Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 45

 

                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

 

                                                       

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Дүүрэнбилэг

                                Хохирогч Б.Алтанхуяг  

                                Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000070 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1963 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, ам бүл ганцаараа Дорноговь аймаг Сайншанд сум 6 дугаар баг Шинэзууны гудамж 1 дүгээр 80 айл 1-1 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, Жээж овогт Гунгаажавын Сүнжидмаа /РД: ЕЮ63031704/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч Г.Сүнжидмаа нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед тус Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Буянт шанд худалдааны төвийн автомашины зогсоолоос Samsung J-7 маркийн гар утсыг олж аваад завшсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Сүнжидмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр ажил хөөцөлдөөд явж байгаад машинд суух гэж байтал шороонд хавтас харагдсан аваад харахад хар өнгийн гар утас байсан. Тэгээд гэртээ очоод тавьчихаад эргээд явсан тэр хооронд залгасан, үгүйг нь мэдээгүй. 7-8 хоногийн дараа л утсыг гаргаж ирсэн. Би тэр утсыг 1 сар хэрэглэсэн гэв.

 

Хохирогч Б.Алтанхуяг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 12 сарын 12-ны өдөр 13 цагийн үед Буянт шандын гадаа эхнэртэй явж байгаад утсаа хаясан. 4 зам дээр явж байгаад утсаа хаяснаа мэдсэн. Буцаж очоод тэрүүгээр байсан хүмүүсээс асуугаад олдохгүй, утас руугаа залгахад авахгүй байсан болохоор нь цагдаа дээр очиж уулзахад камер шалгахгүй өөрсдөө очоод уулз гэж хэлсэн. Гэтэл камерын бичлэгт довжооноос өөр хэсэг бичигдэхгүй гэсэн. Би уг гар утсаа шинэхэн авсан байсан болохоор серийн дугаар, номерыг нь цагдаад бүртгүүлсэн. Одоо утсаа авсан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч Г.Сүнжидмаагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын дундуур л байх Буянт шанд худалдааны төвийн автомашины зогсоол дээрээс хар өнгийн хавтастай 2 сим карт уншдаг Жи-7 маркийн гар утас олсон юм. Тэр утсыг гэртээ аваачаад тавьсан ... Утсанд ямар нэгэн код түгжээ байгаагүй би утсанд байсан 2 сим картыг нь авч хаясан, утсан дээр байсан зурагнуудыг нь устгачихсан ... 2016.12.19-ний өдрөөс 2017.02.19-ний өдөр хүртэл барьж ашиглаж байсан гэсэн мэдүүлэг /хх 16, 19/,

 

Хохирогч Б.Алтанхуягийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ... Буянт шанд худалдааны төв рүү орж худалдан авалт хийчихээд гараад машиндаа муухдаа автомашины зогсоол дээр нь өөрийн барьж байсан 2 сим карт уншдаг шаргал өнгийн Samsung galaxy J-7 маркийн гар утсаа гээсэн байсан. ... би утсаа гээсэн даруйдаа 20-30 удаа залгасан боловч дуудаад байсан хэрнээ авахгүй байсан тэгж байгаад 30 минутын дараа миний утсыг шууд унтраасан. ... Сайншанд сумын Мобиком салбараас 530000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан ... би өөрийн гээсэн утсаа хүлээж авсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 7/,

 

Ашид билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /хх 9/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Г.Сүнжидмаа нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед тус Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Буянт шанд худалдааны төвийн автомашины зогсоолоос 450000 төгрөгийн үнэ бүхий Samsung J-7 маркийн гар утсыг олж аваад завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Г.Сүнжидмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: …  шороонд хавтас харагдсан аваад харахад хар өнгийн гар утас байсан. ... Би тэр утсыг 1 сар хэрэглэсэн гэв, хохирогч Б.Алтанхуяг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: … 2016 оны 12 сарын 12-ны өдөр 13 цагийн үед Буянт шандын гадаа эхнэртэй явж байгаад утсаа хаясан. ... Би уг гар утсаа шинэхэн авсан байсан болохоор серийн дугаар, номерыг нь цагдаад бүртгүүлсэн. Одоо утсаа авсан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв, шүүгдэгч Г.Сүнжидмаагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Жи-7 маркийн гар утас олсон юм. ... Утсанд ямар нэгэн код түгжээ байгаагүй би утсанд байсан 2 сим картыг нь авч хаясан, утсан дээр байсан зурагнуудыг нь устгачихсан ... 2016.12.19-ний өдрөөс 2017.02.19-ний өдөр хүртэл барьж ашиглаж байсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Алтанхуягийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... 2 сим карт уншдаг шаргал өнгийн Samsung galaxy J-7 маркийн гар утсаа гээсэн байсан. ... би утсаа гээсэн даруйдаа 20-30 удаа залгасан боловч дуудаад байсан хэрнээ авахгүй байсан ... би өөрийн гээсэн утсаа хүлээж авсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...  гэсэн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Сүнжидмааг гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Алтанхуягийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ‎бид хоорондоо эвлэрсэн гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүнжидмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Жээж овогт Гунгаажавын Сүнжидмааг гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүнжидмааг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Шүүгдэгч Г.Сүнжидмаа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  

          ДАРГАЛАГЧ                                      Х.ГАНБОЛД