| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 159/2026/0022/З |
| Дугаар | 221/МА2026/0725 |
| Огноо | 2026-10-21 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2026/0725
“”“СЕЭ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э;
Нэхэмжлэгч: “СЕЭ” ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: “МЦ” ХХК;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Э,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Б,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 159/2026/0022/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “СЕЭ” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/339, 01/340 дугаар актуудыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, 260,880,932 төгрөгийн олох ёстой ашиг гаргуулах”-аар маргажээ.
2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1, 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасныг тус тус баримтлан СЕЭ ХХК-аас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/339, 01/340 дугаар актуудыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, 260,880,932 төгрөгийн олох ёстой ашиг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах гомдолдоо:
3.1. Давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэл: Тендерт оролцогчдын эрх зүйн байдал болон шүүх хуралдааны явцад гаргасан гуравдагч этгээдийн үндэслэлгүй тайлбарыг шүүх зөвтгөсөн тухайд:
СЭАОТСЗДТГ/202601010ХХ дугаартай “Р тосгонд 1.4 км авто зам тавих” сонгон шалгаруулалтад нийт 5 компани оролцсон байдаг. Уг 5 компанийн 3 нь техникийн болон баримт бичгийн бүрдүүлэх шаардлага хангаагүй (тоног төхөөрөмж болон баримт бичгийн иж бүрдэл дутуу) байсан тул тэд хуулийн дагуу гомдол гаргах субьектив эрхгүйгээ ухамсарлан гомдол гаргаагүй.
Гэтэл шүүх хуралдааны мэтгэлцээний явцад гуравдагч этгээд “МЦ” ХХК-ийн зүгээс:
“Бусад компаниуд гомдол гаргаагүй байхад яагаад танай “СЕЭ” ХХК заавал шалгарах ёстой гэж гомдол гаргаж байгаа юм. Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлээр манай компанийг 100 хувийн саналаар шалгаруулсан нь тодорхой харагддаг” гэх агуулгаар мэтгэлцэж, анхан шатны шүүх уг тайлбарыг даган “бусад оролцогч маргаагүй, Үнэлгээний хороо 100%-ийн үнэлгээ өгсөн” гэх байдлаар хууль бус шийдвэрийг зөвтгөсөн нь хууль зүйн дараах ноцтой алдаанд хүрсэн байна:
Бие даасан субьектив эрхийн зарчим зөрчигдсөн тухайд:
Бусад оролцогч компаниуд гомдол гаргаагүй явдал нь хамгийн бага үнийн санал ирүүлсэн (949,000,000 төгрөг), тендерийн баримт бичгийн болон техникийн иж бүрэн бүрдлийг хангасан нэхэмжлэгч “СЕЭ” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хязгаарлах, эсхүл нэхэмжлэл гаргах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар бие даан гомдол гаргах бүрэн эрхтэй.
100 хувийн үнэлгээний дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй:
Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдэд авто зам барих үндсэн тоног төхөөрөмж болох асфальт дэвсэгч, асфальтын индүү байхгүй байсан ба тэд уг асуудлыг араас нь “өөрчлөлт хийж шийдвэрлэж өгнө үү” гэх албан тоотоор Үнэлгээний хороонд хандан засуулахыг оролдсон үйл баримт хэрэгт тогтоогдсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар үндсэн техник хэрэгсэлгүй, саналаа араас нь нөхөж засуулах гэсэн тендерээс шууд татгалзах ёстой байтал Үнэлгээний хороо “100 хувь” гэж үнэлснийг шүүх шүүмжлэлгүйгээр даган дүгнэсэн нь хууль бус юм. Түүнээс гадна Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтыг үнэлэхдээ Сангийн сайдын 2023 оны А/255-р тушаалаар батлагдсан журмын дагуу үнэлэх ёстой байтал зөвхөн үнэлгээний хорооны хурлын шийдвэр гэгчээр хийсвэрээр шийдвэр гаргаж хууль журмыг дагаж мөрдөөгүй нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагч болон гуравдагчийн тайлбар үндэслэлээр бүрэн нотлогдсон юм.
Засаг даргын хуулиар хүлээсэн хяналтын үүргийг хэрэгжүүлээгүйг шүүх “журам хүчгүйддэг” мэтээр буруу тайлбарлаж зөвтгөсөн тухайд:
Шүүх хуралдаанд хариуцагч болон гуравдагч этгээдээс “Үнэлгээний хороо нэгэнт шийдвэрээ гаргаж 100% шалгаруулсан тул Засаг дарга Үнэлгээний хорооны үнэлгээнд хөндлөнгөөс оролцохгүйгээр зөвлөмжийг баталгаажуулсан нь зөв, нэгэнт ажлыг хийж дуусгасан” гэж тайлбарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь заалтыг үүргээ биелүүлээгүйг хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн маргалдагч талуудын тайлбараар нотлогдож байхад анхан шатны шүүх хууль зүйн хувьд баталгаажуулсан дүгнэлт хийсэн.
Шүүх хуралдааны явцад шүүгчийн зүгээс баримталсан агуулга болон хууль хэрэглээ нь хууль тогтоомжийн зарчмыг алдагдуулж байна:
3.2. Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т захиалагч буюу Засаг дарга нь “Үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” үүргийг хуульчлан хүлээсэн. Засаг дарга нь Үнэлгээний хорооны гаргасан ноцтой зөрчилтэй, шаардлага хангаагүй тендерийг “100%” гэж дүгнэсэн хууль бус зөвлөмжийг шүүмжлэлгүй баталгаажуулах тэмдэг төдий субъект биш бөгөөд хяналтын үүргээ биелүүлээгүй нь өөрөө хууль бус захиргааны акт (01/339, 01/340) гарах үндэслэл болсон.
Хуулийн үйлчлэлийг хүчгүйдүүлсэн дүгнэлтийн алдаа: Худалдан авах ажиллагааны журам болон хуулийн заалтууд нь захиргааны байгууллагын дур зорго, Үнэлгээний хорооны хууль бус дүгнэлтийн өмнө “хүчгүйдэх” ёсгүй. Анхан шатны шүүх хуульд заасан Засаг даргын хяналт тавих императив үүргийг “хөндлөнгөөс оролцохгүй байх” гэх ойлголтоор орлуулан тайлбарлаж, хууль ёсны зарчмыг алдагдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчимд үл нийцнэ.
3.3. Захиргааны хууль бус актын улмаас учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тухайд: Засаг дарга хуулиар хүлээсэн хяналтын үүргээ хэрэгжүүлээгүй, Үнэлгээний хорооны шаардлага хангаагүй компанид өгсөн дүгнэлтийг баталгаажуулан хууль бус акт гаргасны улмаас хамгийн сайн санал (техникийн иж бүрэн бүрдэлтэй, хамгийн бага үнийн саналтай) ирүүлсэн нэхэмжлэгч “СЕЭ” ХХК-ийн гэрээ байгуулан ажиллах эрх хууль бусаар зөрчигдсөн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар захиргааны байгууллагын хууль бус актын улмаас учирсан хохирлыг арилгах ёстой. Нэхэмжлэгчээс тус төслийг хэрэгжүүлснээр олох байсан цэвэр ашиг болох 260,880,932 төгрөгийн бодит тооцооллыг хэрэгт авагдсан баримтаар нотолсон тул уг хохирлыг хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй.
Энэхүү хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээд “МЦ” ХХК нь техникийн шаардлага хангаагүй байсан, түүнийгээ араас нь засуулахаар албан тоот бичиж ирүүлсэн, Засаг дарга хуулиар хүлээсэн хяналтын үүргээ биелүүлээгүй үйл баримтууд нэгэнт тогтоогдсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд бүрэн тул Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгүйгээр эцэслэн шийдвэрлэх боломжтой.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 159/ШШ2026/0025 дугаар шийдвэрийг хүчингүй болгох;
2. Нэхэмжлэгч “СЕЭ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,
3. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/339, 01/340 дугаар шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоож,
4. Учирсан хохирол болох 260,880,932 (хоёр зуун жаран сая найман зуун наян мянга есөн зуун гучин хоёр) төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
-“МЦ” ХХК 976,667,188 төгрөг,
-“Бутит зам” ХХК 974,502,111 төгрөг,
-“Даш зам” ХХК 970,458,644 төгрөг,
-“СЕЭ” ХХК 949,000,000 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлж, Р тосгоны үнэлгээний хороо тендерт оролцогчдын материалыг хянан үзэж, хэлэлцээд “МЦ” ХХК-ийг “хамгийн сайн тендер” гэж үзэн шалгаруулахаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэсэн, мөн хуулийн 11.4-т “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурьдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичиг заана., 11.4.1-т харьцуулах үнэ”, 11.5.1-т “бараа хүргэх, ажил, үйлчилгээ дуусгах хугацаа” гэсэн, Сангийн сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын Ес. “Ажил гүйцэтгэх тендерт давуу эрх олгох, Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ Давуу эрх тооцуулахад шаардлагатай мэдээлэл, баримт бичиг”, 30.1-д “Дотоодын давуу эрхийн зөрүүг оролцогчийн ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын дагуу тооцно” гэж заасантай нийцсэн байна.
4. Тодруулбал “МЦ” ХХК нь нэхэмжлэгч “СЕЭ” ХХК-иас 27,667,188 төгрөгөөр илүү 976,667,188 төгрөгийн тендерийн үнэ санал гаргасан байх боловч ажлыг гүйцэтгэх хугацаа богино, орон нутгаас ажиллах хүч авч ажиллуулах зэрэг нь тендерт оролцсон бусад компаниудаас ялгарах давуу тал болсон байх бөгөөд тус компанийн тендерийг Р тосгоны Үнэлгээний хорооны хуралдаанаас “хамгийн сайн тендер” гэж үзэж шалгаруулсан байна.
5. Иймээс Р тосгоны Үнэлгээний хорооны шийдвэрүүдийг үндэслэн хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/339 тоот албан бичгээр “СЕЭ” ХХК-ийг шалгараагүй тухай, харин 01/340 тоот албан бичгээр “МЦ” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгарсан, гэрээ байгуулахыг тус тус мэдэгдсэн нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан “Тендер үнэлэх” харилцааг зохицуулсан 27 дугаар зүйл, Захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх харилцааг зохицуулсан 28 дугаар зүйлийг зөрчсөн болон нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерт оролцож шударгаар өрсөлдөх эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
6. Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-д “Оролцогчид тавих санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын шаардлага, Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл; /“шаардана”/ Авто замын засвар үйлчилгээ хийхэд шаардагдах машин механизмууд, техник хэрэгсэл стандартын дагуу бүрэн байх”, ТШЗ-ийн 19. “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт” гэж тус тус заасны дагуу “МЦ” ХХК-ийн үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэлд экскаватор, автогрейдер, далангийн индүү, хос булт индүү, өөрөө буулгагч /2 ширхэг/, усны машин, миксер, ковш зэрэг 9 машин, механизм санал болгож, үүнийгээ тендерийн баримт бичигтээ нэрлэн зааж, холбогдох тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн тодорхойлолтууд, машин, механизм түрээсээр ажиллуулах гэрээ зэрэг баримтууд хавсаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Техникийн чадавх, туршлагын шаардлага хангасан байна.
7. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс дээрх санал болгосон “МЦ” ХХК-ийн техниктэй холбогдуулан гаргасан “ ...асфальт дэвсэгч болон асфальтын индүүг ирүүлээгүй байх тул захиалагчийн шийдвэрийг хянаж өгөхийг хүссэн “гомдол гаргасныг тендерийн материалыг хянаж үзээд Сангийн яамны “гомдол хянасан тухай” 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №03/5083 дугаартай албан бичгээр “...захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж үзсэн байх бөгөөд “МЦ” ХХК-ийн тендерт санал болгосон үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг “техникийн шаардлага хангаагүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
8. Мөн энэхүү албан бичгээр Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8-д заасны дагуу захиалагч болон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Үнэлгээний хороо байгуулах тухай” 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны тендер шалгаруулалтай холбоотой үйл ажиллагаа, тэдгээрийн шийдвэрүүд хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлээд “...үндэслэлтэй” гэсэн хариу өгсөн байхад нэхэмжлэгчийн “...Засаг дарга хуулиар хүлээсэн хяналтын үүргээ биелүүлээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
9. Нэхэмжлэгчийн хохирол шаардах эрхийн эрх зүйн үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.”, гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106 дугаар зүйлийн 106.3.7, 106.6-д захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах шаардлагыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр тусгагджээ.
10. Тухайн тохиолдолд тендерийн харилцаанаас үүссэн маргаанд хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаас хууль бус үйлдэл, шийдвэр гаргасан болох нь тогтоогдоогүй, Засаг даргын шийдвэр, хохиролд шалтгаант холбоо байхгүй, түүний шийдвэрүүд хууль ёсны байх тул нэхэмжлэгч “СЕЭ” ХХК нь хариуцагчаас хохирол шаардах эрхгүй байна.
11. Энэ талаар анхан шатны шүүхийн “...сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/339, 01/340 дугаар актуудыг хууль бус гэж үзээгүй, нэхэмжлэгч тендерт заавал шалгарах байсан нь тогтоогдоогүй тул 260,880,932 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.
12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 159/ШШ2026/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА