Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/47

 

 

 

 

 

                                         2024/ШЦТ/47  

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.А

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.О       

Өсвөр насны шүүгдэгч: О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Оын Бд холбогдох эрүүгийн 2412000000029 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн .......... газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Оын Б/РД:АЙ........./

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын ......орчимд насанд хүрээгүй хохирогч Б.М нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын ..... насанд хүрээгүй хохирогч Б.Мтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж нүүрэн хэсэгт цохиж, зодон биед нь хоёр нүдний зовхи, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Мы“...Би 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын ..... байдаг гэрээсээ гараад усанд явж байсан чинь О.Б, С.Б нар нь надтай маргалдаад чи нас намбандаа бай гэж хэлээд миний толгой хэсэг рүү О.Б нь толгойгоороо мөргөөд цус гарахаар нь би доошоо толгойгоо тонгойлгосон чинь хөлөөрөө миний нүүр хэсэг рүү өшиглөөд гараараа нүүр хэсэг рүү цохиж авсан. Тэгэхээр нь би цусаа арилгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/, гэрч С.Бгийн”...Би 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн үед найз О.Бгийн хамт Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Тэрх голын хажууд тугалаа туугаад явж байтал манай сумын Б.М нь мотоциклтой ус авах гээд голын хажууд ирж таараад ярилцаад байж байтал Б.М, О.Б нар нь хоорондоо маргалдаад байхаар нь би боль гэж хэлтэл О.Б нь Б.Мыг өөрийн духаар толгой хэсэг рүү нь мөргөөд дээш толгойгоо болгохоор нь баруун хөлөөрөө нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн чинь Б.М нь уурлаад та нарыг үедээ чаддаг байхыг чинь харна аа гэж хэлээд мотоциклоо асаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/, өсвөр насны яллагдагч О.Бн”...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-53 дугаар тал/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 69 дугаартай: “...Б.Мы биед хоёр нүдний зовхи, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 35-36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Өсвөр насны шүүгдэгч О.Б нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Архангай аймгийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч О.Бн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул өсвөр насны шүүгдэгч О.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, өсвөр насны шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцов. Өсвөр насны шүүгдэгч О.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, өсвөр насны шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурортой эрүүгийн хариуцлагын  талаар тохиролцсон, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.  

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь хуульд нийцсэн байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Х овогт Оын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өсвөр насны шүүгдэгч О.Бг  чөлөөлсүгэй. 

 

3. Өсвөр насны шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР