| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00440/и |
| Дугаар | 142/шш2020/00475 |
| Огноо | 2020-04-06 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 142/шш2020/00475
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.О-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Л- холбогдох
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, хариуцагч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О миний бие нь 2002 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн хүү болох П-г төрүүлсэн. Тухайн үедээ хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх боломжгүй байсан учраас өөрийн ээж болох Д.Л-д үрчлүүлсэн болно. Одоо миний бие тогтсон амьдралтай болж өөрийн хүү П-г буцааж авах хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Л нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний охин Г.О нь хүүхэд төрүүлээд өсгөх чадваргүй байсан тул би өөрийн нэр дээр өдий хүртэл өсгөж хүмүүжүүлсэн. Миний бие одоо хүнд өвчтэй болсон тул хүүгээ ээжид нь өгөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Д.Л-д холбогдуулж 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүү Д.П-г үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Г.Онь 2002 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Пүрэвдагвыг 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн ээж Д.Л үрчлүүлсэн болох нь талуудын тайлбар, 22 дугаартай үрчилсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж заасан тул хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар түүний асран хүмүүжүүлэх эрхийг төрүүлсэн эхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Л.П-г Д.Л-д 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар Л.П-г Д.Л-д 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ