Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/43

 

 

 

 

 

                                   2024/ШЦТ/43   

 

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгч: С.Э, Э.Э  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Сын Э, А овогт Эгийн Э нарт холбогдох эрүүгийн 2312000000336 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ..... газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Сын Э/РД:А........./

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А овогт Эгийн Э/РД:АМ........./

 

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э, Э.Э нар нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман багийн ........ тоотод маргалдан харилцан зодоон хийж бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                *Эрүүгийн 2312000000336 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч С.Эын өгсөн:

“...Миний бие Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багт мал маллан амьдардаг юм. Манай нөхрийг Баасанхүүгийн Б гэдэг бөгөөд Тариат сумын засаг даргаар 3 дахь жилдээ ажиллаж байгаа. Б.Б сумын төв дээр би хөдөө ганцаараа тус тусдаа амьдардаг бөгөөд манай нөхөр над дээр хаяа нэг ирж очдог бид дундаасаа 4 хүүхэдтэй, том хүүхэд маань Улаанбаатар хотод ажилладаг 25 настай эрэгтэй, 2 дахь хүүхэд маань Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг 23 настай эрэгтэй, бага 2 хүүхэд аав дээрээ сумын төв дээр сургуульд явдаг. Манай нөхөр 2021 оноос нэг эмэгтэйтэй чат, мессеж бичээд байх шиг байсан бөгөөд би тэр талаар асуухаар манай нөхөр тийм асуудал байхгүй гэдэг. Би харьцаад байдаг дугаар руу нь залгасан чинь нэг эмэгтэй хүн “би танай нөхрийг танихгүй чи дугаар андуурсан байна” гэж хэлдэг байсан. Хөдөө гэртээ ирж очих үед нь би нөхрийнхөө утсыг нууцаар үзэхэд нөгөө эмэгтэйтэйгээ аймагт буудалд уулзаж учирдаг байсан. Нөгөө эмэгтэйдээ хотод байр түрээсэлж өгөөд өөрөө ажлаар хот руу ирж очихдоо уулздаг байсан юм шиг байсан. Манай бага охин сумын төв дээр аавтайгаа хамт байдаг учир сумын төвийн гэрт нялх хүүхэдтэй нэг эгч сүүлийн үед ирж очоод байгаа талаар гэж надад хэлдэг байсан. Тэгээд би өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай нөхрийн харьцаад байгаа эмэгтэйг сумын төвийн гэр болох Суман багийн Байшин хорооллын задгай тоотод ирчихлээ гэж манай охин надад хэлэхээр нь би хөдөө гэрээсээ гарч 17 цагийн үед сумын төвийн гэртээ ирсэн. Гэрт ортол нялх хүүхэдтэй 30 гаруй насны эмэгтэй манай гэрт сууж байсан. Би тэр эмэгтэйд хандан чи манай гэрт юу хийж яваа юм гэж асуухад “би танайд биш Б.Бийнд байна чи салаад 3 жил болсон гэсэн биз дээ” гэж хэлсэн. Би Б.Бээс салаагүй гэдгээ чамд өмнө жил хэлсэн биз дээ гэсэн чинь Б.Б чамаас салаад 3 жил болж байгаа гэсэн бид 2-ын дундаас хүүхэд гарсан би ах Б.Б эхнэрээсээ салсан гэж манай ах дүү нартай танилцсан гэж хэлэхээр нь миний уур хүрч нөгөө эмэгтэйг алгадаад авсан. Тэгээд нөгөө эмэгтэй босоод ирэхээр нь би үснээс нь зулгааж буйдан руу түлхээд унагачихсан. Бид 2 нэлээд удаан ноцолдож тэр эмэгтэй миний дээл хувцсыг урж, би түүний нүүрийг маажсан. Би түүнд хандан “чи ч эмэгтэй хүн би ч эмэгтэй хүн хоёулаа ярилцъя” гэж хэлсэн чинь чамтай ярилцаад байх юм байхгүй хэлэх үгээ Б.Бдээ хэл гэж хэлсэн. Би 2 хүүхдийнхээ хувцсыг өмсүүлээд авч явах гэсэн чинь нөгөө эмэгтэй Б.Бтэй хоёулаа нүүрэлдье чи салаагүй л юм бол сууж бай гэхээр нь бид 2 Б.Бийг 1 цаг гаруй хүлээж суутал Б.Б ирээгүй. Би тэр эмэгтэйд хандаж “би энд байгаа юм чинь наад Б.Б чинь ирэхгүй ээ” гэж хэлсэн. Тэгтэл чи яг эхнэр нь мөн юм уу? Б.Б ирэхгүй юм чинь чи яв гэхээр нь би яахаараа гэр орноосоо хөөгдөх ёстой юм чи яв гэтэл би хүүхдийг нь гаргачихсан эмэгтэй хүн юу гэж явдаг юм гэсэн. Чи залуу эмэгтэй хүн байж айл гэр үймүүлж ингэж явж болж байгаа юм уу гэж хэлсэн. Би 2 дахь хүүхэд Б.Д руу видео чатаар залгаж аав чинь ингэж амьдарч байна гээд нөгөө эмэгтэйг харуултал миний өөдөөс хайч барин дайрч унагаад зүүн мөр рүү хайчаараа хатгаж миний утсыг цохиж газар унагаан булааж авахаар нь би хайч барьсан гарыг нь барьж байгаад буйдан дээр дарж унагаад өөрийнхөө утсыг эргүүлж аваад охин рүүгээ утсаа шидсэн. Тэр үед хүүтэй ярьж байсан яриа тасраагүй байсан ба хүүхэд тэр чимээ шуугианыг сонсоод цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд би буйдан дээр нөгөө эмэгтэйг дарж байтал миний үснээс зулгааж байсан гараа тавихаар нь дээрээс нь босож бид 2 салсан. Би гал тогооны өрөө рүү ороод хөргөгч онгойлготол төрсөн өдрийн бялуу, зэрэг зүйлс бэлдчихсэн байхаар нь би уг эд зүйлсийг хөргөгчөөс гаргаад цацаад шидчихсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй ирээд чи энэнээс өөр юу чаддаг юм гэж хэлээд над дээр хүрээд ирсэн тэгэхээр нь би нүүр рүү нь алгадаад авсан чинь хайчтай гараараа далайсан бөгөөд би үснээс нь зулгааж байгаад тонгойлгоод дартал хайчтай гараараа ноцолдож байгаад миний зүүн өвдөгний хажуу тал руу хайчаараа хатгачихсан. Миний гараас болон хөлөөс цус урсаж байсан бөгөөд би тэр эмэгтэйд хандаж намайг чи хайчаараа хатгачихлаа ш дээ гэж хэлтэл больё эгч ээ намайг тавьчих гэхээр нь би тавилгүйгээр түүнийг чирээд гэрээс гаргаад үүдний довжоо руу түлхээд хаячихсан чинь эргэж босож ирээд алнаа чамайг гээд хайчаа бариад ахиад дайраад хүүхдүүд орилолдоод миний хүүхдүүд хүн дуудаарай гээд би хажуу айлын үүд хүртэл зугтсан. Миний араас хөөгөөд гүйцээгүй бөгөөд гэрийнхээ хаалгыг хаахдаа “би чамайг хэзээ нэгэн цагт ална аа” гэж хэлээд хаалгаа хаасан. Тэгэхээр нь миний уур хүрч эргэж очоод цонх руу тоосго шидээд хагалчхаад яваад өгсөн. Эн Э гэдэг өмнө аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилладаг байсан гэсэн. Миний зүүн мөр хөхрөлттэй, зүүн хөлийн шилбэ рүү хайч орсон шархтай байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Үснээс нь зулгааж нүүрийг нь маажсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/

 

*Хохирогч Э.Эийн өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Б нь намайг гэртээ урьж дуудсан бөгөөд би аймгийн төвөөс Тариат суманд очсон. Маргааш өглөө нь Б.Б нь багийн хуралтай гээд яваад өгсөн би нялх хүүхэдтэйгээ мөн Б.Бийн 2 хүүхэдтэй гэрт нь үлдсэн. Үдээс хойш 16 цагийн орчимд Б.Бийн гэрт нэг эмэгтэй ороод ирсэн тэр эмэгтэй орж ирээд миний үснээс зулгааж миний нүүрийг самардаж маажин над руу дайраад эхэлсэн. Тэгээд би та болиоч тавиач гэж хэлсэн чинь нэг жаахан охин ээжээ та болиоч дээ гэж хэлсний дараа хэсэг хугацааны дараа уг эмэгтэй миний зургийг дарж бичлэг хийгээд байх шиг байхаар нь та боль гэж хэлсэн чинь чамаар заалгахгүй шүү гэж хэлээд миний нүүрийг урж, үснээс зулгааж намайг буйдан дээр дарж хэвтээд миний амьсгаа боогдоод байхаар нь би хажууд байсан гарт баригдсан зүйлээрээ өөрийгөө хамгаалж хатгасан. Би түүнийг өөрөөсөө холдуулж чадахгүй хүчрэхгүй байсан учраас гарт байсан зүйлээрээ хөл рүү нь хатгасан ч гэсэн намайг тавихгүй байсан ба миний үснээс зулгаан нөгөө өрөө рүү оруулан дээрээс гишгэж дэвслээд байсан бөгөөд үснээс зулгаатай чигээрээ чирч үүдээр гарган өндөр довжоон дээрээс унагаж зугтаад яваад өгсөн. Миний бие гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 дугаар тал/

 

*Гэрч Б.Бийн өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн өдөр байсан ба би сумын төвөөс дээш Тэрх багийн иргэдийн хуралд оролцчихоод 18 цагийн орчимд сумын төв орж ирээд байж байсан. Сумын цагдаа Шатар над руу залгаж “та гэртээ хүрээд ирээч” танайд нэг асуудал болоод байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаар орж цүнхээ тавьчхаад гэртээ иртэл хөргөгчид байсан эд зүйл газраар шалаар нэг тарчихсан цонх хагарсан байдалтай гэр орон эмх замбараагүй байсан. Тэгээд зодоон хийсэн 2 хүний нэг нь байхгүй хөдөө рүүгээ буцчихсан нөгөө хүн нь байсан. Өөрийн эхнэр Б.Эаас сүүлийн 3 жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа ер нь их хөндий таарамж муутай байгаа. Би анх 2021 оны 10 сарын үеэр Э.Этэй танилцаж байсан. Тухайн үед манай суманд нийгмийн даатгалын хэлтсээс 1 өдрийн сургалт өдөрлөг болсон бөгөөд тэр үед танилцаж байсан ба тэрнээс хойш хоорондоо дотно харилцах болсон. 2023 оны 06 сард Э.Э бид хоёр хүүхэдтэй болсон. Би байхгүй байж таараад Э.Э, С.Э хоёр хоорондоо тийм асуудал болсон байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-30 дугаар тал/

 

*Яллагдагч С.Эын өгсөн:

“...Миний үйлдэл тохирч байна, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 74-75 дугаар тал/

 

*Яллагдагч Э.Эийн өгсөн:

“...Миний үйлдэл тохирч байна, гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг/хх-ийн 83-84  дүгээр тал/   

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны  өдрийн 418 дугаартай“...Э.Эийн биед дух, баруун доод зовхи, хоёр хацар, баруун сарвуунд зулгаралт, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой хуучин гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний  өдрийн 390 дугаартай“...С.Эын биед зүүн шилбэ, зүүн сарвуунд шарх, зүүн бугалга, шилбэ, зүүн сарвууны цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүүн шилбэ, зүүн сарвууны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүснэ. Зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91, 92 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Байшин хорооллын 214 тоотод иргэн С.Э, Э.Э нар нь хувийн  таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодоон хийж харилцан бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Э, Э.Э нар нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман багийн ....... тоотод хоорондоо маргалдан харилцан зодоон хийж шүүгдэгч С.Э нь хохирогч Э.Эийн биед дух, баруун доод зовхи, хоёр хацар, баруун сарвуунд зулгаралт, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Э нь хохирогч С.Эын биед зүүн шилбэ, зүүн сарвуунд шарх, зүүн бугалга, шилбэ, зүүн сарвууны цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.Эын”...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай нөхрийн харьцаад байгаа эмэгтэйг сумын төвийн гэр болох Суман багийн Байшин хорооллын задгай тоотод ирчихлээ гэж манай охин надад хэлэхээр нь би хөдөө гэрээсээ гарч 17 цагийн үед сумын төвийн гэртээ ирсэн. Гэрт ортол нялх хүүхэдтэй 30 гаруй насны эмэгтэй манай гэрт сууж байсан. Би тэр эмэгтэйд хандан чи манай гэрт юу хийж яваа юм гэж асуухад “би танайд биш Б.Бийнд байна чи салаад 3 жил болсон гэсэн биз дээ” гэж хэлсэн. Би Б.Бээс салаагүй гэдгээ чамд өмнө жил хэлсэн биз дээ гэсэн чинь Б.Б чамаас салаад 3 жил болж байгаа гэсэн бид 2-ын дундаас хүүхэд гарсан би ах Б.Б эхнэрээсээ салсан гэж манай ах дүү нартай танилцсан гэж хэлэхээр нь миний уур хүрч нөгөө эмэгтэйг алгадаад авсан. Тэгээд нөгөө эмэгтэй босоод ирэхээр нь би үснээс нь зулгааж буйдан руу түлхээд унагачихсан. Бид 2 нэлээд удаан ноцолдож тэр эмэгтэй миний дээл хувцсыг урж, би түүний нүүрийг маажсан. Би түүнд хандан “чи ч эмэгтэй хүн би ч эмэгтэй хүн хоёулаа ярилцъя” гэж хэлсэн чинь чамтай ярилцаад байх юм байхгүй хэлэх үгээ Б.Бдээ хэл гэж хэлсэн. Би 2 хүүхдийнхээ хувцсыг өмсүүлээд авч явах гэсэн чинь нөгөө эмэгтэй Б.Бтэй хоёулаа нүүрэлдье чи салаагүй л юм бол сууж бай гэхээр нь бид 2 Б.Бийг 1 цаг гаруй хүлээж суутал Б.Б ирээгүй. Би тэр эмэгтэйд хандаж “би энд байгаа юм чинь наад Б.Б чинь ирэхгүй ээ” гэж хэлсэн. Тэгтэл чи яг эхнэр нь мөн юм уу? Б.Б ирэхгүй юм чинь чи яв гэхээр нь би яахаараа гэр орноосоо хөөгдөх ёстой юм чи яв гэтэл би хүүхдийг нь гаргачихсан эмэгтэй хүн юу гэж явдаг юм гэсэн. Чи залуу эмэгтэй хүн байж айл гэр үймүүлж ингэж явж болж байгаа юм уу гэж хэлсэн. Би 2 дахь хүүхэд Б.Д руу видео чатаар залгаж аав чинь ингэж амьдарч байна гээд нөгөө эмэгтэйг харуултал миний өөдөөс хайч барин дайрч унагаад зүүн мөр рүү хайчаараа хатгаж миний утсыг цохиж газар унагаан булааж авахаар нь би хайч барьсан гарыг нь барьж байгаад буйдан дээр дарж унагаад өөрийнхөө утсыг эргүүлж аваад охин рүүгээ утсаа шидсэн. Тэр үед хүүтэй ярьж байсан яриа тасраагүй байсан ба хүүхэд тэр чимээ шуугианыг сонсоод цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Эийн”...Үдээс хойш 16 цагийн орчимд Б.Бийн гэрт нэг эмэгтэй ороод ирсэн тэр эмэгтэй орж ирээд миний үснээс зулгааж миний нүүрийг самардаж маажин над руу дайраад эхэлсэн. Тэгээд би та болиоч тавиач гэж хэлсэн чинь нэг жаахан охин ээжээ та болиоч дээ гэж хэлсний дараа хэсэг хугацааны дараа уг эмэгтэй миний зургийг дарж бичлэг хийгээд байх шиг байхаар нь та боль гэж хэлсэн чинь чамаар заалгахгүй шүү гэж хэлээд миний нүүрийг урж, үснээс зулгааж намайг буйдан дээр дарж хэвтээд миний амьсгаа боогдоод байхаар нь би хажууд байсан гарт баригдсан зүйлээрээ өөрийгөө хамгаалж хатгасан. Би түүнийг өөрөөсөө холдуулж чадахгүй хүчрэхгүй байсан учраас гарт байсан зүйлээрээ хөл рүү нь хатгасан ч гэсэн намайг тавихгүй байсан ба миний үснээс зулгаан нөгөө өрөө рүү оруулан дээрээс гишгэж дэвслээд байсан бөгөөд үснээс зулгаатай чигээрээ чирч үүдээр гарган өндөр довжоон дээрээс унагаж зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...Сумын цагдаа Шатар над руу залгаж “та гэртээ хүрээд ирээч” танайд нэг асуудал болоод байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаар орж цүнхээ тавьчхаад гэртээ иртэл хөргөгчид байсан эд зүйл газраар шалаар нэг тарчихсан цонх хагарсан байдалтай гэр орон эмх замбараагүй байсан. Тэгээд зодоон хийсэн 2 хүний нэг нь байхгүй хөдөө рүүгээ буцчихсан нөгөө хүн нь байсан. 2023 оны 06 сард Э.Э бид хоёр хүүхэдтэй болсон. Би байхгүй байж таараад Э.Э, С.Э хоёр хоорондоо тийм асуудал болсон байна лээ...” гэх мэдүүлэг, яллагдагч С.Э, Э.Э нарын мэдүүлэг, хохирогч нарын биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны  өдрийн 418 дугаартай, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний  өдрийн 390 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч харилцан зодоон хийж шүүгдэгч С.Э нь хохирогч Э.Эийн биед дух, баруун доод зовхи, хоёр хацар, баруун сарвуунд зулгаралт, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, шүүгдэгч Э.Э нь хохирогч С.Эын биед зүүн шилбэ, зүүн сарвуунд шарх, зүүн бугалга, шилбэ, зүүн сарвууны цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн маргаагүй, харилцан хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болно.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Эын хохирогч Э.Эийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, мөн шүүгдэгч Э.Эийн хохирогч С.Эыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч С.Э, Э.Э нарыг харилцан зодоон хийж тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч нар нь хохирол төлбөрийн талаар баримт ирүүлээгүй бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

 

            Шүүгдэгч С.Э, Э.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан, шүүгдэгч С.Э, Э.Э нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.Э, Э.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Сын Э, А овогт Эгийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Эыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Э нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, Э.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Шүүгдэгч С.Э, Э.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Э, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР