Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/14

 

 

 

 

 

                                         2024/ШЦТ/14

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б       

Шүүгдэгч: Ц.Г   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цын Гд холбогдох эрүүгийн 2412000000005 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Платиналанд ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн .......... оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар, 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б овогт Цын Г/РД:АО.........../  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ц.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 22 цаг 20 минутын орчим Архангай аймгийн .......... байрлах Хаан банкны АТМ-ээс Ц.Нын эзэмшлийн 5149121634 дугаартай Хаан банкны картийг ашиглаж 4,540,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 22 цаг 20 минутын орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг 10 давхар орон сууцны 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-ээс Ц.Нын эзэмшлийн 5149121634 дугаартай Хаан банкны картийг ашиглаж 4,540,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Нын“...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байтал манай саахалт айлын хүмүүс болох Д.С, Рэгзэдмаа нар ирээд аймгийн төвөөс хүүхэд аваад ирье гэж надаас гуйсан, тухайн үед би урьд өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Цэнхэр сумаас танил хүн болох Улаан банди гэж дууддаг машин бариад аймаг яваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид нар аймгийн төв рүү 14 цагийн үед орж ирээд хүүхдийг нь аваад бид нар 17 цагийн үед буцаж Цэнхэр суманд очоод Улаан банди гэх залуу Цэнхэр суманд бууж үлдээд, бид нар цааш харьсан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр миний карт байхгүй байхаар нь банкинд хандтал 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 10 цаг 20 минутад миний данснаас 4,500,000 төгрөгөөр 1 удаа, 40,000 төгрөгөөр 1 удаа зарлагын гүйлгээ гарсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/, гэрч Д.Сын”...Тухайн өдөр би өөрийн эхнэр Рэгзэдмаа болон Ц.Нын хамтаар Архангай аймаг руу өөрийн бага насны хүүхдийг авах зорилгоор явсан боловч бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Ц.Гаар автомашин жолоодуулж явсан. Тухайн үед мөнгө зээлэх талаар яриа өгүүлэл огт гараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 69-70 дугаар тал/, яллагдагч Ц.Гын”... Миний үйлдэл тохирч байна. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/

* Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/,

*2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5135/715 дугаартай Хаан банкны албан бичиг/хх-ийн 11 дүгээр тал/,

*2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 14 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Гын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Ц.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

Иймд шүүгдэгч Ц.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Над 4.540.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх 4.540.000 төгрөгийг шүүгдэгч буцаан өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Ц.Г  нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч Ц.Г нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.Гд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг  ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди-г хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Прокурор шүүгдэгч Ц.Гтай оногдуулах ял, албадлагын арга хэмжээг тохиролцохдоо Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авахаар тохиролцсон нь ойлгомжгүй байгаа боловч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгчийн эрх зүйлийн байдлыг дээрдүүлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч Ц.Гд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР