| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0047/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/46 |
| Огноо | 2024-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/46
2024/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгч: Н.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нын Эт холбогдох эрүүгийн 2412000000023 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг тоолж 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 27 хоногийн ялыг эдэлж 11 сар 02 хоногийг үлдэгдэл ялтай, Б овогт Нын Э/РД:АА............./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ... тоотод иргэн Б.Ц нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ..... тоотод байх хохирогч Б.Цийн гэрт түүнтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн толгойн хэсэг рүү сандал шидэж, эрүүл мэндэд нь зүүн зовхи, хацарт цус хуралт, хацар, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Цийн“...Манай гэрт байсан аравчтай түшлэгтэй том сандлыг аваад над руу шидсэн. Тухайн сандлыг дээш өргөх үед сандлын хөлд тааз цоорч гэмтсэн байх гэж бодож байна. Тэрнээс би манай гэрийн эд зүйлийг гэмтээх зорилго байгаагүй байх. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-7 дугаар тал/, хохирогч Э.Цийн гэрчээр өгсөн:”...2023 оны 12 дугаар сарын 21-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ..... тоотод байх байшиндаа нөхөр Л.Мын хамтаар байж байхад 18-19 цагийн үед А.О болон түүний эхнэр Н.Э, 2 хүүхдийнхээ хамт гэрт ирж хэсэг байж байгаад Сэнгүр нэртэй 1 пиво авч ирж уусан. Тухайн пивыг бид 4 хувааж уусан. Дахин 4 том пиво аваад ирсэн. А.О, Н.Э нар нь 2 хүүхдийнхээ хамт хонохоор болсон. Ор засаж өгөөд байж байтал хүүхэд нь “хонохгүй” гээд уйлаад байхаар нь “чацга минь ээ унт, маягтай юм бэ” гэж хэлтэл Н.Э хүүхдээ өмөөрч над руу сандал аваад шидсэн. Тухайн сандал нь миний 2 хацар болон зүүн нүд хэсэг мөн дух хэсэг рүү цохичихсон. Миний толгой эргээд байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/, гэрч Л.Мын”...Гэр бүлийн найзууд. Тухайн орой намайг гэртээ байж байхад А.О эхнэр хүүхдийнхээ хамт 17 цагийн үед шиг санаж байна. Утсаар залгаад “ирээд авчих” гэж ярьсан. Би гэрээс нь очиж авсан. Тэгээд бид нар хуучилж суугаад хоол унд идчихээд, дэлгүүрээс пиво авч уухаар болоод А.О, түүний бид 3 дэлгүүрээс 2.5 литрийн пиво авч ирээд ууцгаасан. А.О эхнэр хүүхдийнхээ хамт манайд хонохоор болсон. Гэтэл А.Оын хүүхэд нь манайд хонохгүй гээд уйлаад байсан. Тэгээд манай эхнэр хүүхдийг нь загнатал Н.Э өөрийнхөө хүүхдийг өмөөрөөд манай эхнэртэй хэрүүл хийгээд намайг сандлаар цохиод гэрийн тааз цөмлөөд хаячихлаа гэсэн. Эхнэрийн зүүн нүд нь хөхрөөд дух, хацар нь хавдчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Сандал том өндөр аравчтай модон сандал байдаг. Түүнийг өргөөд ноцолдох үед тааз цохиж цөмлөсөн юм шиг байна билээ. Машины зүүн хойд талын хаалга хонхойсон байсан. Би түүнийг дотор талаас нь түлхсэн чинь зүгээр болчихсон. Машинд учирсан гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/, гэрч А.Оын”...Тухайн өдөр би Л.Мынд очих гэсэн чинь машин асахгүй байсан. Тэгээд би Л.Мыг ирээд авчих гэж хэлээд бид нар орой 18 цагийн үед байх гэрт нь хоол унд хийж идээд, дэлгүүрээс пиво авч уугаад орой болсон учир Л.Мын гэрт хонохоор болсон. Тэгсэн чинь манай 4 настай хүүхэд унтахгүй гээд уурлаад уйлаад байсан чинь Э.Ц манай хүүхдийг загнаад “яадаг муу дураараа хар чацга вэ” гээд сандал шидсэн. Наана нь унасан. Манай хүүхдийг оноогүй. Тэгэхээр нь сандлыг аваад буцаагаад шидэх гэсэн чинь сандлынх нь хөл байшингийн таазанд хүрээд цоолчихсон. Би сандлыг нь аваад газар хаясан чинь манай эхнэр уурлаад Э.Ц рүү сандал аваад шидсэн. Э.Ц уурлаад босож ирээд хоорондоо ноцолдоод байсан. Би 2 хүүхдээ аваад гэрээс гарсан. Манай эхнэр гарч ирээд машиныг нь өшиглөөд хашаанаас гарч ирсэн. Манай эхнэрийг хэлэх хэлэхгүй үгээр харааж байсан. Тэр үгэнд нь их гомдсон юм шиг байна билээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Н.Эийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай: “...Э.Цийн биед зүүн зовхи, хацарт цус хуралт, хацар, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 34-35 дугаар тал/ нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Э нь хохирогч Э.Цийн зүүн зовхи, хацарт цус хуралт, хацар, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулахдаа өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Эийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Н.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан, шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурор шүүгдэгч Н.Этэй зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах талаар тохиролцсон байх бөгөөд уг ял нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа талаар хэрэгт нотлох баримт авагдсан. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан тул шүүгдэгч Н.Эт энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, оршин сууж байгаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Э.Цэд буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт энэ тогтоолоор оногдуулсан 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай тогтоолоор оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10/арав/ сар 24/хорин дөрөв/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 11/арван нэг/ сар 24/хорин дөрөв/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 11/арван нэг/ сар 24/хорин дөрөв/ хоногийн хугацаанд хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Н.Эт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан сандал 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Э.Цэд буцаан олгосугай.
8. Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР