Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2021/00017

 

 

 

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2021/00017

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, Ховд аймгийн Мянгад сумын 5 дугаар баг, .. хаягт оршин суух *******гийн *******ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мянгад сумын Соёлын ******* *******н *******д холбогдох, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгогдох ажлаас халагдсаны тэтгэмж 1,222,393 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунжаргал, хариуцагчийн төлөөлөгч Ж.*******, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Мянгад сумын хүн эмнэлэгт үйлчлэгч, асрагчаар тасралтгүй 27 жил ажилласан. 2007 оноос Мянгад сумын Соёлын төвд номын санчаар ажиллах хугацаандаа мэргэжлээ дээшлүүлэн суралцаж мэргэжлийн ном зүйч болсон. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Мянгад сумын Соёлын ******* ******* Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-д заасан үндэслэлээр намайг номын санчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрээ 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр надад гардуулан өгсөн боловч ажлаас халагдсаны тэтгэмжийг одоо болтол олгохгүй байгаа асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 дахь заалтыг үндэслэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасан тэтгэмжийг заавал олгох ёстой. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын соёлын төвийн захирал Ж.******* миний бие нь төсвийн менежерийн хувьд Монгол улсын Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль.Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн ажиллаж байна. Нэхэмжлэгч Д.Аптэнцэцэг нь Соёлын төвийн номын санчаар 56 нас хүртэл ажиллаж байгаад 36 сарын тэтгэмжээ авах, өндөр насны тэтгэвэрт гарах ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний үндсэн дээр 2020 оны 05 дугаар сарын 01 -ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө төрийн үйлчилгээний албан хаагчид байгууллагын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг учир Хөдөлмөрийн хуулийн заалтуудыг давхар оруулж өгсөн. Соёлын төвийн ажилчид бид төрийн үйлчилгээний албан хаагчид хамрагддаг, урьд нь 36 сарын тэтгэмжид хамрагддаггүй байсан 2020 оноос эхлэн Төрийн албаны хуулиар 36 сарын тэтгэмжид хамрагдах болсон нь соёлын байгууллага төрийн үйлчилгээний албан хаагчид бидэнд үнэхээр дэмжлэг болсон томоохон шийдвэр юм. Д.*******ийг ажлаас чөлөөлөхдөө ажиллаж байсан хугацааны цалин нэмэгдлүүд, ажилласан хугацааны амралтын мөнгийг бүрэн гүйцэд олгосон ба хуулийн дагуу төрийн албан хаагчийн нэг удаагийн авах тэтгэмжийг Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн 20.989.500 /хорин сая есөн зуун наян есөн мянга таван зуун/ төгрөгийн тэтгэмжийг олгосон. Д.*******ийн тэтгэмжийн 20.989.500 төгрөгийн тэтгэмж нь 2020 оны 3,4 дүгээр сард 2 хуваагдан соёлын төвийн төсвийн дансанд орж ирснээр тэтгэмжийг олгосон. Мөн Д.*******т соёлын төвийн зүгээс 2020 оны төсөвт хуваарилагдсан зардлын 1 удаагийн тэтгэмж урамшуулал олгох 180000 төгрөгийг төсвөөс өөрсдийн ажилчдаас 4 хүнээс 200000 төгрөгийг авч тэтгэвэрт гарахад нь ажилчдын сэтгэлийн хүндэтгэл үзүүлсэн, ажиллаж байх хугацаанд нь энэ хүнийг тэтгэвэрт гарах асуудлыг харгалзан үзэж бүхий л талаар байгууллагын цалин төсөвт өр үүсгэн нэмэгдэл хөлс өгч хангалттай тусалж дэмжсэн. Соёлын төвд өөр олгох төсөв зардал байхгүй болно. Миний бие нь Д.*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Монгол улсын хууль тогтоомжуудыг үндэслэн ажилдаа мөрдлөг болгон ажиллах ёстой гэж бодож байна. Энэхүү нэхэмжлэлийн дагуу төрөөс олгох нэг удаагийн тэтгэмжийг 2 удаа давхцуулан авах боломжгүй бөгөөд ямарч үндэслэлгүй юмаа. Энэхүү хуулийн журмыг Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд заагдсан болно. Эдгээр хууль тогтоомжуудыг нягтлан үзэж энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагчаас ажлаас халагдсаны тэтгэмж 1.222.393 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ховд аймгийн Мянгад сумын Соёлын төвийн захирлын 2020 оны 05 сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 дахь заалтаар ажлаас чөлөөлөгдсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас халагдсаны тэтгэмжийг байгууллагаас буюу Мянгад сумын Соёлын төвөөс авах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж нэхэмжилдэг. Үүнийг хариуцагч эс зөвшөөрч тэтгэвэртээ гарсан төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 60.1-д зааснаар тэтгэмжээ авсан учраас давхардуулан олгох ёсгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Нэхэмжлэгч Д.******* нь 2020 оны 04 сарын 29-ны өдөр Мянгад сумын Соёлын төвийн захиргаа санхүүд хандаж тэтгэвэрт гарах болсон тул ажлаасаа чөлөөлөгдөх болон хуульд зааснаар 36 сарын тэтгэмжээ авах хүсэлтээ илэрхийлж өргөдөл гаргасан байна. / хэргийн материалын 37, 39-р хуудас/

Энэхүү хүсэлтийн дагуу Ховд аймгийн Мянгад сумын Соёлын төвийн захирлын 2020 оны 05 сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай тушаал гарч Д.*******ийг ажлаас нь чөлөөлж, 2020 оны 05 сарын 01-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан 36 сарын цалингийн нэг удаагийн буцалтгүй тусламж, дэмжлэгт 20.989.500 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. / хэргийн материалын 38-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж, мөн хуулийн 42.3-т Төсвийн байгууллагаас энэ хуулийн 42.1-д заасан нэг удаагийн тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан нийтлэг журмыг Засгийн газар батална гэж, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д 60.1.Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч энэхүү Төрийн албаны тухай хуулийн 60.1-д зааснаар буцалтгүй тусламж, тэтгэмжид 20.989.500 төгрөгийг 2020 оны 05 сарын 20-ны өдөр авсан болох нь Тэтгэмж олгох тухай 2020 оны 05 сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай Мянгад сумын Соёлын төвийн захирлын тушаал, 2020 оны 05 сарын 20-ны өдрийн Төлбөрийн хүсэлт зэргээр тогтоогдож байна. / хэргийн материалын 34-36-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 42.3-т Төсвийн байгууллагаас энэ хуулийн 42.1-д заасан нэг удаагийн тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан нийтлэг журмыг Засгийн газар батална гэж, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан харилцааг зохицуулахаар Монгол улсын Засгийн газрын 2019 оны 1 сарын 09-ний өдрийн тогтоол гарсан ба Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн  буцалтгүй тусламж олгох журмыг хавсралтаараа баталсан.

Энэхүү журмын хавсралтын 4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж зохицуулжээ. Үүнээс дүгнэхэд хариуцагч Ховд аймгийн Мянгад сумын Соёлын төв нь өөрөө төсвийн байгууллага, мөн нэхэмжлэгч Д.******* нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан нэг удаагийн тэтгэмж, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан тэтгэмж хоёроос аль илүүг нь сонгох эрх нэхэмжлэгчид байсан ба Д.******* нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан буцалтгүй тусламж, тэтгэмжийг авсан байна. Иймд төсвийн байгууллагын ажилтан нь өндөр насны тэтгэвэр тогтоолгож хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тэтгэмж, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг давхардуулан авах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 33887 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.3, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Д.*******ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Мянгад сумын Соёлын төвд холбогдох Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгогдох ажлаас халагдсаны тэтгэмж 1,222,393 төгрөг гаргуулах тухай шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33887 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ОТГОНЖАРГАЛ