Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/25

 

 

 

 

 

                                         2024/ШЦТ/25  

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.А  

Шүүгдэгч: О.А  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Оийн Аид холбогдох эрүүгийн 2412000730338 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, туслах сувилагч мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл 5, нөхөр, ээж, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн .......тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Г овогт Оийн А/РД:АЕ.........../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг .... тоотод иргэн Н.М нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.А нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг Сансар ....... тоотод согтуурсан үедээ хохирогч Н.Мтай хэрүүл маргаан хийж хөлөөрөө баруун нүд орчимд өшиглөж, улмаар биед нь баруун нүдний битүү гэмтэл, тархмал цус хуралт, торлог, судаслаг бүрхэвчийн ховхрол, баруун нүдний бүрэн хараагүйдэл гэмтэл бүхий, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Мын“...2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өлзийт суманд сар шинийн үндэсний бөхийн барилдаан болж сумын алдарт уяач гэх мэт шагнал гардуулах ёслол болоод би архи уугаад үндэсний бөх үзэх санаатай Б гэх залуугийнд орсон. Гэнэт О.А хөлөөрөө миний нүд рүү өшиглөсөн. Миний баруун нүд юм харахгүй, хорсоод маш их өвдөж байсан. Миний баруун нүднээс цус гараад байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас ямар шалтгааны улмаас маргалдсанаа мэдэхгүй байна. Би хохирлоо бүрэн барагдуулаад авчихсан одоо надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 50-51, 246 дугаар тал/, гэрч П.Эийн ”...Шгийн гэрт О, Н.М, манай эхнэр О.А, бид дөрөв л байсан. Би Н.Мтай айл руу явна гээд тэгсэн чинь эхнэр зөвшөөрөхгүй байсан. Би нэг мэдсэн өглөө болчихсон П.Өийн гэрт сэрсэн. Би юу болсон талаар өөрийн охин Огаас асуухад өчигдөр Ш ахынд та хэд сууж байгаад ээж О.А, Н.М ахын нүд рүү өшиглөөд тэгээд ээж, Н.О, Хишигдэлгэр нар хот руу Н.М ахыг эмнэлэгт үзүүлэх гээд авч явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 10-11 дүгээр тал/, гэрч П.Өийн”...Манайд сууж байгаад Н.М, П.Э нар Ж гэх залуугийнд очно гэж яриад гэрээс гараад явсан. Тэр хоёр гэрээс гараад хажууд айл Д.Оын гэрт орчихсон. 10 орчим минутын дараа О.А, Д.Оын гэрт яваад орсон. 20-30 минутын дараа П.О манай гэрт сандарсан байдалтай орж ирээд О.А, Н.М ахын нүд рүү хөлөөрөө өшиглөчихлөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 19-20 дугаар тал/, гэрч Н.Оын”...Намайг унтаж байх үед манай найз дуудаад би найзтайгаа уулзаж байх үед гар утас дуугарч миний төрсөн дүү О залгаад О.А, Н.М ах хоёр маргалдаад, О.А Н.М  ахын нүд рүү цохичихлоо та хүрээд ир гэж хэлсэн. Намайг Д.Оын гэрт орох үед Н.М орны урд суучихсан, нүднээс цус бүхий улаан шингэн зүйл гоожиж байсан. Н.М надад хандаж ах нь сохорчхож О.А хөлөөрөө өшиглөчихлөө гэж хэлсэн. Харин аав П.Э унтаж байсан. О.А харин сандарсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 27-29 дүгээр тал/, гэрч Н.Тунгалагийн”...Намайг Төв аймгийн Лүн суман дээр явж байх үед гар утас дуугарч Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн эмч залгаж танай ах Н.Мын нүдний алим хагарсан хот явах гэж байна гэж хэлсэн. Би юу болсон талаар асуух үед эмч тодорхой зүйл хэлээгүй юм. Төд удалгүй 88439898 дугаараас О.А залгаж би таны ах болох Н.М ахын нүдийг хөлөөрөө өшиглөж нүдийг нь сохолчихлоо, би одоо хот руу Н.М ахыг аваад явах гэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 30-31 дүгээр тал, гэрч Д.Оын”...О.А гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манайд ороод ирсэн би цай хийж өгөөд гэрээ цэвэрлэж байх үед тэд нар хоорондоо маргалдаад О.А, Н.М ах руу ууж байсан цайгаа цацчихсан. Н.М, П.Э хоёр нэг айлд очно. Харин Алтансүх тэр хоёрыг явуулахгүй гэх шалтгаанаар маргалдаж байсан. 5-10 минут орчмын дараа Н.М ах ёо ёо нүд нүд гээд дуу алдсан. Би юу болсон бэ гээд Н.М ах дээр очоод нүдийг нь харах үед нүднээс нь цагаан усархаг шингэн урсаж, нүд нь нүд шиг биш хар хүүхэн хараа байхгүй, цав цагаан байсан. О.А нь сандарсан байдалтай, хүний нүд сохолчихлоо одоо яана аа гээд байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 36-37 дугаар тал/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч О.Аийн мэдүүлэг, хохирогчийн биед хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 419 дугаартай: “...Н.Мын биед баруун нүдний битүү гэмтэл, тархмал цус хуралт, торлог, судаслаг бүрхэвчийн ховхрол, баруун нүдний бүрэн хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 65% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 189-192 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч О.А нь хохирогч Н.Мын биед баруун нүдний битүү гэмтэл, тархмал цус хуралт, торлог, судаслаг бүрхэвчийн ховхрол, баруун нүдний бүрэн хараагүйдэл гэмтэл бүхий хүнд хохирол учруулахдаа өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Аийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ илэрхийлсэн байх бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

Иймд шүүгдэгч О.Аийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. Хохирогчийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбогдуулан цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв. Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мягмарсүрэнг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.181.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч О.А нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.             

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.  Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

                                                                                                                                                                                    

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн торгох ял нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Оийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийг 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь шүүхээс оногдуулсан 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.Аоос 1.181.000/нэг сая нэг зуун наян нэгэн мянга/ төгрөг гаргуулан иргэний  нэхэмжлэгч Ч.М.н/Архангай ......... хэлтэст/-д олгосугай. 

 

6. Шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР