Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/04

 

Д.Д-д холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх  даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

        прокурор С.Сугар

        шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн

        нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.                       

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Д-д холбогдох эрүүгийн 1930002640176 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар баг “Х” гэх газарт оршин суух, хэрэгт холбогдохын өмнө мал маллаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Д /РД:................../.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бх” гэх газар Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн”, мөн дүрмийн 3.4-т “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,  Д.Б амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Д.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор: Д.Д-г   согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч   Д.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 2  /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Д-д  оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан   Д.Д-д  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар   Д.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Д  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, прокурорын  2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/28 дугаартай улаан өнгийн улсын дугааргүй Янжин маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Г.Нямсүрэн давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч Д.Д-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн болон Д-гийн өөрийн мэдүүлэг, Сүхбаатар аймгийн шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн  “Д.Д-гээс авсан гэх цусанд этилийн  спирт илрээгүй” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд эргэлзээтэй, харин ч эсрэгээрээ Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх боломжтой байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж зааснаар гэрч Б.М, Э.Т нарын мэдүүлгээс бусад гэрчийн мэдүүлгийг яллах талын шийдвэрийн үндэслэл болгохгүй байхаар зохицуулсан байгааг анхаарч үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчмын дагуу эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч,  шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгч Д.Д-д ашигтайгаар шийдвэрлэж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан тогтоохын зэрэгцээ түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

          Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Д.Д нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн  “Бх” гэх газарт Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа  ...  хэрэглэсэн”, дүрмийн 3.4-т “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, зам болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,  Д.Б амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж,  хуульд заасан,  үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч Д.Д, гэрч Б.М, П.Л, Э.Т, Э.Г, Д.А  нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн  2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар дүгнэлт /хх 42-43х/, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 3-10х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Энэхүү хэрэгт мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хамааралтай  ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, эсхүл хууль бусаар хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Дгийн гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,  хүний амь насыг хохироосон гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл,  хэмжээний ял оногдуулжээ.

 

Давж заалдах гомдлын талаар:   Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас ухамсарт оюун ухаан сарнисан нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлтээр “цусанд этилийн спирт илрээгүй”  хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Б.М-гийн: “... Б, Д нар бараг тасрах шахсан байсан. Д нь Б-г бодвол арай гайгүй байсан” гэх /хх-21х/, гэрч П.Л-гийн:  “... 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13-14 цагийн орчимд гэрийн эзэн Г, талийгаач Д.Б, Д, А, Т бид нар нийлж 3 шил архийг хувааж уусан. Д нь архи уусан хэдий ч согтолт бага байсан” гэх /хх-25х/, гэрч Э.Т-ын: “... тэр хоёр юм ярих тэнхэлгүй тасарсан байсан. Гийн 0.5 литрийн “Соёрхол” архи 1,  Лгийн авчирсан  0.75 литрийн “Ерөөл” архи 2,  нийт 3 шил архийг уусан” гэх /хх 26-27х/, гэрч Э.Г, Д.А-ын “Д-гийн согтолт гайгүй байсан” гэх /хх28-29х/, Д.Д-гийн гэрч болон шүүгдэгчээр өгсөн: “... Гийнд очиход 0.5 литрийн соёрхол архи талдаа орсон байсан. Тэгээд Л ах сумаас авчирсан 0.75 литрийн  хоёр шил ерөөл архи гаргаж ирсэн. Би 50 граммаар 3 удаа уусан” гэх /хх-32, 175-176х/ мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдож байна.  

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч өөрийгөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ мэдсээр байж, Даюунг маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам болон цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан хурдыг тохируулж яваагүйгээс хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон гэх хууль зүйн дүгнэлт нь үндэслэлтэй болжээ.

                                                                                 

Мөн шүүгдэгч Д.Д-д хорих ял оногдуулахын зэрэгцээ нэмэгдэл ял хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр,  хувийн байдалд тохирчээ. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

Иймд автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэх ойлголтод согтуурсан, мансуурсны улмаас ухамсарт оюун ухаан сарнихаас гадна өөрийгөө согтуурсан болон мансуурсан болохыг мэдсээр байж, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдал хамаарах учраас шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-гийн шийтгэх тогтоол гарснаас хойшхи цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.БААТАРСҮХ

 

                            ШҮҮГЧИД                                С.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                                                    Д.БАЙГАЛМАА