Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2020/00692

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Б.М

Хариуцагч: Г.Д

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн халамж, тэтгэмжийн мөнгийг өөрт нь зарцуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, хариуцагч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Мнь Г.Дтай 2002 онд танилцан 2006 онд албан ёсоор гэр бүл болж 2006 онд том охин М.Т2015 онд хүү М.Онар төрсөн. Хүү М.Отөрөөд удалгүй ДЦП буюу дөрвөн мөчний саажилттай нь оношлогдож одоог хүртэл байнгын эмчилгээ, асаргаанд ээж, аав дээр маань байдаг. Эхнэр Г.Д нь 2015 оноос эхлэн архины гүн хамааралтай болж хүүхдүүдээ өсгөх, асран хамгаалах чадваргүй болсон. Тэрээр хүүхдүүдээ ад үзэх, зодох, дарамтлах зэргээр хандаж 2019 оны 02 дугаар сараас хаяад явсан билээ. Г.Д нь хүүхдүүдийн хадгаламж болон тэтгэмж, асаргааны мөнгийг авч зөвхөн хувийн хэрэглээндээ зарцуулж ирсэн. Миний бие Б.Мнь өөрийн хоёр хүүхдийг дан ганц өөр дээрээ авч асран хамгаалж, халамжийн болон асаргаа, хүүхдийн мөнгийг өөрт нь зарцуулах хүсэлтэй байна гэсэн шаардлага гаргасан байсан. Одоо бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжинд өгнө үү. Хүүхдийн асаргаа, халамжийн мөнгийг шилжүүлж өгсөн. Бидний хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Г.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Г.Д нь Б.Мтэй 2002 онд танилцан 2006 онд албан ёсоор гэр бүл болж 2006 онд том охин М.Т2015 онд М.Онар төрсөн. Хүү М.О6 сартай дутуу төрсний улмаас ДЦГ буюу 4 мөчний саажилттай одоог хүртэл байнгын эмчилгээ, асаргаанд байдаг. Миний бие Г.Д нь 2015 онд хүү Оджаргалыг төрснөөс хойш хүүхдүүдээ өсгөх, асран хамгаалах, эх нялхас болон Хужирт сувилалд 2019 оныг хүртэл өөрийн биеэр авч явсаар ирсэн. Харин 2019 оны 03 дугаар сараас бид тусдаа амьдрах болсон. Бидний амьдарч байсан  6-2-3 тоот байр нь /2011-2019 оны хооронд/ Б.Мгийн ээж Ц.Эрдэнэчимэгийн нэр дээр байсан. Тухайн үед тэр бидний амьдарч байсан байрыг зараад хүүхдийн эмчилгээ хийлгэхээр гадагшаа явуулна эсвэл өөр байр болгож өгнө гэж хэлээд миний хувцасыг ялгаж уут торонд хийж тавьсан байсан. Иймд би яах аргагүй өөрийн ээж, дүүгийндээ очиж хамт амьдрах болсон юм. Энэ хугацаанд охин, хүү хоёртойгоо утсаар ярих болон хааяа уулзан, зун 2019 оны 06 дугаар сарын 28-аас 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл өөр дээрээ байлгаж хамт байсан. Одоо ч мөн хааяа утсаар ярих болон уулздаг. Миний бие Г.Д нь хүүхдийн тэтгэмж, асаргааны мөнгийг авч зөвхөн хувийн хэрэгцээндээ зарцуулж байгаагүй. Хүү Оджаргалд тухай бүрд нь Меррис памперс, хэрэгцээт зүйлд нь зарцуулж, охин Түвшинжаргалд ч мөн зарцуулж байсан гэдгийг тодруулж хэлмээр байна. Тиймээс миний бие Г.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах зүйл байхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мнь хариуцагч Г.Дад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдийн халамж, тэтгэмжийн мөнгийг өөрт нь зарцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Г.Д нь хүүхдийн асаргаа, халамжийн дэвтрийг шилжүүлэн өгсөн гэрлэлт цуцлуулах болон хүүхдүүдийг эцгийн асрамжинд өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Г.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Зохигчид 2002 онд танилцаж, хамт амьдран 2006 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 496 дугаартай гэрчилгээ авсан, гэрлэгсдийн дундаас охин М.Т2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, хүү М.О2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус тус төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгсдийн  гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар, Согоот багийн Засаг даргын тодорхойлолт, Мэндцэцэн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Гэрлэгчид 2019 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон шүүхээс эвлэрүүлэх 2 сарын хугацаа олгосон боловч гэр бүлийн амьдралд өөрчлөлт гараагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Охин М.Тхүү М.Онарыг эцгийн асрамжинд хойшид байлгах тухай хариуцагчийн зөвшөөрсөн тайлбар, хүүхдэд тавих анхаарал халамж, хүүхдүүдийн бие биедээ ээнэгшин дассан байдал, том охин М.Түвшинжаргалын шүүхэд гаргасан санал зэргийг харгалзан хүүхдүүдийг эцэг Б.Мгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч Б.Мнь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

            Хариуцагч Г.Д нь “хүүхдийн тэтгэмж, асаргааны мөнгийг авч зөвхөн хувийн хэрэгцээндээ зарцуулж байгаагүй. Хүү Оджаргалд тухай бүрд нь Меррис памперс, хэрэгцээт зүйлд нь зарцуулж, охин Түвшинжаргалд ч мөн зарцуулж байсан” гэж хариу тайлбартаа дурдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч халамж, асаргааны эрхийн дэвтрийг шилжүүлэн өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хүүхдийн халамж, тэтгэмжийн мөнгийг өөрт нь зарцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.    

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг төрийн сангийн орологод хэвээр үлдээж, хариуцагч Г.Даас 210 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Боржигон овогт Баярсайханы Мөнхөө /ГО:78050271/, Боржигон овогт Гантөмөрийн Дуламханд /ФБ:83022365/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин М.Т, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү М.Онарыг эцэг Б.Мгийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хүүхдийн халамж болон асаргааны мөнгийг өөрт нь зарцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Д биелүүлсэнийг баталж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгэхгүй болгосугай.

4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч Б.Мхүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.

            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Даас 210 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.АРИУНЦЭЦЭГ