Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2020/00638

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.З нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Б холбогдох

700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Зшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ашүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие О.Бийн хүсэлтээр 700 000 төгрөгийг 1 сарын хугацаагаар зээлдүүлэхээр болсон. Ингээд О.Бийн Хаан банкны данс руу шилжүүлчих гэж гар утсаараа захидал илгээсний дагуу 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 650 000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 60 000 төгрөгийг О.Бийн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоо хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд хариуцагчаас 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Знэхэмжлэлтэй, О.Б надад холбогдох 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Надаас 700 000 төгрөгийг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Х.Зулбаатартай 2019 оны 06 дугаар сарын эхээр танилцсан бөгөөд анх танилцахад зан байдал нь гайгүй залуу байсан. Сүүлдээ зан авир нь өөрчлөгдөж ширүүн догшин зан авиртай болж, маш хурдан уурлаж надад хэд хэдэн удаа гар хүрсэн болно. Намайг зодоод гар хөл минь хөх няц болчихдог хувцас хунарыг минь ураад хаячихдаг байсан. Би сүүлдээ Х.Зулбаатараас маш их айдаг болсон. Сүүлд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр миний зүүн гарыг хутгаар зүссэн. Одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа болно. Манай гэр бүлийг 2019 оны 11 дүгээр сараас эхлэн байнгын дарамтлаастай. Ээж рүү минь утасдаж сүрдүүлдэг болсон. Учир нь намайг Х.Зулбаатараас салмаар байна, би гэртээ харьлаа гэхээр миний хаа байгаа газраас цагаан машинтайгаа ирж аваад гэртээ цоочилжихдог. Би өөрөөс нь саллаа гэхээр намайг дарамталж, айлгаж сүрдүүлдэг болсон. Танилцсанаасаа хойш 8 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сум руу ажил хийнэ гээд хамт явсан. Нэхэмжлээд байгаа 700 000 төгрөг миний дансанд ороогүй. Харин өөртөө зарцуул гэж надад 08 дугаар сарын 24-ний өдөр 650 000 төгрөг дансанд хийсэн нь үнэн. Тэр мөнгөөр би өөртөө хувцас, хунар, будаг шунх авсан. Гэвч сарын дараа энэ мөнгөөр авсан бүх юмыг /гутал, гинж, хувцас, утас, цаг гэх мэт/ өөрийн биеэр ирж авч явсан. Гэхдээ аваад явсан юмаа буцааж нэхээд байгааг ойлгохгүй байна. Өөрийн биеэр ирж бүх юмаа авч тооцоо дуусгахыг харсан гэрчлэх хүн байгаа. Өмнөх долоо хоногт болсон Эрүүгийн шүүх хурал дээр энэ мөнгөө нэхэмжлэхгүй гэж байсан. Иймд Х.Знэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Знь хариуцагч О.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

            Нэхэмжлэгч Х.Знь хариуцагч О.Бт 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 650 000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2 удаагийн шилжүүлгээр 60 000 /50 000+10 000/ төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн байх бөгөөд нийт 710 000 төгрөгийг дансаар хүлээн авсан болохоо хариуцагч О.Б хүлээн зөвшөөрч байна.

            Мөнгө шилжүүлсэн хийгээд хүлээн авсан талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч Х.Знь 700 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж, хариуцагч О.Б нь өөртөө зарцуул гэж өгсний дагуу хувцас хунар, эд зүйлс авсан боловч Х.Збүгдийг нь авсан гэж тайлбарлаж байна.

            Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6.-д үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болохоор хуульчилсан байна.

            Нэхэмжлэгч Х.Знь хариуцагч О.Бт 710 000 төгрөг шилжүүлэхдээ түүний гар утсаар илгээсэн захидалын дагуу зээлдүүлэхээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага болсон үндэслэлээ нотолж чадаагүй, хариуцагч О.Б 710 000 төгрөгийг хэрэглээндээ зарцуул гэж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч үгүйсгэж байгаа тайлбараа холбогдох нотлох баримтаар нотолж чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа зохигчид өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байх бөгөөд энэ үүргээ талууд биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, мөн хуулийн 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.Знь хариуцагч О.Бт 710 000 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдож байх бөгөөд талуудын хооронд тэжээн тэтгэх үүрэг үүсээгүй, ийнхүү мөнгө шилжүүлсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчаас 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 21 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч О.Бээс 700 000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.З-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Бээс 21 350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Х.З-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ