| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/24 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/24
2024/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Г.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Гийн От холбогдох эрүүгийн 2312000000257 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн .......... гэх газар оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Гийн О/РД:АИ.........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн ....... иргэн Бы гэрт хохирогч Э.Сийн эд зүйл худалдан авахуулах зорилгоор өгсөн ХААН банкны картыг буцааж өгөлгүйгээр 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөгийг авч завшин, хохирогч Э.Ст 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2312000000257 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Э.Сийн өгсөн:
“...Миний бие Архангай аймгийн Хангай суманд гэр бүлийн хамтаар мал маллан амьдардаг. 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би Тариат суманд байдаг хамаатан Р гэх хүнтэй золголт хийхээр Архангай аймгийн Тариат суманд байдаг өөрийн хамаатан Б гэх айлд ирж хоносон. Тэднийд Б.Б ганцаараа байсан ба бид 2 тэр орой ганц нэг шил юм задалж уусан бөгөөд архиа ууж дуусчихаад бид 2 нэлээн согтоод шууд унтаад өгсөн. Маргааш өглөө нь миний өмсөж явсан цамцны халаасанд байсан миний эзэмшлийн Хаан банкны 5145046115 дугаарын дансны виза карт байсан байсан бөгөөд би карт хаана байгаа талаар Б.Бгаас асуухад “би аваагүй мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би картаа олохгүй байж байгаад Хангай сум руугаа буцсан. Сумандаа очоод гэртээ харьж нэлээн хэд хонож байгаад сумын төв орж картаа хаалгах гээд Хаан банкан дээр очтол бүртгэлтэй дугаараас хаалгачих гэж хэлсэн. Бүртгэлтэй дугаарынхаа симийг нь хаячихсан байсан ба симээ сэргээлгэх гэтэл манай суманд сэргээдэг газар байхгүй болохоор мал идээгээ харж байсаар байгаад нэг мэдсэн чинь 08 дугаар сарын 20-д хүрчихсэн байсан. Тэгээд 09 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед миний данснаас 500.000 төгрөгөөр 2 удаагийн үйлдлээр 1.000.000 төгрөг гараад явчихсан тэгээд би цагдаад хандсан. 1.074.000 төгрөг байсан. Одоо 74.000 төгрөг байна лээ. Миний дансыг хэн нэгэн ашигладаггүй. Манай эхнэр бид 2 мэднэ. 07 дугаар сарын 25-ны өдөр гэрт нь хоносон Б.Б гэх хүн мэдэж магадгүй бид 2 өмнө цуг дэлгүүр орж юм авч байхад би кодоо худалдагчид хэлж байхад сонсоод мэдсэн байж магадгүй. Намайг картаа хаях үед Тариат сумын төв дээр таарч мэнд мэдэлцсэн. Би эхнэрийн хамт Хангай сумын Хаан банкан дээр очтол теллер хүүхэн эндээс хааж болдоггүй юм бүртгэлтэй дугаараасаа хаалга гэхээр нь бүртгэлтэй дугаарынхаа симийг хаячихсан байсан тэгээд чадаагүй. Би Бд л хэлсэн байх өөр хүнд хэлээгүй. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6 дугаар тал/
*Гэрч Б.Бгийн өгсөн:
“...2023 оны 07 дугаар сард /яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ наадмын үеэр над дээр ирж уулзаж манайд нэг хоносон. Бид хоёр манай гэрт хамт архи уугаад маргааш өглөө нь Сэндээ Хангай сум руугаа буцсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/,
*Гэрч Д.Тын өгсөн:
“...Би Хаан банкинд 5145067861 дугаарын данс эзэмшдэг. Виза карт байгаа манай хүүхэд Г.О байнга ашигладаг хамгийн сүүлд надаас 7 сард авсан. Миний карт байнга Г.От байдаг би хөдөө байдаг болохоороо картаа бараг ашигладаггүй. Манайх нутгийн нэг айлд 08 сард нэг адуу 1.000.000 төгрөгөөр зарсан бөгөөд тэр мөнгө 09 сард орж ирэх ёстой байсан ба одоог хүртэл орж ирээгүй байгаа тухайн үед би Г.От тэр мөнгө орж ирвэл хэрэгтэй үедээ хэрэглэж байгаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/
*Яллагдагч Г.Оын өгсөн:
“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөр байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр тал/
*Архангай аймаг дахь ХААН банкны салбарын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 5135/505 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар иргэн Э.Сийн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны гүйлгээний хуулга/хх-ийн 8-10 дугаар тал/,
*Архангай аймаг дахь ХААН банкны салбарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5135/511 дугаартай албан бичиг түүний хавсралтаар 349 дугаартай автомат тооцооны машины 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн камерын бичлэг, мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 27-31 дүгээр тал/,
*Архангай аймаг дахь ХААН банкны салбарын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5135/559 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар иргэн Д.Тын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга /хх-ийн 39-42 дугаар тал/,
*2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, ХААН банкны 5145046115 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Сидины бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15, 27-30 дугаар тал/,
*Иргэн Д.Тын ХААН банкны дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл/хх-ийн 43-44 дүгээр тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 74 дүгээр тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.О нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын төвд иргэн Бы гэрт хохирогч Э.Сийн согтууруулах ундааны зүйл худалдан авахуулах зорилгоор итгэмжлэн өгсөн ХААН банкны картыг буцааж өгөлгүйгээр 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөгийг авч завшин, хохирогч Э.Ст 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.О үйлдсэн болох нь хохирогч Э.Сийн”...2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би Тариат суманд байдаг хамаатан Р гэх хүнтэй золголт хийхээр Архангай аймгийн Тариат суманд байдаг өөрийн хамаатан Б гэх айлд ирж хоносон. Тэднийд Б.Б ганцаараа байсан ба бид 2 тэр орой ганц нэг шил юм задалж уусан бөгөөд архиа ууж дуусчихаад бид 2 нэлээн согтоод шууд унтаад өгсөн. Маргааш өглөө нь миний өмсөж явсан цамцны халаасанд байсан миний эзэмшлийн Хаан банкны 5145046115 дугаарын дансны виза карт байсан байсан бөгөөд би карт хаана байгаа талаар Б.Бгаас асуухад “би аваагүй мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би картаа олохгүй байж байгаад Хангай сум руугаа буцсан. Сумандаа очоод гэртээ харьж нэлээн хэд хонож байгаад сумын төв орж картаа хаалгах гээд Хаан банкан дээр очтол бүртгэлтэй дугаараас хаалгачих гэж хэлсэн. Бүртгэлтэй дугаарынхаа симийг нь хаячихсан байсан ба симээ сэргээлгэх гэтэл манай суманд сэргээдэг газар байхгүй болохоор мал идээгээ харж байсаар байгаад нэг мэдсэн чинь 08 дугаар сарын 20-д хүрчихсэн байсан. Тэгээд 09 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед миний данснаас 500.000 төгрөгөөр 2 удаагийн үйлдлээр 1.000.000 төгрөг гараад явчихсан тэгээд би цагдаад хандсан. 1.074.000 төгрөг байсан. Одоо 74.000 төгрөг байна лээ. Миний дансыг хэн нэгэн ашигладаггүй. Манай эхнэр бид 2 мэднэ. 07 дугаар сарын 25-ны өдөр гэрт нь хоносон Б.Б гэх хүн мэдэж магадгүй бид 2 өмнө цуг дэлгүүр орж юм авч байхад би кодоо худалдагчид хэлж байхад сонсоод мэдсэн байж магадгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн”...2023 оны 07 дугаар сард /яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ наадмын үеэр над дээр ирж уулзаж манайд нэг хоносон. Бид хоёр манай гэрт хамт архи уугаад маргааш өглөө нь Сэндээ Хангай сум руугаа буцсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Оын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Оын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ст 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, банкны дансны хуулга, хохирогчийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирол болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар хохирогч мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Оаас дээрх хохирлыг гаргуулан хохирогч Э.Ст олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.О нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж Эрүүгийн хуульд заасан, шүүхээс шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Оын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 11/арван нэг/ хоногийг нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Гийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 11/арван нэг/ хоногийг нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагаар тооцож/300-88=212/ нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.
5. Шүүгдэгч Г.От хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оаас 1.000.000/нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн ............ газар оршин суух хаягтай Б овогт Э....ын С/РД:АЙ......./-т олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР