Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2021/00013

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2021/00013

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймаг, Манхан сум, Тахилт багт оршин суух, ******* овогт *******гийн ******* /ПЖ66122917/-гийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 153/2020/00962/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 1966 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1984 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд Тахилт бригадад малчнаар ажилласан. Малчнаар ажиллаж байгаад 1985 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 онд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Нэгдэл тарсанаас хойш 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт малчнаар ажиллаж амьдарч байна.

Мөн би 1990-2000 оны хооронд Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу нөхөн тооцуулалтад хамрагдсан.

Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.1.3-д 1991-1994 оны онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан бол хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт-оор малчнаар ажиллаж байсан гэдэг нь тогтоогдохоор байна.

Гэтэл Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн 1991-1994 оны хоорондох малын А данс нь архивт байхгүй, шатсан учраас шүүхээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох шаардлагатай боллоо.

Намайг 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгож, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.*******г Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, мөн Д.*******г Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд ямаачин, малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1663 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадын 1985-1989 оны 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 15-16 дугаар тал/

2.Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 82 дугаар албан бичиг /хх-ийн 5 дугаар тал/

3. Д.*******гийн №1608000358 дугаартай Баталгаажилтиын хуудас-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6 дугаар тал/

4.Гэрч Ж.Гантөмөрийн .....Д.******* нь Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар анги төгсөөд мал дээр гарсан. Ингээд 3 жилийн цэргийн алба хаасан. Би Д.*******тэй нэг багийн хүмүүс боловч он сарыг нь санй санахгүй байна. Д.******* нь 1985 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажилласан. Ингээд нэгдэл тарж Баягалант амьдрал ХК болоход мөн л малчнаар ажиллаж байсан бөгөөд 1994, 1995 он хүртэл малчнаар ажилласан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/

5.Гэрч Т.Төмөрөөгийн ....******* нь *******гийн ганц залуу юм. Доороо 3, 4 дүүтэй. Д.******* нь илгээлтээр гарч Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад малчин болсон. Д.******* нь 1985-1988 оны хооронд цэргийн алба хааж, 1988 оноос хойш 1990 онд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл тарах хүртэл нэгдлийн мал малласан. Д.******* нь ерөөсөө малаас салаагүй, одоо бас мал маллаж амьдарч байгаа. Д.******* нь Баягалант амьдрал ХК-нд ажилаагүй, нэгдэл тарснаас хойш хувиараа мал маллаж байгаа юм..... гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43 дугаар тал/

6. 1992 онд багийн хурлын үеэр авахуулсан гэх гэрэл зураг, 1990 онд Тэмээний баяраар авахуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 49 дүгээр тал/

7.Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/12 дугаар албан бичиг /хх-ийн 50 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадын 1984 оны 70 дугаар дансны хуулбарт нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, мөн энэ хэсэгт холбогдох өөр бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч нь дээрх хугацаанд малчнаар ажиллаагүй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* /ПЖ66122917/-г Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ******* овогт *******гийн ******* /ПЖ66122917/-г Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд ямаачин, малчнаар ажиллаж байсан болох үйл явдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ