... Б.Баасансүрэнгийн биед зүүн бөөр орчмын цусан хураа бүхий гэмтэл, цусан хураа авах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх зүүн бөөрний өөхөн эслэг дэх цусан хураа гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27/,
Шинжээч эмч Г.Ганпүрэвийн: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Улсын Нэгдүгээр төв эмнэлэг дотрын тасгийн цөмийн онош зүйн тасгийн дүгнэлтэд 2 бөөр хэлбэр хэмжээ байрлал хэвийн перфузи, секреци хэвийн, парехмийн шингээлт бага зэрэг жигд бус баруун бөөр нь ялимгүй АТС тэлэгдэлтэй хоёр бөөр ялгаруулах үйл ажиллагаа хэвийн сааталгүй, шээлтүүр хэвийн, хоёр бөөрний үйл ажиллагаа хэвийн сааталгүй гэсэн байна. Мөн хохирогч Б.Баасансүрэн нь бөөрний донор болохын тул өгсөн шинжилгээний хариуг харахад Б.Баасүрэнгийн хоёр бөөр нь эрүүл байсан байна. ...Амьдралын буруу хэвшил болон архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед хохирогч Б.Баасансүрэнгийн зүүн бөөр нь гэмтэх боломжгүй бөгөөд мохоо хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас гэмтэх боломжтой” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,
Хохирогч Б.Баасансүрэнгийн 2022 оноос хойш амбулаториор авсан тусламж, үйлчилгээ, лабораторийн шинжилгээ болон Урологи-Андрологийн төвд хэвтэн эмчлүүлсэн 21043 дугаартай өвчний түүх /хавтаст хэргийн 72-114/,
Хохирогч Б.Баасансүрэнгийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны 09 дүгээр сарын 20, 26 өдрүүдэд дотрын эмчид үзүүлсэн, 2023 оны 10 дугаар сарын 23-ний өдрөөс 2023 оны 11 сарын 23 өдрийг хүртэл боолтын тусламж үйлчилгээг авсан талаарх өвчний түүх болон баримтууд /хавтаст хэргийн 120-129/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.
Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хэвлийн хөндийн эрхтний битүү гэмтэл, уг гэмтлийн улмаас нэг бөөрийг авах мэс заслын дараах байдал нь амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна.
Шүүгдэгч Б.Батжаргал хохирогчийг зодохоос өмнө хохирогчийн зүүн бөөр хэвийн ажиллагаатай, охиныхоо бөөрний донор болох боломжтой байсан болох нь гэрч Б.Ариунаагийн: “...2023 оны 08 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчимд гэртээ ирэхэд манай ээж Баасансүрэн нь байшингийн баруун талын орон дээр “ёо ёо” гээд хэвтэж байхаар нь би гайхаад юу болсон талаар асуухад манай хойд аав болох Батжаргал нь намайг эмнэлэг рүү явсан хойгуур гэрт орж ирээд “чи өөрийн охин Ариунаагийн бөөрний донор чинь болохыг чинь харна” гэж хэлээд нуруу хэсэг рүү 2-3 өшиглөсөн гэж хэлсэн. Тухайн үед ээж Баасансүрэнгийн нуруу хэсэг нь маш хөндүүртэй өвдөөд байсан болохоор нь ээж бид хоёр хамт Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг орж өвчин намдаах тариа хийлгэсэн. ...Уг асуудал болохоос өмнө манай ээж Баасансүрэн нь миний бөөрний донор болно гээд шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээгээр хоёр бөөр нь эрүүл гарч ирсэн байсан” гэх мэдүүлэг, шинжээч эмч Г.Ганпүрэвийн: “...хохирогч Б.Баасансүрэн нь бөөрний донор болохын тул өгсөн шинжилгээний хариуг харахад Б.Баасүрэнгийн хоёр бөөр нь эрүүл байсан байна” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн бөөр орчмын цусан хураа бүхий гэмтэл, уг гэмтлээс үүдэлтэйгээр зүүн бөөрийг авсан хор уршиг болон шүүгдэгч Б.Батжаргал нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б.Баасансүрэнгийн зүүн бөөр хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөсөн үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч нь гэр бүлийн баталгаагүй боловч 2007 оноос хойш хамтран амьдарч буй эхнэрээ ямар нэгэн шалтгаангүйгээр, согтуугаар зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан ба прокуророос Б.Батжаргалыг 10.1 дүгээр зүйлийн 2.8 дах хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Батжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж; хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Б.Батжаргалыг гэм буруутай гэж дүгнэсэн ба шүүгдэгч түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.Баасансүрэн ”... зүүн бөөрөө авхуулсан. Энэ байдлаас болж охин бид хоёр хохирч байна” гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 127/23 дугаартай: “... Батжаргал нь сэтгэцийн Архины шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгтэй байна... сэтгэцийн Архины шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгтэй боловч өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж өөрийн эрх ашгаа хамгаалах чадвартай... сэтгэцийн Архины шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгтэй боловч түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй... эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна” гэх магадалгаа /хавтаст хэргийн 32/-гаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Батжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Батжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн эрүүл мэндэд учирсантай холбоотой материаллаг хохирлыг төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй, урьд удаа дараа ял шийтгүүлж байсан боловч засарч хүмүүжээгүй, дүгнэлт хийгээгүй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Батжаргалын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 40 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын 40 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Базаргүрийн Батжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж; хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Батжаргалд 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батжаргалын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ныг өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 40 хоногийг хорих ялын 40 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Батжаргалд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Баасансүрэн нь эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ШҮҮГЧ Н.ИДЭР
ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ