| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0019/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/15 |
| Огноо | 2024-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/15
2024/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А
Шүүгдэгч: Н.Сэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Нгийн Сэд холбогдох эрүүгийн 2412000000001 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Архангай аймгийн ......... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн, нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн, нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, М овогт Нгийн Сэ/РД:АО............../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Сэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Ч нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Сэ нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Чтай зүй бус харьцаж улмаар зэвсгийн чанартай эд зүйл болох хутгаар зүүн гар хэсэгт хутгалж, түүний биед зүүн гарын эрхий хуруунд зүсэгдсэн шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Чын“...Би 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн төв явах гээд гэрээсээ эхнэр Г.Гтэй хамт гараад явж байхад гудамжинд Н.Сэ нь машиныхаа хажууд дуудаад намайг даллаад байхаар нь би машин нь саатсан, эвдэрсэн юм байх гэж бодоод машин дээр нь очсон чинь согтуу байсан бөгөөд шууд л чи яасан том болчихсон юм, танай хүрэн гүү тарган байна шүү махалчихна шүү гээд хэл ам хийгээд байсан. Тэгэхээр нь би чамтай хэрүүл маргаан хийж байх зав алга гэж хэлээд явах гэсэн чинь С тонгойх шиг болоод нэг гартаа 2 хутга бариад машины багана дээр гараараа тулсан байсан шууд хутгалсан миний гараас цус гараад байсан. Н.Сэ нь миний гар руу нэг удаа шар эрээн иштэй хутгаар нэг удаа хутгалсан харин би Сг зодож цохиогүй. Манай эхнэрийг миний харснаар үснээс нь татаж буулгаад хүзүү рүү нь 2-3 удаа цохиж харагдсан манай эхнэрийг буцаад машиндаа суух үед араас нь нуруу хэсэгт нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр тал/, гэрч Г.Гийн ”...С нь хуруугаараа чичээд манай нөхөртэй юм яриад байсан би машин дотроо хараад сууж байсан чинь Сгийн машинаас хутга унаад С тонгойгоод авчихсан. Манай нөхөр рүү хуруугаараа чичээд юм яриад байхаар нь би машинаас буугаад яваад очсон чинь С манай нөхөрт хандаж танай адуу малаар чинь тоглоно танай зээрд хүрэн гүү чинь тарган байна гээд байсан. Харин манай нөхөр гараа чимхээд зогсож байсан газар цасан дээр цус болсон байхаар нь Сд хандан чи яаж байгаа юм зүгээр явж байгаа хүнийг дуудаж хутгалаад би чамайг цагдаад өгнө гэж хэлсэн чинь хэл амаар доромжлоод байсан. Би машиндаа суусан чинь миний үснээс үсдэж, машинаас татаж унагаад, миний нуруу хэсэг 3-4 удаа гараараа цохисон, миний өмсөж явсан куртикний хоолойгоор боосон тэгсэн нэг эгч ирээд цагдаа дуудсан, цагдаа ирнэ гэсэн чинь С нь машинаа асаагаад явсан. Манай нөхрийг С хутгалсан угаасаа өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/, гэрч Д.Уийн”...Г.Г над руу утсаар залгаад уйлаад байхаар нь би яасан юм бэ юу болсон юм гэж асуухад хүнд зодуулаад гэж уйлсан хэнд хаана гэж асуусан чинь гудамжинд Сд зодуулсан гээд байсан. Ч байхгүй юм уу гэж асуусан чинь Ч гараа дарсан байна цасан дээр цус байна Чг хутгалсан байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/, гэрч П.М”...С гэдэг зүс таних залуу нэг хүүхний үснээс нь дарсан байж байхаар нь юу болоод байгаа юм боль гэж С гэж залууд хандан хэлсэн. Үснээсээ даруулсан байсан хүүхэн наадах чинь манай нөхрийг хутгалчихлаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Н.Сийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 417 дугаартай:
“...Г.Чын биед эрхий хуруунд зүсэгдсэн шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрхий хурууны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Баруун гуяны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 30-31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Сэ нь хохирогч Г.Чын зүүн гар хэсэгт хутгалж, түүний биед зүүн гарын эрхий хуруунд зүсэгдсэн шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулахдаа өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Сийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Сэ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Н.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Н.Сэ нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Н.Сэ нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.Сэ нь энэ төрлийн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүхээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн торгох ял нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Нгийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сийг 550/таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000/таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Н.Сэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Сэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР